Friday, January 16, 2009

Өнөөдөр Кингийн өдөр

Мартин Лютер Кингийн өдөрт зориулав.
Монголд Мартин Лютер Кингийн өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна.
Өнөөдрөөс таван жил гаруйн өмнө Монголд илтгэх урлаг ид моодонд орж эхэлж байв. Тухайн үед шинэ тутам давалгаа болж байсан олон төрлийн лекцүүд Улаанбаатар Паласыг хэдэнтээ дүүргэж тэр хэрээр ярианы урлагийн чиглэлээр сургалт явуулах зайлшгүй хэрэгцээ, бодит нөхцөл бүрдсэн юм. 2003 онд Харвард төгсөгчийн “Нүүх үү? Үлдэх үү?” нэртэй цуврал лекцээс хойш, илтгэгч бүрийн амнаас шахам Мартин Лютер Кинг гэгч Африк гаралтай Америк эрийн түүх цуурай мэт тархаж эхлэв. Ингээд ярианы урлагийн чиглэлээрх сургалтуудын тодорхой цаг энэ хүний намтар, түүний амьдрал тэмцэл, илтгэх чадвар болон үгээр түүхийг бүтээж чадсан мөрөөдлийнх нь тухай хэлэлцдэг болов. Тэр цуут эр болох Мартин Лютер Кинг гэгч хэн байв?
Одоо байвал 80 насыг зооглохоор байсан тэр эр 1963 оны Наймдугаар сард олон зуун мянган хүний өмнө алдарт “Би мөрөөдөж байна” илтгэлээ хүргэж зуу зуун жилийн туршид арьс өнгөний үзэлд ялзарсан бусармаг нийгмийг сууриар нь ганхааж хүч үл хэрэглэх энх тайвны замаар амжилтанд хүрч болохын түүхэн жишгийг баталж чадсан юм. Түүний илтгэлээс яг 102 жилийн тэртээд домогт Линкольн иргэний дайны шийдвэрлэх тулалдааны дараа “Геттисбергийн үг” хэмээх илтгэлээрээ “ард түмний төрүүлсэн, ард түмний төлөөх, ард түмний засгийн газар, дэлхийн ертөнцөөс арилан одошгүй юм” хэмээх Ардчиллын амин сүнс болсон нэгэн чухал үгийг хэлж боолчлолыг халахын төлөө тэмцэж байсан байдаг. Харин түүний үгийг Мартин Лютер Кинг бодит амьдрал болгохын тулд бүхий л итгэл үнэмшил, урам зоригоо бас амь насаа зориулсан билээ.
2005 оноос эхлэн Монголд Кингийн өдрийн тэмдэглэдэг болов. Анх удаа тэмдэглэж байхад зарим хүмүүс хайхрамжгүй байдлаар хаа хамаагүй гадаадын хар нөхрийн өдрийг цаг үрэн тэмдэглэж байхаар өөр хэрэгтэй юм хийгээч гэж шүүмжилж байлаа. Үнэндээ Кинг гэдэг хүн, зүгээр ч нэг “хар нөхөр” биш байлаа. Өнөөгийн ардчиллын өлгий гүрэн гэгдэх Америк даяар тэр хүний төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг. Түүний төрсөн өдрөөр залуу үе, хүүхэд багачуудад ардчиллын үнэ цэнийн тухай өгүүлж, ахмад үе, оюутан сурагчид, дунд үеийнхэн гээд бүхий л насныхан эрвийх дэрвийхээрээ Кингийн үйл хэргийг эргэн дурсаж, Кинг тэдний амьдралд өнөөдөр ямар агуу үүрэг гүйцэтгэснийг бахархан өгүүлцгээдэг. Төрөл угсаа, нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсрол, арьс өнгө гээд аливаа хүнийг ахуй соёл, өнгө үзэмжээр нь хэн ч хэзээ ч доромжилж гадуурхаж болохгүй. Энэ энгийн зарчим бол ардчиллын амин сүнс болон тэгш эрх, шударга ёсны тулганд оч болон цоролзож байдаг билээ. Кинг нэгэнт ардчиллын баатар учраас бидэнд ч бас хамаатай хүн юм. Бид ардчиллыг хайрлан дэмжигч бол Кинг бидний хувьд үзэл санааны анд нөхөр маань болж таараа. Иймээс үзэл санааны эрхэм нөхөр болсон Кингийн өдрийг Монголд тэмдэглээд одоо тав дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ. Энд эх орондоо анх удаа иргэний эрхийн төлөө түүхэн зүтгэлтний өдрийг хэрхэн тэмдэглэсэн тухай жижигхэн түүх өгүүлэх нь зөв болов уу. 2005 оны 1 дүгээр сарын 16-нд Нээлттэй Мэтгэлцээний Холбооны Г.Отгонрагчаа тэргүүтэй залуус болон, одоогийн Хүний Нөөцийн Академийн захирал Б.Энхболд, тухайн үеийн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Залуучуудын Хорооны Тэргүүн Д.Ууганбаяр тэргүүтэй нийтдээ хорь гаран залуус хамтарч Кингийн нэрэмжит лекцүүдийг их дээд сургууль болон 29 дүгээр тусгай сургуулиар очиж уншин, ардчилсан үзэл санааг таниулсан усрталчилж тус өдрийн хүрээнд “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр аж төрж байсан хүмүүст хүмүүнлэгийн тусламж түгээж сайн санааны аян өрнүүлсэн юм. Хамгийн гол нь Кингийн тухай ном хэвлүүлж олон нийтэд үнэгүй тараасан нь Кинг төдийгүй ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах сайхан алхам болж билээ. Өнөөдөр Кингийн өдрийг Монголдоо тэмдэглээд тав дахь жилтэйгээ золгох хугацаанд дээрх байгууллага, хувь хүмүүсийн санаачлага улам дэвжин өргөжиж сайн үйлсийн олон олон аяныг өрнүүлжээ. Энэ жилийн Кингийн өдрийг ч бас үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж байгаагийн нэгэн жишээ бол өнөөдөр 10 цагт “Интер ном” номын дэлгүүрт Кингийн үзэл санааны тухай номын шинэхэн хэвлэлийг олон нийтэд үнэгүй түгээх аж.

С.Эрдэнэболд

No comments: