Saturday, January 3, 2009

Гитлерийн (Хитлэр) Илтгэх чадвар

“Австри улсад төрсөн, Германд бол гадаадын иргэн болох Гитлер улс төрийн үйл ажиллагааны ямар ч туршлагагүй, хөрөнгө мөнгөгүй, дээдсийн хүрээлэнд ямар ч хэлхээ холбоогүй байсан мөртөө 14-хөн жилийн дотор дэлхийн томоохон гүрний удирдагч болж чадсан нь хачирхалтай. Хосгүй уран илтгэгч байсны хувьд олон түмнийг шийдвэрлэх үйл ажиллагаанд чиглүүлэн зоригжуулж чадаж байжээ”
Майкл Х.Харт
Rhetoric ба Байлдан дагуулахуйн урлаг 2006” номоос.
Боржигон Сүхбаатарын Эрдэнэболд
Хорхон Бөхчулууны Энхболд

᠎᠎________________________________________________________________________

Гитлерийг хүн төрөлхтөн Хорьдугаар зууны цуст яргачин, алуурчин мангас, тонуулчин хүчирхийлэгч хэмээн сая сая хүмүүсийн цаг бусын үхэлд буруутгадаг. Энд би тэр тухай өгүүлэхгүй. Харин тухайн үедээ дэлхий дахины хамгийн боловсролтойд тооцогдож асан Германы сая сая иргэдийг өөртөө итгүүлэн ил далд хурц бодлогынхоо үр дүнд төрийн өндөрлөгт хүрч, улмаар дэлхий дахиныг байлдан дагуулахыг санаархах явцдаа “үүрэндээ буснигдсан” энэ түүхэн хүний ярианы урлагийн тухай өнгөцхөн өгүүлье.

Яг үнэндээ ярианы урлаг бол хамгийн гайхамшигтай, хамгийн гай гамшигтай хоёрыг нэгэн зэрэг агуулдаг. Сайн сайхны зорилгоор /харьцангуй утгаар/ бусдыг итгүүлэн үнэмшүүлж байлдан дагуулах нь нэг хэрэг. Бас ухваргүй балмад үйлдлийн зэмсэг болгон үгийн увьдисаар турхирах нь ямар ч цөмийн зэвсгээс хэд дахин хүчтэй аюул юм.

Гитлер сайн хүн, эсвэл муу хүн байсан эсэхийг хүмүүс янз бүрээр мэтгэх нь тэдний л асуудал. Гэхдээ Гитлер ярианы урлагт зэгсэн чадвартан байсныг нь бүгд хүлээн зөвшөөрдөг. Зарим нэг эх сурвалжид түүнийг сэтгэлийн хөөрөлдөө автсан хоосон чалчигч, романтик хийрхэгч хэмээн дүрсэлсэн байдаг.
Гэхдээ л тэр дэлхий дахины түүхэн дэх хамгийн хүчирхэг байлдан дагуулагчийн “дөрвөлд” залран Чингис хаан, Наполеон Бонапард, Македоны Александртай амжилтын хаяа хатгадаг.
Манай нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Гэрэл харанхуй нийлж бүтэн болдог, гэнэн хэрсүү нэгдэж дүүрэн болдог” хэмээн хэлсэнчлэн хүн төрөлхтний түүх сайн муу, саар дэвшилтэйгээ хамт тэртээ он цагийн бараа сүүтэлзэх алсаас өдгөөг хүртэл улиран иржээ.
Гитлер хэдийгээр булаан эзлэгч байсан ч Риторикийн чадвартан байсныг онцлууштай. Уран илтгэгч хүмүүс “тэр бүр сайн хүн байдаггүй”, сайн үйлстэн ч байдаггүй. Бас сайн хүн болгон ч уран илтгэгч байдаггүй. Гэхдээ уран илтгэгч хүн удирдагч, байлдан дагуулагч байх нь элбэг ээ.
***
1889 оны 4-р сарын 20-нд Австрид төмөр замын жижиг албан хаагчийн гэр бүлд 40 насны зөрүүтэй эцэг эхээс төрсөн Гитлер 1923 оны 11-р сарын 08-нд Бавари мужийн орон нутгийн удирдлагыг баривчилж өөрийгөө дарангуйлал тогтоогчоор зарласан бөгөөд төдөлгүй цагдаа нарт баригдан Лэндсбэргийн гянданд 5 жил хоригдох боллоо. Хэдийгээр 13-хан сар хоригдсон ч тэрээр өдөрт 6 цагийн турш хүмүүс хүлээн авч уулзан бусад цагаараа алдарт “Майн Камп” /Миний тэмцэл/ номоо бичгийн машин дээр хоёр хуруугаараа цохин суухдаа шоронгийнхоо хамгийн хүндтэй эрхэм байсан гэдэг.
Уншигч та Гитлерийн тухай бишгүй л олныг мэдэх учир олныг үл нуршин “Майн Камп” номондоо Гитлер илтгэх урлагийн талаар хэрхэн сургамжилсныг авч үзье. Гитлер илтгэх урлаг, ярианы чадварыг үзэл суртлын ухуулагч багаж хэрэгсэл гэсэн явцуу утгаар тун чадварлаг хэрэглэж байлаа. Тэрээр ярианы үнэ цэнэ, уншигчдынхаа анхаарлын түвшинг хүртэл маш нарийн мэдэрч, үг, өгүүлбэрийн хэмнэл, бусдад анхаарагдах хэмнэл зэргийг тун мэдрэмжтэй тооцоолон, олон дахин бэлтгэж төлөвлөсний эцэст нийтийн өмнө гарч үгээ хэлдэг байжээ.
Ялангуяа биеийн хэлэмж, хөдөлгөөний зохироог дайчин өнгө аясаар дээд зэрэгт хүртэл нь ашиглаж, сэтгэл хөдлөлийн хүчийг бүхний өмнө уудлан, түүгээрээ сая сая Германчуудыг байлдан дагуулж чадсан юм. Гитлерийн засаглалын үед үг хэлэх, илтгэл тавих бүрийдээ илтгэгч бусдаас урьдчилсан төлбөр авдаг байв.


Дээд сургуулийн дипломтой илтгэгч гэхэд л 50-300 марок, Гитлерийн хамтрагч Гиббельс 500 марок, Гитлер 1000 марок, тухайн илтгэлийнхээ үнэ цэнээс болж түүнээс ч илүү төлбөр авдаг байв. Тэр үед тойргийн үндэсний–социалист намын зохион байгуулагчийн сарын цалин гэхэд л 1000 марок байлаа. Гитлер “Майн Камп” номондоо: “...тэр үед үе чацуутнуудтайгаа хийж байсан гүн агуулга бүхий маргаануудын ачаар миний үг хэлэх авъяас их бага, ямар нэг хэмжээгээр хөгжсөн гэж би боддог. Тэр ч байтугай би жижиг удирдагч болов” хэмээн бага насныхаа тухай бичсэн байдаг. 1920 он бол Гитлер болоод түүний хамтран зүтгэгчдийн хувьд чухал он цаг болов. Бас энэ мөчөөс эхлэн тэрээр илтгэх урлагт идэвхитэй суралцах болов. 1920 оны 2 дугаар сарын 24-нд Мюнхений Ордоны пивоны их танхимд тэрээр “Дайны буруутны тухай” /дэлхийн нэгдүгээр дайн/ олон нийтэд зориулсан бараг анхны гэж болохуйц илтгэлээ сэтгэл түгшин тавьсан байдаг.


Эхэндээ “Хүмүүс цуглах болов уу?” гэж тун их сандарч байсан ч яваандаа хурлуудад нь 5000 орчим хүн алим унагах газаргүй болтол нь бужигнан цуглардаг болжээ. Тэрээр номондоо: “Олон түмэн үнэхээр бужигнаж, шивэр авир ярилцаж эхлэхүйд илтгэгч маань гараараа дохиод түр амсхийнэ. Үнэхээр ард түмэн толгойгоороо хана мөргөхөд ч бэлэн байсан” гэж бичсэн байдаг.


АДОЛЬФ ГИТЛЕР ЯРЬЖ БАЙНА:


“Томоохон онолч ховор тохиолдолд томоохон удирдагч байж болох юм. Тэгвэл илтгэгч бас өөрийн үедээ удирдагч байж болох юм. Би үүнийг ямар ч атугай батлахыг оролдоно. Энэ бас ойлгомжтой л доо. Авъяаслаг илтгэгч үнэндээ олон түмнийг эзэмдэж, тодорхой үзлийн зүгт эргүүлж чадах бөгөөд ямагт сэтгэл зүйч байж чадна. Магадгүй уг илтгэгч маань худал чалчигч байлаа ч сэтгэл зүйч мөн. Тийм хүн ямар ч атугай удирдагчийн үүргийг биелүүлэхэд тун чадварлаг хийгээд бага мэдлэгтэй хүмүүсийн дундаас онолч төрсөн нь энэ дэлхийд үгүй билээ. Эсвэл удирдана гэдэг нь олон түмнийг хөдөлгөнө гэсэн үг. Үзэл бодлоо илчлэх нь удирдаж чадна гэсэн ойлголт биш юм. Үүнээс өөр юу ч үгүй бол ямар ч утгагүй. Бид үүнийг амьдралд ямагт ажигладаг”


***

“Онолч, зохион байгуулагч, удирдагчийн шинж чанар нэгэн зэрэг хүнд бүрдсэн байх нь хамгийн ховор боловч, үнэхээр байж таарвал тэр хүн аугаа хүн мөн”


***

“Би багахан цагт үг хэлэх урлагт суралцаж, яг голыг нь олж хэлэхийн тулд эсэргүүцэгчдийн эргэлзээг урьдчилан мэдэрч, үг хэлэх явцдаа тэднийг үгээрээ хэрхэн ташуурдахаа мэддэг байв”


“Хоёр жил болоход илтгэх урлагийг гайхалтай эзэмшиж чадсан. Хэлэх үгээ төлөвлөж бэлдэхдээ эртнээс:
*Ямар эргэлзээ тээнэгэлзээ гарч болох вэ?
*Ямар асуудлыг бут цохих вэ?
*Эргүүлж хэрхэн тайлбарлах вэ? гэдгээ сайтар бэлэн болгодог байв. Тохиолдож байгаа эсэргүүцлийг хэлэх үгэндээ ил гаргаж түүгээрээ үнэхээр худлаа байж гэдгийг нотлохыг оролддог байв. Хэрэв таны өмнө шударга сонсогч байгаа бол ийм хайш яайш арга хэрэглэх хэрэггүй, чансаатай үгээрээ өөрийнхөө талд амархан оруулж болно. Үг хэлж байх явцдаа сонсогчид эргэлзэн гуйвж байгааг мэдэрч, тэднийг улам илүү ухааруулж чадвал илүү, бүр илүү анхааралтайгаар таныг сонсож таараа. Ирээдүйн офицерүүд болох цэргүүдийн улс төрийн сонсголын үеэр “Вермалийн хэлцлийн тухай” сэдвээр үг хэлж үзсэн. Одоо би сэдвээ баяжуулж *Брест ба Версаль* гэсэн илтгэл тавьдаг боллоо. Би туршлагаараа анхныхаа илтгэлээс эхлээд “Брест-Литовын гэрээ” гэгчийг ердийн сонсогчид огт мэдэхгүй байгааг мэдэрч, дайсны зохиомол суртал нэвтрүүлгийн нөлөөгөөр олон түмэнд буруу ойлголт төрүүлж байгааг мэдэж авсан”


***

“Тэр үед би 2000 хүний өмнө үг хэлэх хэрэгтэй болдог байлаа. Эхэндээ танхимаас намайг 4000 нүд цоо ширтэж байх шиг, гурван цагийн дараа буюу хурал дуусах үед аль хэдийнэ нэгдмэл санаатай олон нийт бий болсныг би ажигладаг. Манай зуу зуун, мянган мянган сонсогчдын зүрх сэтгэл, тархийг хорт үр, худал хуудуугаас салгах юмсан гэдгийг би ойлгодог болсон”


***

“Дэлхийн дайны бодит шалтаг”, “Берст ба Версаль” гэсэн хоёр сэдвийг би хамгийн чухалд үзэж байв. Тэгээд би янз бүрийн хувилбараар янз бүрийн сонсогчдын өмнө арав, хэдэн арав дахин илтгэснийхээ эцэст манай хөдөлгөөний талынхны анхны үндсэн бүрэлдэхүүнд бүрэн ойлгомжтой болсон гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм”


***

“Эсэргүүцэгч хүчний талд байгаа, уламжлал, хүмүүжилдээ итгэлтэй тийм хүмүүсийг байлдан дагуулах хэрэгтэй байгаа юм”

***

“Аугаа их эргэлтэнд зөвхөн үг яриа хэрэгтэй, сонины үг хэрэггүй гэдгийг баталлаа. Миний энэ нотолгоог үндэслээд хөрөнгөтний хэвлэлүүд маргаан өрнүүлсэн юм”“Олны өмнө үг хэлж, илтгэж байгаа хүн сонсогчид түүнийг хэрхэн хүлээн авч байгаа, тэр чухам юу хэлээд байгаагаа мэдэрдэг юм. Сонсогчид үг хэлж байгаа хүнд аяндаа дэм өгдөг. Илтгэгч, сонсогч хоёрын хооронд мэдээжийн холбоо тогтоно”


***

“Уран илтгэгч нэг ёсондоо маргаангүй зохиолч юм. Гайхамшигтай зохиолч хэзээ ч илтгэгч байж чадахгүй. Энэ урлагт суралцахын тулд байнга дасгал хийвэл өөр хэрэг. Тэгэхдээ олон нийт бүрэг, ичимхий байдгийг байнга бодолцох хэрэгтэй”


***

“Ухуулагч илтгэгч болгон нэг сэдвээр давтан ярих тохиолдол бий. Хэрэв тэр үнэхээр төрөлхийн уран чадварлаг илтгэгч бол уг сэдвийг баяжуулан, олон хэлбэр хувилбарыг ашиглаж ярьж чадна. Тийм илтгэгч ямагт сонсогчдоо мэдэрч, сонсогчдын зүрх сэтгэлд хүрч чадах үгийг сонгон олж чадна. Тэрээр өчүүхэн төдий алдахыгаа мэдрэн, тэр дор нь засаж, залруулж чаддаг. Жинхэнэ илтгэгч сонсогчдынхоо нүүрэн дээрх илрэлийг уншиж, үзэж чаддаг юм.

Нэгдүгээрт:

Түүний юу ярьж байгааг тод ойлгож байна уу? үгүй юу? гэж

Хоёрдугаарт:

Түүний ярихыг сонсогчид анхаарах сөхөө бий эсэх?

Гуравдугаарт:

Түүний яриад байгаад итгэж байна уу? гэдгийг ажиглана. Хэрэв илтгэгчийг сонсогчид ойлгох янзгүй байвал дууныхаа өнгийг өөрчилж, мэдээжийн энгийнээр ярьж эхэлвэл түүнийг хамгийн хоцрогдсон сонсогч ч гэсэн ойлгож эхэлнэ. Хэрэв сонсогчид түүнийг төвөгтэй хүлээн авч байгааг ажиглавал ярианыхаа хэмнэлийг өөрчилж, аажуу тайван, тодорхой дараалал сайтай ярьж илтгэлийн амин сүнсийг сонсогчид ойлгож эхэлтэл үргэлжлүүлнэ. Хэрвээ сонсогчид түүний дэвшүүлсэн санааг ойлгомооргүй, итгэхгүй янзтай байвал шинэ шинэ дүгнэлт, жишээ татаж, гайхшрал, тээнэгэлзлээс гаргах хэрэгтэй. Заримдаа илтгэгч сонсогчидтойгоо харилцан маргах тохиолдол байдаг нь ухааных биш, мэдрэмжийн үр дагавар юм”

