1993 онд "Монгол Гайхамшиг-93" гэж Монгол орны өнцөг булан бүрээн цугларсан гоц авъяас чадвартай хүмүүсийн шоу тоглолт болсон юм. Би аавыгаа дагаж тэр сайхан арга хэмжээг үзсэн минь санаанаас гардаггүй. Нэг малчин өвгөн гарч ирээд л зургаан оронтой тоог зургаан оронтой тоонд цээжээр үржүүлж хувааж нэмж хасаад л. Гараа савчиж байгаад л яг хариуг нь хэлэх нь сонин. Бас нэг Иогоор хичээллэдэг залуу гэдсээ төмөр утсаар сүлбээд л урдуур явж үзүүлэх. Монголын хамгийн урт үстэй хүүхнүүд гээд л газар шүргэсэн урт үстэй эгч нар явах. Санаанаас гардаггүй тэр тоглолтын үеэр нэг онцлог гойд зүйл болсон нь яг л миний үеийн гэмээр нэг хүү гарч ирэв. Хоёр алиалагч түүнийг дагаж гарч ирэв. Нэг алиалагч нь төө илүү зузуунтай багц цаас барьжээ. Тэр нь дэлхийн 100 гаруй орны төрийн далбаа гэнэ. үзэгчдийн дундаас тэр далбаан дотроос нэгийг сонгох буюу жаал хүү тэр сонгосон улс нь ямар улс болох, хаана оршдог, хэдэн сая хүнтэй, ямар аж ахуй, эдийн засагтайг нь хэлэх ажээ. Би эхний эгнээнд сууж байсан тул аз таарч нэг улсыг сугалаадхав. Хятадын далбаа гэнэ. Гэтэл мөнөөх жаалхүү ер түгдрэлгүй "Энэ бол БНХАУ-ын далбаа 1 тэрбум хүнтэй, 14 сая илжигтэй" гэж цовоо дуугаар хэлэх нь тэр. Хожим нь 2001 онд МУИС-ын хууль Зүйн Сургуульд шинэхэн оюутан болоод ахны өдрөө хэсэг шинэхэн танлынхаа хамт "Хүлэг" хуушуурын газар хуушуурдаж суутал миний танилцсан Агар-Эрдэнэ хэмээх залуу өнөө багын намайг гайхшруулж, олныг шагруулсан "Их мэдэгч" болох нь тэр. Тэр цагаас хойш андлан явахад агараагаас суралцах юм их. Гойд хөдөлмөрч, цагийн юмыг цагт нь багтаадаг, за бол ёогүй бөгөөд төлөв даруу. Жишээ нь 1 жилийн дотор нэг ном бичихээр мань эр төлөвлөв. Тэгтэл 10 сарын дотор номоо хэвлүүлчихсэн ангид бариад ороод ирсэн юмдаг. 20 настай залуу бүхэл бүтэн 700-800 хуудастай "Америкийн болон Их Британийн Кино урлагийн нэвтэрхий толь" гэсэн лут ном хэвлүүлсэн юм даа. Ноднин жил Мэлвин Брэгийн "Дэлхийн түүхийг өөрчилсөн 12 ном" нэртэй орчуулгын номоо гаргасан юм. Агараа дөнгөж 18 тай байхдаа дэлхийн сонгодог жүжгийн зохиолчын бүтээлийг нэвт уншиж аавынхаа бүх номыг шивхий нь шивж, эх бэлтгэхийг нь бэлтгэж хэвлүүлсэн. Ачлалтай хүү байя гэвэл ийм жишээнээс үлгэр авах хэрэгтэй. Агараагийн бүтээлч, эрмүүн чанараас авах юм их бий. Хүнийг нэг их магтаад байх онцгүй л дээ. Гэхдээ бодитой үнэлэмж бол дээд зэргийн магтаалаас хэд дахин хүчтэй. Агараагийн тухай миний бодол бол миний л хувьд түүний хийж бүтээж буйд нь олзуурхсан, бахархсан бодит үнэлэмж юм.
Агараагийн тухай ярихын учир нь Агараа их гоё Хоббитой. Тэр нь одон орны тухай гоё гоё нийтлэлүүд блогтоо тавина. Манай Агараагийн Блогоор зочилж кино ертөнцийн тухай болон Одон орны сонин хачин чанартай мэдээллүүд аваарай гэж онцолмоор байна.
Тэр үүднээс энд тэр гоё блогоос ишилж нэг нийтлэлийг нь тавьж байна.
БИД ХААНА БАЙНА ВЭ?
Эх сурвалж: http://agar-erdene.blogspot.com/
Хязгаар нь л үл мэдэгдэх одот ертөнцөөс оюун ухаант ахан дүүсээ олох бидний итгэл найдвар алдраагүй хэвээр. Өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хөгжил хүн төрөлхтөний энэхүү хүсэл эрмэлзлийн шаардлагыг хангаж хараахан чадахгүй байгаа бололтой. Технологийн бололцоо нөхцөл нь оюун ухаант бусад ертөнцийг судлан мэдэх хүмүүсийн хүсэл эрмэлзэлд хязгаар тавьж байна. Хүн өнгөрсөнөө санадаг шигээ ирээдүйгээ мэдэрч чаддаг болчихвол илүү амар байхсан. Гэхдээ бусад оюун ухаант ертөнцтэй холбоо тогтоох боломжийг цөхрөлтгүй судалдаг, бас ч гэж “шинжлэх ухаанч” үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг хийдэг астрономичид, физикчид л бидний ирээдүйн зөн билгийг илүү найдвартай илэрхийлдэгт баярлах хэрэгтэй бизээ.
Орчлон ертөнц хэмжээ нь үл мэдэгдэм асар уудам учраас түүнийг хөндлөн гулд аялах боломж ойрын хэдэн сая жилдээ л лав бидэнд тохиохгүй нь бололтой. Тийм ч учраас энэхүү том хоосон орон зайг нөхөх боломжийг нөхцөл бололцоондоо тулгуурлан хайгаад эхэлсэн нь сайшаалтай. Харьцангуйн ерөнхий онолоор үүнийг судалж тогтоосон, баталж нотолсон зүйл байхгүй хэдий ч ийм байх боломжтой юм гэдгийг олон арван эрдэмтэд таамаглажээ. Тэдгээрийн нэг үндэслэгээ, гэхдээ орон зайд аялж болох хамгийн боломжит хувилбар бол харьцангуйн ерөнхий онолын тусламжтайгаар хар нүх ба түүн доторхи wormhole-оор дамжин орон зайн өөр нэгэн муж руу зорчих явдал юм.
Бид нэгэнт хар нүхний тухай хангалттай мэддэг болсон учраас энд тайлбарлах нь илүүц биз. Харин түүн доторхи wormhole-ын талаар товчхон ярилцья.
Хар нүх өөрөө хэмжиж үл барам тийм их таталцлын хүчтэй байдгаас шалтгаалан түүний төвд нүхэн хоолой үүсэх бөгөөд энэхүү хоолойны нөгөө хэсэг нь parallel universe буюу манай одот орчлонтой адилхан бас нэгэн одот орчлон руу хүргэх зам болдог байна. Гэхдээ хар нүхийг үүсгэдэг асар том биет одот орчлонд оршин байдаг гэж өдгөөгийн астрономийн ухаан үзэж байгаа бөгөөд түүн дээр олон янзын хар нүх үүсч болдог. С.Хокинг болон Р.Пенроуз нар хамтдаа судалгаа хийсний үр дүнд singularity буюу онцгой агшин гэдэг зүйл нь хар нүхний төвд байж болохыг таамагласан бөгөөд энэхүү онцгой агшин нь юм бүхний хувьд цаг хугацааны төгсгөлийг заах хэдий ч нөгөөтэйгүүр бүх юмны эхлэл болох жамтай байж болохыг дурьдсан юм. Энэ онцгой агшинд шинжлэх ухааны бүх хууль, тэр бүү хэл харьцангуйн ерөнхий онол, квант онол ч алдагдах аюултайг тэд сануулсан. Онцгой агшинтай уралдан өөр орон зайд нэвтрэн аялах нь хамгийн магадлалтай таамаглал бололтой. Энэхүү аялалын боломжийг анхлан судалсан эрдэмтэн бол 2010 онд гарах Interstellar киног С.Спилбергтэй хамтран бүтээж буй эрдэмтэн Кип Торн билээ. Цаг хугацааны эхлэл, төгсгөл болох онцгой агшинд өртөлгүйгээр wormhole хэмээх нүхэн хоолойгоор дамжин өөр нэг орчлон ертөнцөд очиж болох тухай тэр анх таамаглал дэвшүүлсэн юм. Орчлон ертөнцүүдийг өөр хооронд нь холбодог энэхүү хоолойг астрономийн шинжлэх ухаанд inter-universe wormholes, Эйнштейн-Розен-Подолскийн гүүр гэх мэтээр нэрлэдэг. Wormhole-оор аялахын бас нэгэн ач холбогдол нь ондоо одот орчлон руу очихоос гадна цаг хугацааны хувьд өнгөрсөн, ирээдүй үе рүүгээ зорчиж болдогт оршиж байна. Энэхүү үндэслэгээ нь өөр нэг орон зай дахь цаг хугацааны ондоо нэг агшинд очих боломжийг судалдаг.
Нүхэн хоолойгоор дамжиж “нөгөө ертөнц”-өд морилох хэн нэгний хувьд огтоос өөр энэхүү орчлон ертөнц нь чухам ямар байх вэ гэдэг нь бас л таамаглал төдий хэвээр. Олон эрдэмтэд манай одот орчлонгоос гаднах бусад ертөнцийн талаар таамаглал дэвшүүлж байгаагийн нэг нь bubble universes буюу физикийн хэмжигдэхүүнээрээ өөр хоорондоо ялгаатай одот орчлонгуудын тухай онолыг дэвшүүлсэн Андре Линди юм. Түүнийхээр бол манайхтай ижил одот орчлонгууд зэрэгцэн оршдог бөгөөд хар нүхэн дэх нарийхан хоолойн тусламжтайгаар эдгээр одот орчлон хооронд аялж болдог байна. Гэхдээ бид аливаа зүйлийг товчлох, өөр орон зайд аялахын тулд техник технологийн чамлахааргүй өндөр түвшинд хүртлээ хөгжсөн байх ёстой.
Wormhole гэдэг итгэл найдварын тэрхүү хоолойн оршин байдгийг нь баталж амжаагүй хэдий ч түүнийг байдаг гэдгийг харьцангуйн ерөнхий онолын тусламжтай тайлбарлах оролдлогуудыг одон орончид хийдэг. Хүн төрөлхтөн өөрсдийн одот орчлонгоос өөр нэгэн одот орчлон руу сансрын хөлөг ашиглан аялдаг болтол 2.5-3 сая жилийн хугацаа шаардлагатай. Одод хооронд зорчих тэрхүү сансрын хөлөг нь гэрлийн хурдаар зорчдог байхын тулд дор хаяж 3 граммаас илүүгүй жинтэй байх ёстой гэж байгаа. Харин К.Торнын дэвшүүлсэн онолын үндэслэгээ нотлогдвол бид энэхүү хугацаанаас наанадаж 1 сая жилийн өмнө одот орчлон хооронд аялах боломжтой болох ажээ.
Астрономи нь бидний шинжлэх ухааны үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх чухал үүрэгтэй билээ. Өнгөрсөн хугацаанд биднийг хүрээлэн буй байгаль дэлхийн жинхэнэ мөн чанарыг энэ судлагдахуун л нээн тольдож өгснийг бид мэднэ. Энэ салбар соёлт хүн төрөлхтөний хөгжлийн тодорхой хэсэгт үүсэн бэхжиж, улам бүр лавшран хүрээгээ тэлсээр ирсэн. Түүний судалгаа эхэн үедээ Нар, Сар, Дэлхий гурвын хооронд эргэлдэж байсан бол удалгүй нарны аймгийн бусад гаригууд, түүний дагуулууд, улмаар main sequence stars гэж нэрлэгддэг бусад оддын нэгдэл, бүр цаашлаад гэрлийн хурдаар 100 мянган жил явж байж нэг захад нь хүрэх манай галактик буюу Сүүн замын бүтцийг судлах хүртлээ хөгжсөн цаг саяхан. Энэ нь цаашлаад галактикуудын бөөгнөрөл, квазарууд гэх зэргээр төгсгөлгүй үргэлжлэн тэлэх ажээ. Судалгааны хүрээ улам бүр тэлсээр... Харин судалж амжсан, цаашид судлагдах обьектууддаа улам ойртох оролдлогуудын нэг нь энэхүү wormhole хэмээх нэр томьёо ажээ.
С.Хокинг өөрийн бүтээлдээ, “Ихэнх эрдэмтэд орчлон ертөнц гэж юу вэ гэдгийг тайлбарлах шинэ онолуудыг болосвруулахад хүч чармайлт гаргаж байгаа учраас одоохондоо орчлон ертөнц яагаад оршиж буйг асуух завгүй байна” гэсэн байдаг. Аз болж өөр нэгэн орчлон ертөнцтэй холбоо тогтоож чадвал тэд яагаад гэдэг бидний энэ асуултанд маань хариулт өгөхөд тусалж мэдэх юм даа.
No comments:
Post a Comment