Барак Обама тангараг өргөсөн даруйдаа овоолгоотой их ажилд ханцуй шамлан оров. Түүний хурд, ажилд махруун чанараас бид зайлшгүй суралцах ёстой. Аливаа улсад их бага гэлтгүй шийдлээ хүлээсэн ажлууд түм бумаараа бий. Тэрэн дотроос хамгийн ноцтой, нэн түрүүнд шийдвэл зохих асуудлуудыг шуурхай хэлэлцэн харьцангуй боломжийн шийдэлд хүрэх нь улс үндэстний эрх ашигт нийцэх бөгөөд түүнд хэрхэн тоглолт хийж буй байдлаас л удирдагчийн ур дүй, мэдлэг чадвар, хүнийг хөдөлгөх, нийгмийг идэвхижүүлэх авъяас харагдана. Обамагийн хувьд эхэлж байна. Тэрээр улс орныхоо санхүүгийн хүнд байдлыг даван туулах шинэ төлөвлөгөөг танилцуулж байна. Ердөө 6 минут хүрэхгүй үгэнд багтаан Обама өөрийн эдийн засгийг сэргээх ажлынхаа үндсэн хөтөлбөрийг маш тодорхой, ойлгомжтой тайлбарлалаа. Хямралын хүрээг энгийнээр өнгийж үзвэл өрх бүрийн төсвөөс 12 мянган ам.доллар сох тутсантай тэнцэх бөгөөд үүнийг 300 сая хүнтэй улсын нэгж гэр бүлд үржүүлвэл ямар их хэмжээтэй эдийн засгийн "хохирол" бидний өмнө тулгараад байгааг харж болно. "Бидний" гэж хэлсний учир нь америкийн зах зээл нааштайгаар эргэх нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, цаашлаад Монголын өдөр тутмын амьдралд ч бас ихээхэн нөлөө үзүүлэх юм. Ямартаа ч Америкийн удирдлага хурдтайгаар ажиллаж эхэллээ. Цагаан Ордны тэргүүн "Шинэчлэлийн сайт" нэртэй вэб хуудас нээж түүгээр дамжуулан Нэгдсэн Улсын иргэн бүр нь Америкийн төр ард түмнийхээ татвараар цугларсан ширхэг центийг юунд зарцуулж байгааг харах боломжтойг зарлалаа. Нээлттэй, хариуцлагатай, идэвхитэй байдлыг уриа болгож буй Обама: "Бид аль намыг дэмждэгээрээ бус, энэ улсын иргэн гэдгээр асуудалд хандах болно" гэж онцлон хэлнэ лээ. Вашингтоны энэ мэдэгдлийн үеэр Улаанбаатарт эдийн засгийн хүндрэлийн тухай хэлэцүүлэг өрнөв. Улс төрчид, эдийн засагчид, судлаачид гээд боломжийн хүрээнд асуудал хэлэлцэв. Бүгд нэгэн дуугаар "Бид хүндрэлтэй тулгархаа урьдчилан харж чадсан, гэвч хямралыг даван туулах ажлыг хурдтай, ухаалаг зохион байгуулж чадсангүй" хэмээн хоолой хорших аж. Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай "хариуцлагагүй байдлаас үүдсэн хямрал" хэмээх Обамагийн үгийг ишилж Монголд хариуцлагыг улам боловсронгуй болгохыг шат шатанд анхаармаар байна гэж онцлож байна лээ. Энэ чхэдэн жилийн өмнөх Н.Багабанди гуайн томъёолсон "хариуцлагагүйн зуд хаа хаанаа нүүрлэлээ" гэж хэлснийг дэмжсэн аргумент л даа. Үнэндээ асуудал хэдийгээр дэлхийн түвшнийх байгаа боловч нэгэнт дертөнцөд нүүрлэсэн аюулыг бид яалтай гэж гар хумхих буюу, толгой гудайлган суух нь яав ч цагаа олоогүй хойргошил. Бид энэ хямралыг илүү хурдтай, эрсдэл багатай даван туулахын тулд үндэсний эдийн засгийн "Тинк Танк"-ыг ажиллагаанд оруулж, цаг үеэ хурдтай шуурхай мэдэрсэн алхмуудыг хиймээр байна. Бусдын сайхнаас суралцах сайхан. Үүнийг анзаарч бусад орны хурдаас ч суралцмаарсан. Өнөөдөр би Америкт нэг литер бензиныг 700 орчим төгрөгөөр худалдаж авч байна. Монголыг бодвол цалингийн дундаж нь хэдэн арав дахин илүү, зарим талаар бараа бүтээгдэхүүн нь манай зах зээлээс ч хямд олддог энэ хүчирхэг орон биднээс ч бага зардлаар шатахуунаа авч байна. Нэгийг бодож хоёрыг тунгаамаар.
Өө тийм сүүлийн үед Америкад нэг үг "моодонд орж байна". тэр нь "О-загвар" буюу "О стильтэй байх". Учирлавал "Обама шиг байх" гэсэн утгад дүйнэ. Дахин хөрвүүлвэл "хурдтай, эрчтэй, эв нэгдлийг зангидсан, бүхний хайрыг булаасан" гэсэн утгатай. За ингээд Монголд бид чинь Баяр ахын "Б стильтэй", Энхбаяр ахын "Э стильтэй", нарийн ярьвал дэмбэрэл ахын "Ди стильтэй" нэг үгэндээ "ЭБД стильтэй" л байх шив дээ. Англиар бол "EBD". Гэхдээ "эвдэх" биш шүү дээ.
С.Эрдэнэболд
Блүүмингтон
No comments:
Post a Comment