***

“Сонсогчдын ухамсаргүй, дайсагнасан санаа сэтгэлийг давж гарахад төвөгтэй. Тийм эвгүй байдалд тодорхой мэдэрхүйгээсээ болж санал сэтгэгдлээ мэдрэмжээрээ илэрхийлдэг хэрэг. Ийм байдлаас огт шалтгаалахгүйгээр овжин илтгэгчийн шууд нөлөөгөөр хурал амжилтанд хүрч, яг цаг шиг тов тодорхой болж болох юм. Мөнөөх илтгэгч илтгэлээ хийдгээрээ хийж, нөгөөх сэдвээ хөндөж, сонсогчдод шал өөр сэтгэлгээ төрүүлж, хурал өглөөний арван цагт уу? өдрийн гурван цагт уу? Эсвэл орой юу? ер падгүй болдгоороо л болно. Би олигтой дадлага олж авч чадаагүй байхдаа нэг хурлыг өглөөгүүр хийхээр зарлаж билээ. Би үүнийг маш сайн санаж байна. Бидний өглөөгүүр зарласан хурал Мюнхений “Кинда” рестораны танхимд болсон бөгөөд яг тэр үеэр Германы нутаг дэвсгэрийг гадаадын цэргүүд эзэлж замбараагүй байдлын эсрэг эсэргүүцэл илэрхийлж байсан үе болохоор хурал маань бүтэлгүй болсон юм. Тэр үед хурлын танхим маань Мюнхендээ хамгийн том байсан бөгөөд бид азаа туршсан хэрэг л дээ. Хэрэв бид хурлаа бүтэн сайны өглөөний арван цагт зарлавал ажилчид амархан цугларна гэж бодоцгоосон юм. Тун бүтэлгүй болж бид том сургамж авлаа. Ард түмэн яахав дээ ирцгээсэн, танхим дүүрсэн л дээ. Гэхдээ л тэдний гадаад төрх нэг л бишээ. Тэгээд яахав хурлын талаар сэтгэл нэг л дундуур, тэр аяараа хөндий хүйтэн. Ямар ч бүлээн дулаан шийдвэртэй юм алга.
Би гэдэг илтгэгч, азгүй амьтан гэж өөрийгөө зүхээд яаж ийгээд сонсогчдыг өөртөө татахаар оролдоод ч бүтсэнгүй. Би дээр хэлсэн. Өглөөгүүр яагаад ч лекц уншаад хэрэггүй юм билээ. Ямар ч олигтой сэтгэгдэл төрсөнгүй. Аргагүй эрхэнд сэтгэл дундуурхан хурлын танхимыг орхиж гарахдаа би нэгэн үнэт сургамж авч үлдэж билээ. Энэ туршилтыг би хэдэнтээ давтсан боловч олигтой дээрдээгүй. Эцсийн эцэст тэгтлээ их гайхаагүй л дээ. Өдрийн 15 цагт театрт юм үзэхээр очоод үз дээ. Мөн тэр жүжгээ яг тэр театртаа оройн 20 цагт үзээрэй. Яах аргагүй өөр өөр сэтгэгдэл төрөх бий вий. Ажигч хүн, өөртөө тооцоо хийж сурсан хүн бол шууд л мэдэрнэ”


***

“Гэхдээ цэцэн цэлмэг, уран сайхан, үнэн үгтэй илтгэгч өдрийн цагаар үг хэлбэл сонсогчдын сэргэг дур зоригийг улам хөгжөөж чадна. Өдрийн тэр л цагуудад хүн өөрийнхөө эрч хүч, дур зоргоороо өөрийгөө эзэмддэг юм шиг. Энэ зорилгоор сүм хийдүүд зохиомол арга хэрэглэж, лаа асааж өрөөд, арц хүж үнэртүүлэн, цан хэнгэрэг дуугаргадаг байж таарна”


***

“Бид бүгдээрээ мэдэх Францын хувьсгал гүн ухааны онолын үр дүн байгаагүй шүү дээ. Энэ хувьсгал байгаагүй бол дээд зэргийн хоосон номлол хүмүүсийн бүхэл бүтэн арми бий болгож чадахгүй л байсан биз дээ. Тэртэй тэргүй хаант засаглалд талхигдсан, ямагт хохирч зүдэрсэн ард түмэн гэв гэнэт, юу болов гэхээр гайхалтай дэлбэрэхгүй байсан. Бүх Европыг донсолгосон юм. Тэр тусмаа шинэхэн эрин үеийн хамгийн том хувьсгалт эргэлт болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Лениний бүтээлүүд Орост большевикуудын хувьсгал хийгээгүй. Үүнд хамгийн гол нь ард түмний хүслийг бадрааж, итгэмээргүй өргөн хэмжээнд үзэн ядах үзлийг дэврээхэд их, бага номлогч нарын илтгэгчийн үйл ажиллагаа гол үүрэг гүйцэтгэжээ. Карлл Марксын бүтээлүүдийг уншаагүй ч гэсэн коммунист хувьсгал бичиг үсэггүй хүмүүсээс бүрдсэн ард түмэн нягтран оролцсон. Тэр тэнгэрийн заяаг зураглан гаргасан нь зөвхөн нэгэн үзлийг удирдлага болгосон мянга мянган илтгэгчид л юм. Тийм байсан. Тийм ч байх болно. Манай германы амьдралаас тасархай, золгүй сэхээтнүүдийн саналаар бол зохиолчид илтгэгчдээс ухаанаар хол давуу гэж өрөөсгөл үздэг юм”


