Monday, December 29, 2008

Мэдээллийн тухай


Мэдээллийн хэт замбраагүйдэлд (хаост) орсон өнөө үед орчин цагийн хүчирхэг хүний үндэс нь нэгт: Мэдээллийг хүлээн авах чадвар, хоёрт: Түүнийгээ боловсруулах эрдэм, гуравт: Боловсруулсан мэдээллээ бусдад түгээх буюу түүгээр баялаг бүтээх авъяас зэрэг болно.

Мэдээллийн эрин зуунд ертөнц хэдэнтээ агшиж наймхан настай хакер бацааны өмнө

Америкийн Засгийн Газрын Нууц албад барьц алдаж байх жишээтэй. Чухам мэдээллийн хурдын ачаар таван тив дөрвөн далай секунтын дотор өөр хоорондоо холбогдож, тэртээ зууны чинадад мориор сар дамнан хүрэх газар цахим орон зайнд агшны төдийд хүрч байна.
Энэ хэрээр ашиг тустай, хэрэгтэй сайт, блогууд болон цаг үрсэн “хонгилууд” ч олон.


Вэб блогийн зорилго нь түмэн шидийнх болж. Зар сурталчилгаа, танин мэдэхгүй, гоо сайхан, үүх түүх гээд ёстой байхгүй юм байхгүй. Тоо томшгүй олон зүйлээс хэрэгтэй ганцыг олно гэдэг далайгаас сувд олох мэт сайхан. Сүүлийн үед Монгол хэл дээр “хэрэгтэй” байж болох блог, сайтууд цөөнгүй болж. Гэвчиг Сайт блогийн орон зайд бизнесийн болон, киноны гэх мэт эрээвэр хураавар чиглэлийн сайт, цонхууд олон болж. Өдөр тутмын мэдээ мэдээллин Монгол сайтууд ихэвчлэн нийгэм улс төр, эрүүл ахуй, гэмт хэрэг гээд сэдэв ундрах боловч бүгд нэгэн хэвийн цутгамал болсон байна.


Энэ дотроос Монголын залуу үе, ирээдүйд гэрэл гэгээтэй мэдэээлэл өгөх, итгэл үнэмшил, мэдлэг, мэдээлэл түгээх эерэг сайт маш ховор. Аль болох эерэг зөв суртахуун шингээсэн вэб, блог байх тусмаа л бидэнд илүү хэрэгтэй. Өдөрт хэдэн зуугаас эхлэн хэдэн мянгаараа хүмүүс нэвтэрдэг томоохон сайтууд ихэвчлэн кино ший, хошин шог, улс төрийн хар бор амьдрал, хов живээс цаашгүй болж.

Мэдээж шинээр гарч байгаа, редакцийн бодлого сайтай боломжийн сайтууд хийгээд блогууд байна. Би нэг хэсэг olloo.mn-рүү их ордог байлаа. Дараа нь news.mn болон sonin.mn, dailynews.mn зэрэг өдөр тутмын сайтуудаас монголд юу болж байгааг олж авч үзнэ. Америк дахь монголчуудын мэдээллийг dayarmongol.com, medeelel.com, orloo.com зэрэг зонхилох сайтуудаас авч байна.


Харин сүүлийн үед aztai.com-оор “Цагийн хүрд”-ээ үздэг боллоо.
Хэдэн сарын өмнө цахим далайгаар аялж байгаад нэг хаягруу орж явчихав.
http://www.tj5.org гэж. Түвшинжаргал гэдэг залуу өөрөө бялдаржуулах урлагаар хичээллэдэг юм байна. Тэгээд түүндээ тулгуурлан эрүүл амьдралын хэвшил, зан төлвийг хэрхэн тогтоох зэрэг хүнд хэрэгтэй мэдээллүүд блогтоо тавьж. Улс төрийн хар цагаан мэдээнд нүдүүлж, доор нь бичсэн хэдэн зуун сэтгэгдэлд нервээ барж хэт улс төржиж байхын оронд энэ сайтруу ороод өөрийнхөө эрүүл мэндэд таван минут зарцуулахад болохгүй нь юу байхав. Улс төр, нийгмийн амьдрал сонирхолгүй яахав. Гэхдээ найман настай балчираас наян настан хүртэл нэлэнхүйдээ улс төржих болсон өнөө үед нийгмээрээ гэрэл гэгээтэй амьдралыг үгүйлж байна. Зориудын юм шиг хүний тархи угаасан, мэдээллийн террор Монголд газар авчээ. Хэн хүний алдар хүндэд халдах (манайхан “нэр төрд” халдах гэж их ярьж бичдэг. Гэтэл нэр төр бол эхээс төрхөд хамт заяадаг халдашгүй зүйл. Хэн ч түүнийг сэвтээж үл болно. Харин ажил хэргийн “алдар хүндэд халдах” гэсэн хууль ёсны ойлголт бий. Тэгэхээр цаашид “Алдар хүнд” гэж ярих нь хууль зүйн болоод, хэл шинжлэл талаасаа зохимжтой гэдэг юм билээ) нь хэрээс хэтэрлээ. Арга ч үгүй байх. Хуулийн хүрээнд энэ тал дээр нарийн зохицуулалт алга. Жишээ нь Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөнд “хүний алдар хүндийг” эрх зүйгээр хамгаалах тухай зааж өгсөн байдаг. Түүнийгээ олон төрлийн шалгуур тестүүдээр баталж энэ тохиолдолд зөрчсөнд тооцно, энэ тохиолдолд алдар хүндэд халдаагүй гэх зэргээр хил хязгаарыг нь нарийн тогтоож өгсөн. Тэгэхээр шүүгчдэд нь ч гэсэн хэрэг шийдхэд амар шүү дээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэрийн дор мэдээллийн террор хийх нь Ардчилсан нийгмийн хувьд хамгийн бурангуй үзэгдэл юм. Сонгуулийн жилүүдэд ийм төрлийн явдал дээд цэгтээ хүртэл гаарна.

Би уг нь Түвшинжаргалын сайтын тухай, даа ялангуяа бялдаржуулах урлагийн тухай бичих гэж байсан юм. Гэтэл эхлэл нь яван явсаар тэс өөр сэдэв болчив болтой. За дахин шинээр эхлэе.
Шинэ ондоо үнэ цэнэтэй мэдээллийг, хүссэн үедээ, хамгийн энгийн аргаар олоод, үр дүнтэй хэрэглэж байхын тань төлөө танд амжилт хүсье.

2008.12.30

No comments: