Saturday, January 24, 2009
Малчны хот
Сар шинэдийн өмнөхөн малчны хот нэг иймэрхүү л байдаг даа. Төлийн түрүүч эхнээсээ цангинаж, өвөөгийн гэрийн баруун хаяанд хоёр хашаа зангидаж хурга ишгээ хашина. Хүйтэнд хатгай авхуулчихгүй гээд зарим нэгэнд нь эмээ нэмнээ оёж өгнө. Үдээс хойш нар буухын хэрд мал хотлох үеэр төлөө тавьж хөхүүлнэ. Өвөлдөө малчны хот урин цагийн бодвол ажил шинэгэрх ч үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ер зүгээр суух зав гарна гэж үгүй. Оторгүй өнтэй сайхан жилд бол эрчүүд өглөө босч адуу малаа бэлчээрт нь эргэх буюу унаагаа сэлгэнэ. Хүүхнүүд үнээгээ саах буюу сүү хөөрүүлэн бурхандаа дээжлэнгээ хангай дэлхийдээ өргөнө. Бага балчир хүүхдүүд "баас авах" буюу урьд шөнө хотонд хаялсан үхрийн баасыг дэнж дээр аваачиж асгана. Энэ зуур гэр ид дулаацаж зуухны бүхээгний хүнгэнэх дуу, аргал хөрзөнгийн чад пад хийх дуутай хоршин гэр сайхан халаад тогтуун сайхан. Хотны их гэрээс өвөө гарч хойд хамар дээр цомцойн суугаад хэдэн зүгтээ дуран тавих буюу буцаж ирээд ойр холын хууч хөөрнө. Энэ үеэр эмээ аль хэдийн босчихсон өглөө эрт өрхөө татаад орж ирэхдээ оруулж ирсэн төлийн түүчээ болох шар халзан хургыг зуухны хажууд хашлагад хийнэ. Үүрээр мэндэлсэн хурга тэнцэж ядан зогсох бөгөөд ганц нэг шургачин унана. Түүний цангинасан майлаан малчны хотыг улам хөгжүүн болгоно. Адуугаа эргээд ирсэн ах маань эргэнэг доогуур түлхэж тавьсан том цагаан түмпэнтэй адууны махыг татаж хурц иртэй тонгорогоор том том зүслэн шир шир зажлах бөгөөд эмээгийн чанасан аагтай сүлрэг цайгаар даруулж оочино. Адууны махыг сонгино, дасвтай усанд дүрж хэдэн талаас идэлцэх агаад "цагаан шовой", умс, китаа тэргүүтийг бага балчир хүүхдүүд амтархан иднэ. Өвөө дээхнэ үеийн орос арааживаа холын долгион дээр тааруулаад:
-"Өнөөдөр ч тэнгэр аятайхан байна, баруун хойноос жаахан салхитай байх чинь энэ араажив юу гэх нь үү" хэмээн гарынхаа алгаар зөөлөн евроход арааживын долгион яг тааран "Хүсэлтийн хариу"нэвтрүүлэг явж байна. Ах адуунд явахдаа харсан хуучаа дэлгэхийн зуур,
-"Маргааш сумын төв орж тав гурван юм авдаг юм уу, аав та тэтгэвэрийн хэдээ захих уу?" гэж өвөөгийн зүг харан эвдэрч моонийсон бахим хуруугаараа бүдүүн улаан тамхиа эвлэгхэн ороогоод том улаан хэл гарган шалавлан норгож хуулиж татна. Гэрийн тооноор нар тусаж шугамдсан мэт хурц цацрагийн доогуур ахын тамхины баагисан утаа суунаглана.
Энэ үед эмээ борц нүдэх агаад, цагийн саалтанд үрчлээ тогтсон бурал магнайгаа арчиж, залуу зандан насанд нь гилэн хар байсан байх даа гэмээр санчигныхаа буурал үсийг чихнийхээ хойгуур хавчуулангаа:
-"Хотоос хүүхнүүд өнөөдөр ирэх байх, хэдүүлээ хот хороогоо сайхан цэмцийлгье" гэж хэлээд баясгалантайгаар хийж буй ажлаа үргэлжлүүлнэ. Малчны хотонд борц нүдэх битүү чимээ, шинэхэн төлийн цовоо сэргэлэн дуу, уян дээр үүрсэх хонгор морины амгай даран үүрсэх мөнгөн чимээтэй хоршин Монгол амьдрал үргэлжилнэ.
С.Эрдэнэболд
Блүүмингтон хот
1 comment:
ene bichlegees yostoi mongol ahui nevt unertej bna da.mongold ochson yum shig sanagdlaa.saihan bichleg bna
Post a Comment