***

“Үнэнийг хэлбэл Ллойд-Жорж Английн их сүржин яригч бөгөөд өөрийнхөө ард түмний олонхид нөлөөлж чадсан юм. Тэр яах аргагүй зөв байсан. Английн цэргийн сайд түүний хэлсэн үг гайхамшигтай, үлгэр жишээч болж энэ илтгэгчийн нөлөө ард түмний оюун санаанд хүрч чадсан юм. Үүнийг тэрээр нотолж чадсан. Өөрийнхөө үгээр ард түмнийхээ сэтгэл зүрхийг нээж, ард түмэн бүхэлдээ хүсэл зорилгодоо захирагдаж чадсан. Энэ Англи хүн ард түмэнтэйгээ энгүүн, яруу тод, ойлгомжтой, ярьж чадсан бөгөөд тохирох жишээ баримт хэрэглэж, олон нийтийн сэрэл мэдрэмжинд шууд нөлөөлж чадсанаараа Бетман-Гольвегаас хол давуу юм гэж төрийн жинхэнэ зүтгэлтний үгийг үнэлэх ёстой. Тухайн илтгэгчийн гайхалтай үйл хэргийн хэр хэмжээний тухай ганцхан ийм тодорхойлолтоос өөр юу хэрэгтэй вэ?”
Хорьдугаар зууны түүхийг өрөлцсөн “муу нэртэй, луу данстай” энэ эрхмийн эрх мэдлийн оргилд мацах таяг нь ярианы чадвар байж, тэрхүү оргилоосоо халин унах агшинд нь ч улам төгөлдөржсөөр байсан гэдэг. Дээрх Риторикийн зөвлөгөө, ишлэлүүд нь Берлинд холбоотны арми цөмрөн орж Фашистийн Герман бут цохигдохоос 20 гаран жилийн өмнө бичигдсэн Гитлерийн “Майн Камп” номонд нь нийтлэгдсэн болно. Мэдээж 20 жилийн хугацаанд Гитлерийн илтгэх чадвар хэд дахин хөгжиж туршлагажсан нь гарцаагүй болов уу. Зөвхөн уншигч танд зориулан Адольф Гитлерийн “Тэвчээр минь барагдлаа” илтгэлийг орчуулан хүргэж байна.
Илтгэлийн тайлбар:
Германы дарангуйлагч Адольф Гитлер шургуу ажиллаж, хэлсэн үгийнх нь үеэр үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрдэг байлаа. 1938 оны есдүгээр сарын 29-ний үеэр энэхүү илтгэлийг тавьсан бөгөөд тэр үед Герман түрэмгийлэн авч, Судетенлэнд гэж алдаршсан олон Герман үндэстэн амьдарч байсан Чехословекийн нутгийг шаардаж байв. Гитлер энэ илтгэлдээ Судетенлэндийн хатуу талаас шаардсан ч Европт “газар нутгийн бэрхшээл” түүнд байсангүй. Есдүгээр сарын 29-нд Англи, Франц, Итали нь Судетенлэндийг Германд бууж өгөх зөвшөөрлөөр Munich Pact-д Германд гарын үсэг зурав. ...Одоо бидэнд байгаа сүүлийн асуудал шийдэгдсэн байх ёстой, шийдэгдэх ч болно. Энэ бол Европт хийх шаардлагатай сүүлийн газар нутгийн нэхэмжлэл боловч миний буцашгүй шаардлага, Бурхны тааллаараа би сайныг хийх болно. Асуудлын түүхээс сөхвөл: 1918 оны “Тусгаар тогтнох хүний эрх” уриан дор Төв Европ хэдэн хэсэгт хуваагдаж, “төрийн зүтгэлтнүүд” гэгдэх зарим галзуучуудаар шинэчлэгдэж байгуулагдсан. Хүн ардын үүсэл гарлыг хамааралгүй, тэдний үндэстний хүсэл эрмэлзлэл, төв Европ дахь эдийн засгийн нөхцөлийг авч хэлэлцэлгүйгээр “Улс” гэгдэн дураараа хуваагдав. Энэ үйл явцаар Чехословек оршин байгаадаа өртэй болсон юм. Чех улс бяцхан хуурмагаар эхэлж, тэрхүү залилалтын эцэг нь Бенель гэж нэрлэгдэж байв. (Чехийн Ерөнхийлөгч) энэ ноён Бенель тэр үедээ Версальд гарч ирэн, хамгийн эхэндээ бүгдэд Чехословек үндэстэн гэсэн итгэл төрүүллээ. Тэр өөрийн худал хуурмагаараа дэмжлэг авахын тулд дарангуйлж, нутгийн хүн гэдгээрээ өргөн хүрээтэй, бас ч зөвтгөх шалтгаан олонтой байсан юм. Англо-Саксоны улстөрч, газар зүй, үндэстнийхээ асуултад мэдлэг, туршлага хангалтгүй байсан гэдгийг тэр үед нотлох шаардлагатай байсан ч хийгдээгүй билээ. Тэдний хийснээр ч, баримтаар ч тэд зөвхөн Чехословек үндэстнийг байгуулж чадах байсан боловч чех ба словекуудын хувьд Словакууд Чехүүдтэй ямар нэгэн зүйл хамт хийхийг хүсээгүй, гэвч… (өгүүлбэрийн төгсгөл алга ташилтын нижигнээнээр сарнив)
Ингээд эцэст нь Чехүүд ноён Бенелийн үед Словакуудыг түрэмгийлэн авав. Үүнээс хойш тэр улс оршин тогтноход тохиромжтой мэт санагдаагүй боловч, тэдний тусгаар тогтнох эрх чөлөө, тусгаар тогтнох хүслийн нөлөөгөөр гурван сая гаруй Германчууд дарангуйлалд орсон юм. Бас л хангалттай байсангүй, сая гаран Магиар¬чууд, дараа нь зарим Карпатин, Оросууд сүүлд нь хэдэн зуун мянган Польшууд нэмэгдэв. Энэ үйл ажиллагаа явагдсаны дараа Чехословек гэж нэрлэгдэх тусгаар тогтнох хүмүүсийн дарангуйлал, цэвэр хүсэл, үндэстний дур зоргоороо байдлын дүнд түрэмгийлэл дуусав. Одоо түүхийн гутам¬шиг¬тай үе эхэлнэ. Улсынх нь Засгийн газар бус¬дыг улс төрийн ажил-лагаандаа оролцуулахын тулд цөөнхүүдээ дарамталж, тэд нарыг ах дүү нараа алахыг тушаадаг байв. Ноён Бенель Германыг шаардахдаа: “Хэрэв би Германтай дайн хийвэл, та бүгд Германы эсрэг дайтах ёстой. Хэрэв үүнийг хийхээс татгалзвал, эх орноосоо урвасан та нарын эсрэг би дайтах болно”. Мөн тэр үед Унгар, Польшид адил шаардлага тавьж байлаа. Тэр Словак хүмүүс хэн ч ялгаагүй үүнийг хийхийг шаардав. Словакуудыг эв нэгдэлтэй байхыг хүснэ. Ноён Бенель үнэн хэрэгтээ ийм маягаар эх орон, ард түмнээсээ урвагчдыг эргүүлэхийг зорьсон юм. Ард түмнээсээ, эх орноосоо урваж, нутаг нэгтнүүдээ хөнөөхөд бэлэн байгаа хүмүүст гэж Бенель хэлдэг: “Эх орноосоо урвах юм бол, би өөрөө тэднийг хөнөөнө”.
Гэмт хэрэг, хор хөнөөл, сүйрэл гэх мэтхэнээс болж өөрсдийн эх орон нэгтнүүдээ хөнөөхөөс илүү гутамшигтай зүйл байна уу? Би энд нотолж чадна: Би Австрийг эзэлсэн байхад, “Чех үйлчлэх хэрэггүй, Германы армид үйлчлэхгүй байсан нь дээр” гэсэн миний эхний шаардлага байсан. Би тэднийг өөрсдийнх нь ухамсраар мөргөлдөөн рүү түлхээгүй…
Ноён Бенель найдлага тавьж байгаа нь түүний дипломатчид нууцгүй баримт хийдэг. Тэд: “Бидний итгэл бол Чемберманыг (Британийн ерөнхий сайд) түлхэн унагаж Даладиер (Францын ерөнхий сайд) зайлуулагдаж, бүх үйл явцын хувьсал бий болоход оршиж байна. Тэд ЗХУ-д найдлага тавьж, үүргийнх нь биелэлтээс дараа нь булзаарч болно гэж бодсоор байгаа”. Би нэг зүйлийг хэлж чадна: Одоо хоёр эр жагссан цэрэгтэй өөд өөдөөсөө харан зогсож байна, Тэдгээр нь ноён Бенель болон миний бие Гитлер нар юм. Бид өөр бүрэлдэхүүнтэй өөр хүмүүс. Ноён Бенель дэлхийг хулгайлахаар завдсан ч хоёр ард түмний их тэмцлээр би сайн Герман цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Харин өнөөдөр би тэр хоёрын эсрэг ард түмнийхээ цэргүүдтэй зогсож байна. Би түүнд Германы ард түмэн энх тайвнаас өөр юу ч хүсдэггүй гэж хэлсэн. Би түүнд илүү их итгүүлснээ энд бас давтахад энэ асуудал шийдэгдэж, Герман Европт газар нутгийн асуудалгүй Чехословак бэрхшээлийг шийдсэн үед Чех цөөнхийн, тайван бөгөөд дарлалгүй болсны дараа би Чех улсад төдийлөн хяналт тавихгүй. Харин энэ үүрэг түүнд даалгагдсан юм. Бид Чехүүдийг хүлээгүй. Гэвч би Судетений Германчуудын асуудалд болгоомжтойгоор хандаж, Германы ард түмний өмнө нэг талаар авч хэлэлцсэн боловч, одоо тэвчээр минь барагдлаа! Би ноён Бенельд ямар нэгэн зүйл санал тавиагүй боловч, түүний өөрөө амласан шилжилтийн үр дүнг санаж байна. Шийдвэр одоо түүний гарт. Найрамдал эсвэл дайн! Тэр эдгээр саналын аль нэгийг зөвшөөрөх боломжтой, Германчуудад эрх чөлөөгөө өгөх, эсвэл бид өөрсдөө явж тэдний эрх чөлөөг өөрсдийн болгох. Дэлхий дахин үүнийг тэмдэглэлдээ авах ёстой, дөрвөн жил хагасын дайнд миний улс төрийн амьдрал дахь хурц яриаг минь хэн ч мохоож чадахгүй. Би хэзээ ч хулчгар байхгүй. Би одоо ард түмнийхээ өмнө шинэ цэрэг мэт яваа. Дэлхий дахин мэдэгтүн. Энд жагссан хүмүүс бол 1918 оныхоос өөр… Хэрэв энэ үед тэнүүлч эрдэмтэд хор болсон ардчиллын үгсийг манай ард түмэнд оруулж ирсэн бол өнөөгийн хүмүүс өмнөх байснаасаа богинохон хугацаанд босох байлаа.
Ийм битүү үгс биднийг зөгийн хатгуур шиг гэмтээж чадахгүй. Бид халдашгүй хүмүүс.
Германы ард түмэн надтай нэгдэх болно! Миний хүсэл зоригийг мэдэрсэн цагт, миний жигүүр тэднийх! Миний нүдэн дэх ирээдүй, энэ бол миний үйлээрээ биелүүлэх үүрэг даалгавар, хувь зохиол юм. Би одоо өмнөх тэмцлийнхээ үед байснаас илүү итгэл зоригтой Рейхийг эзлэхээр явсан жирийн нэг цэрэг амжилт, сүүлчийн ялалтдаа хэзээ ч эргэлзэж байсангүй. Намайг тойрон хүрээлсэн зоригт эрчүүд, эрэлхэг эмэгтэйчүүд, тэд надтай хамт явсан юм. Германы ард түмэн, би та нараас асууя, эр нь эрээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ миний ард зоригоо чангалан зогсоцгоо! Энэ үед бид бүгд зоригоо нэгтгэн зогсвол, бүх зовлон зүдгүүр, аюулаас хүчтэй байх болно. Хэрэв бидний зориг зовлон зүдгүүр, аюулаас хүчтэй байвал бид нэг өдөр зовлон зүдгүүр аюулыг бут цохино. Бид хатуу шийдсэн. Одоо ноён Бенельд сонголт хийх боломж олгоцгооё!


“Rhetoric ба Байлдан дагуулахуйн урлаг 2006” номоос.
Боржигон Сүхбаатарын Эрдэнэболд
Хорхон Бөхчулууны Энхболд

No comments: