Эрт цагт Бурхан багш Жетавана хийдэд морилон саатахдаа Атула хэмээгч болон түүний нөхдөд хандан нэгэн сургааль шүлгээ айлджээ. Тэрхүү сургааль шүлэг нь хожмоо Их хөлгөн судар “Ганжуур”-ын 226 ботийн нэгэн болох “Дхаммапада” буюу “Номын бадаг” хэмээх алдарт сударнаа өгүүлэгдсэн гэдэг. /Монголын уран зохиолын дээжис 74-р боть, 325-р тал/
Тэрхүү айлдвар нь:
“Өнөө үед бүү хэл, өнө эрт цагаас Атула минь
Өв тэгш дуугүй хүнийг ч муулсаар ирсэн юм
Их чалчсан ч, бага ярьсан ч муулдаг хорвоо
Ийм ертөнцөд муулуулаагүй хүн байдаггүй юм”
“Цагийн цагт магтуулсан хүн энэ хорвоод
Урьд, ирээдүйд, одоо хэзээ ч бас байгаагүй юм
Цагийн цагт муулуулсан хүн энэ хорвоод
Урьд, ирээдүй, одоо хэзээ ч байхгүй ээ” хэмээжээ.
Эртний энэ сургаальд өгүүлснээр мөнх сайлуулах хийгээд ямагт муулуулах хүн үгүй бөгөөд сайн муу нь сүлэлдэн орших амьдралын үнэнийг сургажээ. Сая сая хүмүүс энэ сургаалийн мөн чанараас зайлаагүй бизээ. Мөн цаашид орчлонд хэдэн живаа хүн мэндэллээ чиг дээрхи заншилд бас л автах бизээ. Цахиагийн Элбэгдорж. Энэ хүн өнөө цагийн Монголын нийгэмд хамгийн ихээр сайн муугаар хэлэгддэг хүмүүсийн л нэгэн.
Түүнийг хичнээн хараар будлаа чиг хичнээн бусармагаар гүтгэлээ чиг тэрээр социалист Монголд дуу хоолойгоороо ардчиллыг авчралцаж, үйл хэрэг, сэтгэл зүрхээ түүнд зориулсан хүн. Энд би Ц.Элбэгдорж гуайг хоёронтаа засаг тэргүүлж байснаар нь бус, 27-хон настайдаа “ардчиллын анхны илтгэл”-ийг цуурайтуулж байснаар нь бус, зүгээр л дахин давтагдашгүй “уран илтгэгч” гэдгийг нь өгүүлэх гэсэн юм.
Нарийн мэдрэмжтэй яриа, зүйрлэл тансаг ишлэлгүйгээр Ц.Элбэгдорж гуайн яриаг төсөөлөхөд хэцүү. Түүний үгийг ардчиллын үнэт зүйлс, эгэл жирийн Монгол ахуй чимж байдаг. Ардчилсан хувьсгалыг энэ түүхэн илтгэгчгүйгээр төсөөлөхөд уйтгартай. Яагаад гэвэл түүний “Монголоо олсон монгол”, “Их түүхийн ээдрээт нугачаанд олдсон үүлэн чөлөөний нар шиг алтан хормыг алдах эрх бидэнд байхгүй” зэрэг илтгэлгүйгээр нь ардчилсан хувьсгалыг төсөөлшгүй юм. Нэгэн цагт Их Британий удирдагч байсан Уинстон Чөрчилл “Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзэмшсэн л бол чи хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэж хэлсэн байдаг. Үнэндээ Монголын нэн шинэхэн түүхэнд дээрхи үгийг Ц.Элбэгдорж хэрэгжүүлж чадсан юм. 2000 онд Ардчилсан хүчин сонгуульд өчиггүй ялагдахад ард түмний үлэмж хэсэг нь Ц.Элбэгдорж гуайг буруутгаж байв. Энд хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсан нь чухал биш, зүгээр л Ц.Элбэгдорж гуайн нэр хүнд ихэд унасан, түүний хувьд хүнд цаг үе байсан нь мэдээж. Удалгүй тэрээр Харвардад сурч боловсролоо дээшлүүлээд 2003 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Нүүх үү? үлдэх үү?” нэртэй 5 цуврал лекц уншиж төдөлгүй тэр лекцээ Чингис зочид буудал, дараа нь хөдөө орон нутагт аялан уншлаа. Лекц унших бүрийд халуун алга ташилт нижигнэж Ц.Элбэгдоржийн гэх шинэ имидж, шинэ дүр төрх бүрдсэн юм. Харвард төгссөн, тэгээд шинэ бодлого, шинэ хандлага, хөгжлийн шинэ гарц өгүүлсэн түүний ажил хэрэгч яриа өмнө алдсан нэр хүндийг нь сэргээж өгөөд зогсохгүй бүр урьд байгаагүйгээр өндөр түвшинд хүргэлээ. Энэ бол ярианы урлагийн ач тус. Сайхан зүйл бодож байвч бусдад хүргэж чадаагүй бол, тийм чадварыг эзэмшээгүй бол өнөөдрийн “Шинэ Элбэгээ” төрөхгүй байх байлаа.
Гэтэл өнөөгийн нийгэмд түүнийг “их ярилаа, уран гоёор панаалдав” гэх өнгө аясаар шүүмжилдэг. Гэвч чанартай шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, чанаргүйг нь үл хэрэгсэн цаашид бодлогоо сурталчлах нь жинхэнэ илтгэгчийн явах л ёстой зам болдог.
Ярилцлага
Өнөөдрийн бид хоёрын ярианы гол сэдэв маань “Цахиагийн Элбэгдорж” хэмээх илтгэх урлагийн ертөнцийн тухай байх юм. Та “Нүүх үү, үлдэх үү?” цуврал лекцэндээ “Илтгэх урлаг” хэмээх бие даасан сэдэв оруулж дэлхий дахины болоод Монголынхоо үгийн гайхамшгийн тухай сонирхолтой яриа өрнүүлж байсан. Өнөөдөр аль болох таны хувь илтгэгчийн тань талаар яриагаа эхэлье.
-Та яриагаа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Миний яриагаа бэлддэг арга бол, хэрвээ надад тодорхой сэдэв байх юм бол тэр чиглэлд, цаг байх юм бол тэр цагтаа л тааруулж илтгэлээ бэлддэг. Цаг ахиухан байвал мэдээж сайн бэлдэнэ. Цаг бага байвал маш хурдан бэлдэнэ. Цагаасаа шалтаалж яриагаа бэлддэг гэж хэлж болно. Өөр нэг зүйл бол “манайхны дотор” /Ардчиллынхны/ онигоо шиг болтлоо яригдсан нэг юм байдаг юм. 3 минутын үг хэлээдхээч Элбэгээ гэх юм бол “За наадахыг чинь бэлднээ” гээд суудаг, хичнээн хугацаанд ярих юм гэхлээр 3 цаг гэвэл “За одоо гараад ярьчихъя” гээд шууд гараад ярьдаг гэж. Биднийг янз бүрийн өлсгөлөн цуглаан явуулж байхад тиймэрхүү юм байдаг л байлаа. Тэгэхээр цагтай холбоотой асуудал тун чухал. Цагийн талаархи бас нэгэн асуудал бол “илүү богино ярихаар бол илүү сайн бэлдэх шаардлагатай болдог”. Миний ярианд нөлөөлдөг маш жижигхэн атлаа хүний анзаардаггүй зүйл бол “цаас” байдаг. Би хэзээ ч бичгийн цаасыг “далбагар” чигээр нь хэрэглэж байгаагүй. Цаасыг голдуу авангуутаа л хоёр нугалдаг. Тэгээд тэр цаасаа дахиад нугалдаг. Энэ нь цаасны дөрөвний нэг шүү дээ. Хэрвээ бүр сайн ярих зүйлээ бэлдвэл дөрөвний нэгээ наймны нэг болтол нь дахин нугалдаг. За одоо төгс бэлдлээ гэх юм бол бичгийн цаасны наймны нэгээ нугалж арван зургааны нэг болгон нугалдаг. Тэр жижиг нэг бичгийн цаасыг 16 хуваасны нэг дээр таарахуйц тийм хэмжээнд яриагаа бэлдэнэ гэдэг бол “асар” сайн бэлдэж байгаагийн л хэлбэр. Ер нь хүмүүс харахдаа намайг ямар хэмжээтэй цаас авч гарч ирж байгаагаар нь л хэр зэрэг илтгэлээ бэлдсэнийг нь харж болно. Мэдээж хэрэг тэр нугалсан цаасан дээр хоёр өнгийн үзгээр юм уу, хоёр өөр байдлаар ярих яриа, хэлэх үгэн дээрээ анхаарах зүйлээ тэмдэглэдэг.
-Олны өмнө гарч яриа өрнүүлэхэд хүн бүхэнд айдас тулгардаг. Таны хувьд ийм зүйл тохиолдож байв уу? Тийм бол хэрхэн даван туулдаг байв аа?
-Ерөөсөө сандарлыг даван туулах шалгарсан арга бол бусдын өмнө олон удаа гарч, олонтаа илтгээд үзэх л хэрэгтэй. Эхлээд гарна, бүтэхгүй болно. Хоёр дахь удаагаа гарна. Хүмүүс түүнийг нь сайн боллоо гэж хэлнэ. Миний бодлоор олон л удаа хүмүүсийн өмнө гарч ярих хэрэгтэй. Миний нэг зөвлөмж бол “Өөрөө ямар нэгэн зүйл мэдсэн бол түүнийгээ найз нөхөддөө яриад үз” гэж хэлмээр байна. Жишээ нь, би оюутан байхдаа юм уу ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байхдаа асар их чөлөөтэй ярьдаг байж. Тэр үед хүйтэн дайн, дэлхийн дайн, хоёр системийн байдал, социализм, коммунизм, капитализм гээд л ерөөсөө сонссон бүхнээ оюутнуудаа тойруулж суулгаж байгаад ярьдаг, нөгөөдүүл маань амаа нээгээд л нээлттэй хэвээр нь сонсчихдог байсан. Бүр дунд сургуульд байхдаа найзууддаа үлгэр ярьж өгдөг байсан. Анх дотуур байранд байлаа л даа. Дотуур байрны аль тасагт Элбэгдоржийг авах вэ гэдэг бол дотуур байрны хүүхдүүдийн хувьд өрсөлдөөн болдог байсан. Элбэгээ, чи манай тасагт орооч, манай тасагт орооч гэдэг. Тэгээд том ангийнхан голдуу дийлж би багаасаа бүр том ангийнхантай, том хүүхдүүтэй цуг нэг тасагт орж, тэгээд би бүх хүн хэвтэхэд л үлгэрээ ярьж эхэлдэг, бүх хүмүүс унтасны дараагаар л би унтдаг иймэрхүү байсан юм. Тэрнийгээ би жишээлбэл ээжээр үлгэр яриулаад, дотроо дахин нэг давтаад унтдаг байсан. Тэгэхээр энэ бол давталтууд, олон удаа хүмүүсийн өмнө гарах л хэрэгтэйг өгүүлж байгаа юм. Тэгээд өөрийнхөөрөө байвал зүгээр. Заавал мундаг болох гээд биеэ бариад байх хэрэггүй. Ярианы эхлэл гэж байдаг. Яриагаа тэдний анхаарал татах зүйлээс эхэлж болно. Тухайлбал, Рейган бол голдуу онигоо ярих байдлаас сонирхолтой, хүмүүсийг инээлгэсэн зүйлээс яриагаа эхэлдэг байсан. Яг тиймэрхүү маягаар яриагаа эхлэх юм бол, эхлээд нэг “итгэл” авчих юм бол яриа чинь гайгүй сайн явна.
-Та дотуур байрныхаа хүүхдүүдэд ямар үлгэр ярьдаг байсан бэ?
-Манай ээж надад үлгэр ярьж өгдөг. Дээр нь манай ах нар сургуульд явж ирээд үзсэн сонссоноо ярьж өгдөг байсан. Одоо бодоход монгол ахуй, тэр үеийн номуудад бичигддэг байсан үлгэрүүдийг ах нараараа яриулж аваад л түүнийгээ давтаж л ярьдаг байсан.
-Таны тайзан дээр, олны өмнө гарч бусдад өгүүлсэн анхны “албан ёсны” илтгэл тань ямар сэдэвтэй байв?
-Би анх олны өмнө гарснаа их сайн санадаг юм. Намайг нэгдүгээр ангид байхад манай ангийн багш намайг “Чи сайн уншиж байна, энэ шүлгийг гарч унш” гэж надад нэг шүлэг өгч байсан. Тэр нь “Салан баавгайн үлгэр” гэдэг шүлэг байсан. Тэгээд л анх удаагаа “Салан баавгайн үлгэр”-ийг олны өмнө гарч уншиж байсан. Харьцангуй бие жижигтэй, тэгээд дээлтэй нэгдүгээр ангийн хүүхэд сумын сүлд модны наадам дээр гарч уншихад хүмүүс асар их өхөөрдөж манай ээжид ямар өхөөрдмөөр юм, ямар хөөрхөн юм гэж тэр сумаараа л тэр шинэ жилийн баяр дээр урам өгч байсан. Тэгж л анх анх олны өмнө гарч байсан юм.
-Та нэгэн ярилцлаганд “Би үгээ бэлдэх гэж их зовдог” гэж хэлсэн байдаг. Ер нь таныг хамгийн их зовоож олон нийтэд хүрсэн илтгэл нь ямар илтгэл байваа?
-Надад ялангуяа Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын нээлтүүд дээр 1990 оноос хойш үг хэлэх үүргүүд ноогддог байсан. Тэгээд тэр нь манайхан болсон хойно цагийг нь тулгаж бэлддэг. Одоо ч би их хурлын өмнө жишээлбэл, хамгийн сүүлд миний их хурал дээр хэлсэн үгэнд жишээлбэл “Би орой суугаад л, тэр гурав дахьд нээгдсэн их хурал байлаа гэхэд би хоёр дахь өдрийн орой өдрийнхөө ажлыг нэг юм дуусгаад л за хэнийг ч хүлээж авахгүй гэж суугаад л шөнөжин бичээд л түүнийгээ бичээчид өгч бичүүлээд л өглөө нь би их хурлын танхимруу ороход би цаасгүй орж байсан. Хүмүүс анзаарсан бол миний хэлэх үгийг араас туслах оруулж ирж өгч байсан.” Ер нь бол дандаа л нэг хоног дутдаг. Сайн үг хэлэхэд байнга нэг хоног дутаж байдаг. Намайг бол тэр дутагдал тойрохгүй. Би одоо ч гэсэн ирэх хаврын чуулган дээр юу гэж хэлэх вэ гэдгээ боддог. Гэхдээ л явуулж явуулж байгаад яг өдөрт нь тулгаж хийдэг. Тэр өдрөө тухайн нөхцөл байдал, уур амьсгалыг үгэндээ тусгах бас хэрэгтэй болдог. Хэрвээ надад нэг хоног байсан бол саяын их хурал дээр хэлсэн үгийг би 40 хувиар юм уу 50 хувиар хасах боломж байсан. Гэхдээ надад ийм /үг хасах/ боломж байлаа гэхээр зарим хүмүүс зөвлөхдөө “сая таны хэлсэн чинь их гоё болсоон, хэрвээ та 50 хувиар хассан бол магадгүй хэрэгтэй юмыг нь юм уу тухайн уур амьсгалд, яг тэр үед таньд орж ирж байгаа тэр санаануудаа хасчихсан байх юм бол хэрэггүй байх байсан юм аа” гэдэг. Тэгэхээр ерөөсөө бэлдээд л та болвол нөгөөдхөө /илтгэлээ/ нарийвчилж засварлах цаггүйгээр илтгэсэн нь оновчтой боллоо гэж зарим нь хэлдэг. Зарим нь нуршуу боллоо гэдэг. Наад зах нь гуравны нэгээр юм уу, гуравны хоёроор хасч болно гэдэг. 2005 оны Намрын чуулганы нээлтэн дээр хэлсэн үг 17 хуудас байсан. Тэгтэл надад 17 хуудсыг 7 хуудас болгоход үдийн хагас л хэрэгтэй байсан л даа. Би хувьдаа аливаа үг хэлэхдээ богинохон, ойлгомжтой, оновчтой цохилттой хийх юмсан гэж байнга боддог. Тони Блэйр ч юм уу бусад хүмүүсийн үг хэлж байгаа байдлыг аваад үзэхэд “засварлах хугацаа байдаггүй маягийн” юмнууд харагдаад байдаг юм. Миний бодлоор заримдаа тэр нь сайн тал болж харагддаг, нөгөө талаар муу тал болж харагдаж байна даа л гэж ингэж л бодоод байна даа.
-Ихэнх орны төрийн өндөр албаны хүмүүс үгээ бичүүлдэг бүрэлдэхүүн, тусгай чадваржсан хүмүүсийн багтай байдаг. Харин та үгээ өөрөө бичдэг үү?
-Би нэг хэсэг, өмнө нь ч Ерөнхий сайд байхдаа, одоо ч гэсэн “Одоо Их хурлын нээлтэн дээр үг хэлнээ, бич” гээд Хэрэг эрхлэх газрын хүмүүст хэлдэг, тэр хүмүүс цаашаа референт, ажил хариуцсан хүмүүст хэлээд үг бэлдүүлдэг. Тэрнээс би одоо нэг ч өгүүлбэр бүтнээр нь авч байснаа санахгүй байна. Ерөөсөө л болдоггүй. Заримдаа “тэр үг”-нүүдийг нь хөдөө орон нутагт явахдаа унших гэж оролдож байсан. Тэгээд уншиж ч үзэж байсан. Тэгэхдээ л бүтнээр нь уншиж чаддаггүй. Нэг л хүний юм шиг. Бүр ямар ч шаардлагагүй юм шиг сонсогдоод байдаг юм. Тэгээд тэрнээс маань ч болдог юм уу одоо бол надад хүмүүс үг бэлдэж өгөхөө байсан. Хэзээ ч хүний үг уншдаггүй, хүнээр үгээ бичүүлдэггүй. Би тэднээс юу гэж шаарддаг вэ гэхээр “нэг нэг хуудсан дээр ямар нэг санаа байвал ганц өгүүлбэрт багтаагаад алив тэр санаагаа бичээд ир, эрүүл мэндийн салбарт юу хийсэн юм, батлан хамгаалах салбарт юу хийсэн юм, ядуурлыг бууруулах чиглэлд үйлдвэр худалдааны яам юу хийсэн, ямар ажил хийж байгаагаа ганцхан хуудсанд багтааж ир гэхэд ганц хуудсанд ерөөсөө ч багтааж чаддаггүй, 20 хуудас, 30 хуудас, 40 хуудас болж ирдэг”. Тэндээс бол ганц нэг санаа жишээ авна уу гэхээс биш тэр бүхнийг үг болгон гаргаж унших ямар ч боломжгүй байдаг юм.Тэгээр ер нь үг бэлдэх, Их хурал дээр үг хэлнэ гэдэг бол тухайн улс орны улс төрийн түвшин хэр зэрэг хөгжсөн шалгуурыг харуулдаг зүйл юм шиг. Би Англид юм уу, Америкт тэр улс төрчдийн үг хэлж байгааг харахад, би маш олон сенаторууд цуварч гарч ирээд үг хэлж байгааг сонсч байсан. Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдсөн Жон Керриг нэр дэвшихэд Ардчилсан намын эмэгтэй гишүүдээс олон хүмүүс гарч ирээд үг хэлж байсан. Тэгэхэд тэр ардчилсан намын эмэгтэйчүүдийн Бостонд хийсэн лекцэнд би очиж сууж байсан. Тэгээд харж байхад, тэд нар бүгд гайхамшигтай илтгэж байсан. Тэд нараас нэг нь муу ярилаа даа, нэг нь үгээ муу хэллээ дээ гэж хэлэхээргүй байсан. Энэ бол өөрөө тэр улс төрчийн улс төрд орж байгаа хүмүүсийн хөгжлийн түвшинг харуулсан асар том зүйл юм. Манайд энэ бол маш их хоцрогдсон байна. Бүр эхлээ ч үгүй байна. Дөнгөж эхлэлийн төдий байна. Нэг бол юу ч ярьж чаддаггүй, юу ярьж байгаагаа хүнд ойлгуулж чаддаггүй бувтнаад өгүүлбэр нь дуусалгүй зогсоод байдаг. Аа нөгөө болвол зүгээр л хүн рүү хоосон дайрч популизм хийж байдаг энэ хоёр маягт манай улс төр орчихоод байна. Нэг бол зүгээр тайлан тавиад зогсож байдаг. Тэгэхээр энэнээс /үүнээс/ гаргахын тулд надад Харвардад зааж байсан хичээлээс харахад, Америкийн дөрвөн ерөнхийлөгчийн үгийг нь бэлддэг зөвлөх нь байсан тэр багш надад зааж байсан. Ерөнхийлөгчид явна Дэвид Гөргин үлдэнэ гэж Цагаан ордныхон түүнийг ярьцгаадаг байсан. Тэр хүний зааж байсан хичээл нь “Ярих урлаг” буюу “The art of communication” гэдэг хичээл байсан. Тэгэхээр энэ бол урлаг юм. Энэ бол тусдаа шинжлэх ухаан юм гэдгийг ойлгоогүй байгаа цагт улс төрийг сайн утга агууламжтай хийх боломжгүй. Зарим нэг нь ярьдаг. “Ярихгүй хийе ээ” гэж. Тэгэхээр энэ бол амьтантай ойролцоо болж байгаа юм, улс төрчид маань. Ярихгүй хийнэ гэдэг бол хүчирхийлнэ гэсэн үг. Ярихгүй байна гэдэг бол амьтны адгуусан шинж чанараасаа тасарч чадаагүй байна гэсэн үг. Хүний нийгэмд ярихаас өөр арга байхгүй. Улс төрч, удирдагчдын 80, 90 хувь нь ярьж байж, ойлгуулж байж үйл хэргээ явуулдаг. Черчилл дэлхийн хоёрдугаар дайны үед бүх цагийнхаа 50 хувийг л хэлэх үгэндээ зориулдаг байсныг би багшаасаа сонсч байсан. Тэгэхээр ярина, хэлнэ гэдэг ямар аугаа зүйл вэ, энэ бол хүний шинж, энэ бол хүний нийгмийн өөрийнх нь зайлшгүй нэгэн нөхцөл. Хүний нийгэм бий болоод хүн хүнийгээ удирдаж явахын зайлшгүй нэгэн хэлхээ холбоо байх ёстой ийм зүйл юм аа гэдгийг манайд ямар ч түвшинд мэдрээгүй шахуу байна.
-Өрнийн орнууд, Америк, Орост уран уншлага, илтгэх урлаг гэсэн хичээлүүд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Манайд тийм юм байхгүй /цөөхөн хувийн сургуульд л бий/. Хамгийн гол нь багаас нь эхлээд илтгэх чадвараа хөгжүүлэх, нээлттэй орчин бүрдүүлэх хэрэгтэй болов уу,
-Тийм. Бүр багаас нь ерөөсөө л анх хүүхдэд юм уншуулж сургахаас нь эхлээд тэр орчин сургуультай бүрдэж эхэлдэг юм байна. Тэгээд Ерөнхийлөгч Буш шиг Конгресс дээр үг хэллээ гэхэд тэр үгэнд нь задалгаа хийгээд сургуулиудын нийгмийн чиглэлийн хичээлүүдэд оюутнууд нь заавал ярьж байдаг. Багш нь орж ирж ярьж байдаг. Тэгж байж өнөөдөр Мартин Лютер Кингийн хэлсэн суут үгийг тойруулаад “энэ нь ийм болсон, үүгээрээ энэ гайхамшигтай, үүгээрээ Кингийн хэлсэн үг мартагдахгүй түүхэнд үлдлээ” гэж судалцгаадаг. Линкольний 160 жилийн өмнө хэлсэн үг байгаа. Тэгэхэд, жишээлбэл, Линкольний хэлсэн үг үүгээрээ гайхамшигтай юм гээд тэрнийг нь бичээд, судлаад хичээлдээ гүн гүнзгий тусгасан байдаг л даа. Монголд ийм ажлууд нь орхигдох гээд байна л даа.
-Таныг манайхан шилдэг уран илтгэгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл шилдэг илтгэчид өөрийн гэсэн имиджээрээ олны танил болсон байдаг. Таны хувьд?
-Тэгэхээр хаана очиж, хэний өмнө үг хэлэх гэж байгаагаа нэгдүгээрт мэдрэх хэрэгтэй. Хоёрдугаар хүнийг өөрийнх нь тэр нийгэмд эзэлж байгаа байр сууринаас шалтгаалж үгийг нь хүлээж авах, хүлээж авахгүй гэсэн ийм санаа нийгэмд урьдчилаад бүрдчихсэн байдаг. Би Ерөнхий сайд гэдгээрээ очоод нэг газар ядуурлын тухай баахан ярихад хүлээж авахгүй байж магадгүй. Харин би Ерөнхий сайд биш зүгээр нэг Их хурлын гишүүн, шүүмжлэгч байр сууринаас ярих юм бол миний үгийг тэр танхимын 90 хувь нь хүлээж авч магадгүй. Би намынхаа нөхдөд ч хэлдэг л байсан. Хэрвээ улс төрч болъёо гэвэл нэг суман дээр очоод тэр сумын иргэд 100 хувь өөрийн чинь эсрэг бодолтой байхад очоод 3 цаг уулзалт хийж ярьсныхаа дараа 70 хувь нь дэмжээд хашгираад үнсээд гаргах хэмжээнд тэр танхимыг эргүүлж чаддаг, хүнд хийх гэж байгаа зүйлээ ойлгуулж чаддаг ийм хэмжээнд наад зах нь улс төрч, их хурлын гишүүн хүрсэн байх ёстой. Улс төрд хөл тавья гэж байгаа бол наад зах нь тийм бай. Өөрийнхөө эсрэг бодолтой 100 хүнтэй тодорхой хугацаанд ярьсны дараагаар наад зах нь олонхийг нь өөрийнхөө ярьж буй зүйлд дагуулж “Энэ ч үнэхээр бодох бодол шүү, бас л зөв юм ярьж байна шүү” гэтэл нь ийм түвшинд хүргэхгүйгээр улс төрлүү орно гэж бодохын ч хэрэггүй” гэж хэлдэг. Тэгтэл өнөөдөр улс төрд орж ирээд ярихыг сурдаг. Улс төрд орж ирээд үг хэлж эхэлдэг байдал түгээмэл байдаг нь буруу зүйл гэж санагддаг юм.
-”Нүүх үү, үлдэх үү?” цуврал лекцийг уншиж байхдаа та гарт байсан багц цаасаа цацчихаад “Одоо би та бүхэнд цаас харж бэлдсэн зүйлээ яръя” гэхэд, танхимд суусан хүмүүс халуун дотноор алга нижигнүүлж байлаа.
-Сая Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтан дээр та хүчингүй болсон баримт бичгүүдийг олны өмнө шууд ураад хаячихсан. Өмнө нь та “Зуун айл”-ын барилгын материалын захаар, Баянхошууны хүн шавсан автобусны буудлаар хүмүүсийн дундуур ороод шууд алхчихсан. Иймэрхүү анхаарал татсан өвөрмөц шийдлүүдийг гадаадын зарим удирдагчид иргэдийнхээ анхаарлыг татахын тулд хийж имиджээ “энгийн, ард түмэнлэг” байдлаар өсгөдөг.
-Таны хувьд ер нь яг тухайн үедээ шийдээд “ийм онцгой араншин” гаргадаг уу, эсвэл бүр эртнээс төлөвлөчихдөг үү?
-Ер нь зарим үйлдлүүдийг маш их бодох ёстой байдаг. Ямар танхимд, ямар хүмүүсийн өмнө, ямар үйлдэл хийх вэ гэдэг нь маш чухал. Би ,жишээлбэл, тэр цаас уръяа гэдгийг хөрөнгө оруулагчдын хурлын өмнө болж улс даяар 2 цаг 30 минут цацагдсан “Авилгал”-ын эсрэг хурал дээр хийвэл ямар байх бол гэж бодож байсан. Бас зарим хүмүүстэй зөвлөлдөж байсан. Авилгалын хурал дээр цаас урах нь агуулга, үйл явцын хувьд нэг их тохиромжгүй байсан. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчид ажил хийх гэхээр олон янзын дүрэм журам, хүнд суртал өдөр тутам нүүрлэж байдаг явдалд зүгээр нэг үгээ хэлээд арга хэмжээ авна гэж хэлээд гарах нэг өөр. Түүнийгээ яг биетээр харуулаад гарах бол маш өөр л дөө. Иймэрхүү зүйлүүдийг байнга давтах шаардлагагүй. Тогтоол шийдвэрийг хүчингүй болгож байгааг урж харуулж байгаа болвол магадгүй миний улс төрийн бүхэл карерийн хугацаанд нэг л удаа гарах зүйл байж магадгүй. Өөрөөр хэлбэл, олон хийгээд байх зүйл биш л дээ. Тэгэхээр, байгаа нөхцөл, уур амьсгалдаа үйлдлээ тааруулах л чухал. Өөр нэг юм бол “ЯГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ” л хийх хэрэгтэй. Сайн улс төрч бусдаас нэг зүйлээрээ ялгардаг. “Тэд өөрийнхөөрөө байж чаддаг”. “Би энэ цаасыг урнаа, би энэ дүрэм журмыг хэзээ нэгэн цагт урж харуулна л гэж бодсон л бол битгий ур гэж хичнээн ч хүн хэлж байсан түүнийгээ зөв хийж чаддаг, хүрч байгаа аргаа зөв харуулж чаддаг” байх нь хувь хүнээс л шалтгаалж байгаа юм. Буруу хийгээд, буруу газар ураад, буруу ойлгогдох юм бол тэр хүний л хохь болно. Би дараа нь бодож байсан “Зуун айл”-д анх Ерөнхий сайд болоод алхахад сонин бүхэн бичиж, телевиз болгон тэр тухай ярьж байсан. Сая би “Баянхошууны эцэс”-т яг ижилхэн үйлдэл хийсэн. “Зуун айл”-аас ч илүү олон хүн цуглачихсан автобус хүлээгээд зогсч байсан, хүмүүсрүү яваад орчихсон. Түүний дараа хэвлэл сөхөөд харахад ямар ч хэвлэл мэдээлээгүй байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр, өнөөх нь арга барил болж, хүмүүст жирийн үзэгдэл болоод хувирчихаж байгаа юм. “Энэ хүн бол шаардлагатай үед ард түмний дунд зүгээр яваад л ордог хүн, тэр ядуу зүдүүчүүтэй нь ч уулзаад л зогсож байдаг, тэр бизнесийн баян улсуудтай /хүмүүстэй/ нь ч яриа хэлэлцээр хийгээд явж л байдаг. Гутал тослоод сууж байгаа, тамхи ширхэглээд зогсч байгаа, такси хүлээгээд байж байгаа хүмүүсийг цуглуулаад яриа хийгээд явж байдаг тэр имидж хүмүүст хүрчихсэн байгаагийн илрэл”. Тийм учраас хоёр дахь удаагийнхыг нь хүмүүс өвөрмөцөөр хүлээж аваагүй л болов уу. Тэр үйл явцыг “энийг хийх ёстой юм шүү” гэдэг талаас нь биш, ерөөсөө улс төрчид бол хүмүүсийнхээ дунд орж тэдний амьдралыг харж, тэдний толинд өөрийгөө ямар нэгэн маягаар харж байх нь асар чухал зүйл. Энэ бол улс төрд зүтгэж байгаа хүнд хийх зүлийн л нэг хэсэг болохоос биш содон болгох гэж бодож төлөвлөж хийсэн зүйл биш л дээ. Миний байгаа байдал л тэр.
-Монголын шилдэг илтгэгчдийг нэрлээч гэвэл таны бодлоор?
-Би цэрэгт байхдаа Б.Гэрэл багшийн, тэр үеийн Армийн эвлэлийн хорооны ажилтан ахмад Гэрэлийн илтгэлд нэг удаа сууж, ярьж байгаа хэлж байгаа зүйлийг маш их шүтэж байсан. Байгалиас өгөгддөг юм гэж байдаг бол хүний ярьж байгаа зүйлийг сонсох бишрэх хүсэл өгөдсөн байж магадгүй. Жишээ нь, багшийн илтгэлийг миний хажууд байгаа өөр нэг цэрэг огт анхаарахгүй байхад миний анхаарлыг гойд татаж байсан юм. Тэрнээс хойш, жишээлбэл, хэн нэгэн Монгол хүний илтгэж байгааг сонсоод би Гэрэл багшийн илтгэлд сууж сэтгэл хөдөлж байснаа санахгүй байна л даа. Тэгэхээр илтгэх урлаг маань нийгмийн бүхэл бүтэн үзэгдэл болж өрнөж байж л тийм хүмүүс /уран илтгэгчид/ гарч ирэх болов уу гэж би бодоод байгаа юм. Манай нэг хүн буюу тодорхой хүн яриад байгаадаа буруу биш, нийтээрээ, улс төрчид тэр түвшинд ярьдаг, хүмүүсээ ойлголцуулдаг түвшин байхгүй байгаа учраас л асуудал үүсээд байх шиг байгаа юм.
-Хүмүүс өөрөөсөө сайн ярьдаг нэгнийг маш их гоочилдог. Хоосон панаалдагч, бэлэн ам, шалдан гуя мэтээр элдвээр өргөмжилдөг л дөө. Ингэхэд таны хувьд дэлхийн шилдэг илтгэгчдийг нэрлээч гэвэл?
-Ер нь сайхан ярихын тулд тэр ярих хэмжээндээ очиж сэтгэх маш чухал. Би бол “сайн яръя гэвэл сайн сэтгэхийг хэлнээ” гэж хэлнэ. Сайхан зүйл ярья гэвэл сайхан сэтгэлтэй байж сэтгэлээсээ гаргаж хэлэх нь чухал. Хүмүүс шууд хараад л мэддэг. “Энэ худлаа яриад байна”, “энэ сэтгэлээсээ биш байна” гэж мэддэг. Сайхан яръя гэвэл тэр хүмүүст сэтгэлээсээ, ойлгомжтой, итгүүлэх түвшинд өөрийгөө бэлдсэн байх хэрэгтэй. Тийм түвшинд боловсорсон байхгүй бол “Битгий худлаа яриад бай, наадах чинь тийм биш шүү дээ” гээд захын хүн эсэргүүцдэг. Тэгэхээр бэлтгэл, өөрийгөө боловсруулах, өөрийгөө ойлгуулах чадварыг л сайн эзэмшсэн байх нь чухал. Би хувьдаа бодохдоо хүмүүс яриад л хэлэлцээд л миний өрөөнөөс 3 цаг яриад гарахад тэр яриан дотроос нэг юм уу хоёр санаа үлдчихдэг. Бүтэн ном уншиж байхад тэндээс ганц хоёр чухал санаа үлдсэн байдаг. Яг тийм мэдрэмжийг олж авах чадвар бол магадгүй хүнд цаанаас нь заяасан байж болох юм, гэхдээ тэрнийгээ байнга дэлгэрүүлж чадах юм бол амжилт юм. Бүтэн цагийн ярианаас ганц өгүүлбэр л чухал байдаг юм даа. Дэлхийн алдартай илтгэгчид гэвэл Авраам Линкольн ч юм уу, Мартин Лютер Кинг, Жон Кеннеди байна, Черчилл, Рейган зэрэг хүмүүсийг нэрлэх байна. Ер нь илтэх чадвар нь аливаа улс төрчийн нийгэмд эзлэх байр суурийн нэг шалгуур юм.
-Танд ер нь Ерөнхий сайдын хувьд Монголчуудыг бүх нийтэд нь ярианы урлагт төгөлдөржүүлэх, түүнийг ойлгодог болгох замыг хурдасгах боломж байна уу?
-Захиргааны аргаар үүнийг хийхэд хэцүү байж магадгүй.
-Бүр тодруулъя л даа. Та жишээ нь БСШУ-ны яамаараа дамжуулж Их дээд болон, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ярианы чадвараа хөгжүүлэх хичээлийг заавал үзэх хичээлийн тоонд оруулах боломж байна уу?
-Бололгүй яахав. Ер нь бол би тийм хичээлийг оруулах шаардлагатай гэж бодож байгаа. Уинстон Черчиллийн хэлсэн аугаа үнэн санаа байдаг. “Илтгэх урлагийг эзэмшсэн хүн эзэн хаадын сүр хүчнээс илүү удаан эрх дархтай байх болно” гэж, энгийнээр бол ийм чадвар нь төгөлдөржсөн хүн хаа ч газарддаггүй гэж. Хичнээн ч албан тушаалын шатнаас бууна, дахиад л босоод ирдэг, дахиад л гараад ирдэг тэгэхээр энэ дэлхий ертөнц дээр байгаа аугаа хүч чадал бол ярих урлагийг эзэмшсэн байх явдал юм гэж Черчилл их залуухандаа бичсэн байдаг /бүр 23 настайдаа/. Тухайн нийгэмд амьдрахын тулд чи амьтан л биш юм бол монголчууд хэлдэг “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэгчээр хүнтэй ярьж л ойлголцох хэрэгтэй. Хүнтэй танилцах, ажилд орох, дараа нь үйл ажиллагаа явуулах гээд бүхий л түвшинд ярианы урлаг, хүнтэй харьцах чадвар бол ерөөсөө байнга хөтөлж явдаг зүйл юм. Зөвхөн сайн ярина гэдэг бол нэг тал шүү дээ. Дээр нь харьцааны чадвар бусад олон зүйлүүд нэмэгдэж байж гайхалтай урлаг болдог.
-Та анх 27-хон насандаа Ардчиллын анхны үгсийг хэлж байсан. 1998 оны Ардчилсан эвслийн ахны засгийн газар огцорсны бурууг хүмүүс тань дээр тохож ярьцгааж байсан. Ер нь бүхэл болох бүтэхгүй зүйлийг таны нэртэй холбож бичдэг байсан. Тэр үед бараг таниас муу хүн Монголд байхгүй шахам шуугиж байсан. Дараа нь 2000 он шувтраад энэ дуулиан бараг чимээгүй болчихсон. 3 жилийн дараа “Нүүх үү, үлдэх үү” лекц өрнөж Монголчууд “Харвардын будаг нь үнэртсэн оюутны“ ярианд уухай нэмэн сонсцгоосон. Төдөлгүй Та Ерөнхий Сайд боллоо. Ер нь Черчиллийн хэлсэн “Хамаатан садан чинь чамайг хаяж, нөхөд чинь чамаас урваж, албаны шатнаас буусан ч илтгэх урлагийг эзэмшсэн л бол чи хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэсэн өгүүлбэрийг та биеэрээ туулсан юм шиг ээ?
-Аливаа хүн, ямар нэгэн зүйлийг бусдаас арай илүү хийж чаддаг байх явдал бол бас энэ амьдралыг баян, илүү утга агуулгатай болгодог л доо. Сайн дуулдаг ч юм уу, сайн сагс тоглодог байж болно. Сайхан гитар тоглодог, аль эсвэл хүнд тусархаг тийм залуу байж болно. Сургуульд байхад анги дотор нэг хүүхэд онцгой байдаг даа. Сайн зохион байгуулагч хүүхэд байдаг. “Өө чи л одоо зохион байгуул” гэдэг ч юм уу, нэг бол сайн юм бичдэг. Нэг бол гадаад хэл сайн эзэмшсэн ч юм уу. Тэгэхээр нэг зүйлд онцгой байгаад тэгээд тэрнийгээ олон юм болгож цааш нь үржүүлэх чадвар, байнга өөрийгөө боловсруулах хүсэлд хөтлөгдөж арга барилд суралцаж байгаа хүн бол ХЭНТЭЙ Ч ӨРСӨЛДӨХӨД ДИЙЛДЭШГҮЙ хэмжээнд хүрч болох байх гэж боддог юм. Нэгэнт энэ нийгэм маань чөлөөтэй байгаа. Одоо бид нарыг ч гэсэн 1990 онд л энэ Элбэгдорж, Бат-Үүл, Зориг нар явж байсан. Одоо болсон доо гэдэг. Би жирийн залуучуудад хэлдэг юм “Та нар зүгээр л нээлттэй бай, тэр үед биднийг хэн ч дэмжээгүй, би хувьдаа л татаас түлхээстэй дарга цэргийн хүүхэд байгаагүй, бүр харин цэргийн офицер байсан. Тухайн үед байснаар нь авч үзвэл цэргийн гэдэг нь хамгийн их адлагдаж, хамгийн их дарагдаж хүнд нөхцөлд байсан. Би зүгээр л тэр жижигхэн түвшинд зарлал наагаад л адилхан цуглаан удирдаад л гүйж явсан. Хэн ч намайг энийг татаад нэг юманд хүргээдэхье гэсэн юм байгаагүй юм аа, цэвэр өрсөлдөөн дундаас цэвэр нийтийн бужигнаан дундаас л бид нар хамтдаа явж байгаа улсууд“ гэж хэлдэг. Тэгэхээр энэ боломж бол бүхий л хүнд байгаа. Боломжийг ашиглах чадвар бол эрх чөлөөнд байдаг аугаа зүйл. Эрх чөлөө өөрөө боломжийг олгодог. Тэгээд л хоорондоо өрсөлд. Жишээ нь, хүмүүстэй хийж буй уулзалтанд очоод миний ярьсан зүйлээс хажуудах хүний маань яриа хүмүүст хүрээд хүмүүс тэр хүнд илүү сонголт хийж байгаа бол надад ерөөсөө гомдох юм байхгүй. Тэгэхээр л урд чинь явж байгаа тэр хүмүүсээс та нар нэг бол бүх талаараа, эсвэл ямар нэгэн талаараа тэр хүний давуу талаас илүү давуу талыг эзэмшиж байж л түүний өмнө гишгэнэ. Тэгэхээр хэн нэг нь саад болж байна, одоо энэ хүн алга болоодохвол юм уу, энэ хүн зайгаа тавьж өгвөл бид зайгий нь эзэлнэ гэж битгий бод. Тийм зай бол байнга байж байгаа. Мөнх эзлэгдсэн зай биш. Тийм учраас тэр зайг эзэлж авна гэдэг зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Гагцхүү тухайн хүнээс шалтгаалах учраас бусадруу давшлахгүй хэмжээнд л явбал зөв. Тийм л нийгэм байгуулах гэж зүтгэж байгаа гэсэн бодол л байна даа.
-Найрагч байх нь заяаных, илтгэгч байх нь зүтгэлийнх гэсэн үг байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Би өөрийгөө тийм мундаг илтгэгч гэж боддоггүй. Өөрийгөө голох үе байдаг. Зарим хүмүүс намайг сайн ярьдаг, сайхан ярьдаг гэдэг, гэтэл би хэзээ ч ээжийгээ давж ярьж чаддаггүй. Би телевиз радиогоор их олон удаа ярьсан байх, ээж маань ганц нэг удаа л ярьсан байх. Тэгэхэд манай хүний ярьсан юм, зарим нэг хүнд бол миний ярьснаас илүү хоногшчихсон байх жишээтэй. Тэгээд дээр үеийн чулууны бичиг, өвөг дээдсийн сударт өгүүлсэн үгс бол үнэхээр “ямар гайхамшигтай” өндөр түвшинд, оюуны өндөрлөгт хүрсэн байсан юм бэ гэж бишрэл ямагт төрдөг. Тэгэхээр тийм өндөр түвшинд байсан ард түмний үр сад юм, бид нар. Би бол өвөг дээдсийнхээ өмнө үргэлж өөрийгөө голох болдог. Нууц товчоон дээр байгаа үг, өнчин хүүгийн цэцэлсэн шашдир, Түрэгийн чулууны бичээс гээд олон арван оюуны тунгаамал дээжийг аваад уншиж байхад бол яруу тунгалаг, оновчтой хэлж байгаа байдал нь үнэхээр гайхамшигтай байгаа юм. Тэр түвшинтэй харьцуулахад бол би бол яагаа ч үгүй л байгаа. Бас бидний генинд, бидний эд эс дотор тэр агуулагдаж яваа, тэгэхээр үүнийг сэргээхэд, бий болгоход Монголчуудад төдийлөн бэрх биш байх гэж би бодож байгаа. Ялангуяа Монгол улсын хувьд баруун зүгийн увс, ховд талын /за би нэг их олон аймаг сайн мэдэхгүй/ хүмүүстэй ярьж байхад бараг шүлгээр ярьж байдаг. Муу үг хэлж бараг хараал тавьсан ч шүлгээр, хүнтэй уулзахад шүлэг, зүйрлэл гээд ерөөсөө тэр чигтээ Риторик, уран цэцэн санаа байдаг. Энэ бол асар гайхамшигтай юм. Тэгэхээр тэр амьдрал дотор, тэр ахуй дотор асар их гайхамшигтай зүйлс байгаа. Би 16 нас хүртлээ хөдөө амьдарч л байсан. Тэгээд тэндээс тасраад хотруу орж ирээд дараа нь гадаад дотоодын сургуульд яваад миний ярианы суурь алдагдсан. Магадгүй би өдийд хонь хариулаад өөрийнхөө суманд ардын аж ахуйтан болчихсон сууж байгаа бол илүү Монгол ахуйгаар сэтгэдэг, илүү монгол яриагаар сайхан ярьдаг, өнөөдрийн түвшинээсээ ч илүү хүн байж болох байсан тухай хааяа боддог юм. Ярих урлаг нь заавал том сургуульд сурах бус, заавал ярианы урлагийн мундаг хүмүүсээр хичээл заалгаж олдог бус бидний дотор байгаа зүйлийг л мэдэрч, тэрхүү эрдэнэс сувдыг нь олж авч өөрийн болгох хэрэгтэй. Төрөхөөс нь авхуулаад л бараг л бүүвэйлж байхдаа л, хөлд орж байхдаа л тэр хүүхэд “тэрнийг” /өв уламжлалаа/ хөхөж өсч байгаа учир “тийм” /яруу илтгэгч/ болдог байх гэж би боддог. Тийм уламжлал, тийм боломж монголчуудад байгаа.
-1996 онд Ш.Сүхбаатарын бичсэн “Толгойдоо тооны машинтай зурхайч” гэж ном уншиж байлаа. Тэр ном нь зурхайч Дашдамба хэмээх өвгөний эгэл агаад энгүүн амьдралын тухай өгүүлдэг юм. Дашдамба өвгөн 1990оны цуглаануудын хамгийн эхний эгнээнд идэвхитэй оролцсон их л ардчилсан үзэлтэй нэгэн байв. Тэрээр нэг удаа “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл” нар нь 1939 онд хэлмэгдэж буудуулсан лам нарын хойд дүрүүд юм. Одоо тэд дахин төр улсыг төвхнүүлэхээр ирцгээсэн” гэж зурхай зураад өгүүлж суусан байдаг. Та ер нь шашинд хэр элгэсэг вэ? Та маргаашийнхаа юунд илүү итгэдэг вэ?
-Би сүнс, оюун санаа гэдэг зүйл уламжлагддаг гэдэгт итгэдэг. Тэр утгаараа өнөөдрийн байгаа бидний үеийнхэн гэдэг бол өмнөх үеийнхнийнхээ ямар нэгэн уламжлал, үргэлжлэл юм. Би нэгэн ном уншиж байсан. Тэр номонд бурхан багш гэгээрээд өмнөх бүх үеэ харсан гэж өгүүлдэг. “Би 34 дэх үе дээрээ тийм байж, 33 дахь үе дээрээ тийм байж” гэхчлэн өмнөх бүх үеэ хараад дараа нь ирээдүйд төрөх өөрийн бүх үеэ ч бас харсан байдаг. Хүний чадвар, тэр дундаа оюуны чадвар гэдэг асар их гайхамшгийн үүд юм. Нэг удаа Леонардо да Винчигээс асууж байсан. Та ийм аугаа хүн. Яахаараа ийм аугаа байна аа гэж асуухад, “хэдхээн хором л төвлөрч сур”, 5-хан минут нэг зүйлийн тухай бод гэж зөвлөсөн байдаг. Яг бодоод үзэхээр 5 минут төвлөрөнө гэдэг маш хэцүү. Нэг минут ч төвлөрөх нь амьдралд хэцүү байдаг. Сэтгэлээ нэг зүйлд төвлөрүүлж, хандлагаа өөрчилнө гэдэг бол аугаа зүйл юм л даа. Шашин гэдэг бол зүгээр нэг хоосон номлол гэхээсээ илүүтэй, оюун ухааны гайхамшгийг өртөөчлөн уламжлуулж ирсэн гол дамжуулагч юм. Шашин гэдгийг хувь хүн хэрхэн ойлгож авах нь өөрөөс нь л шалтгаалдаг зүйл шүү дээ. Тэр бол аугаа их баялаг, аугаа их боломж. Тийм учраас өрнөх ирээдүйд ч бидний ул мөр үлдэх болно. Бид ч бас өмнөх үеийнхнийхээ ул мөр юм.
-Та Илтгэх урлагт суралцаж, ярианы чадвараа хөгжүүлэх гэж байгаа болоод нийт залуустаа хандаж зөвлөгөө өгнө үү?
-Ер нь хэзээ ч төгс төгөлдөрт хүрдэггүй гэсэн үг байдаг юм. Гэхдээ л төгс төгөлдрийн төлөө байнга тэмцэж байх ёстой. Нэг л өдөр би сайн хүн болчихно гэж бодохын ч хэрэггүй. Сайн байхын төлөө, сайн хүн болохын төлөө, сайн үйл бүтээхийн төлөө байнга л тэмүүлж байх хэрэгтэй. Амьдрал нь дэгжихгүй хэцүү байсан ч гэсэн тухайн байгаагаараа бас жаргалтай байдаг философи байдаг. Хүн бүхэн заавал том удирдагч, хүн бүхэн заавал том бизнесмэн байх хэрэггүй. Зүгээр л энэ хорвоод ирснээрээ тэнд мал маллаад явж байгаа, тэнд морь уургалаад давхиж байгаа, тэнд үнээ саагаад сууж байгаа, барилга бариад явж байгаа хүмүүс өнөөдрийн л энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж өөрийнхөө сэтгэлээрээ л жаргаж явахаас илүү жаргал гэж байхгүй. Өөрийнхөө байгаа байдлаа муу байна, хэцүү байна гэж бодоод сэтгэлээр унаад л байх юм бол муу энерги хуримтлагдаад л тэрнээс цаашаа үнэхээр явахгүй болчихдог. Далай ламын нэгэн сургаальд “Шинэ зуун их өөр зуун болноо, яагаад гэвэл шинэ хүмүүс ирж явна” гэж хэлсэн. Би үнэхээр шинэ зуун өөр зуун болно гэдэгт итгэж байгаа. Тэр ирж яваа шинэ хүмүүс бол өнөөдрийн амьдарч байгаа энэ үеийнхнээс байнга илүү, байнга боловсронгуй, байнга төгс төгөлдөрлүү ойртсон тийм хүмүүс байна гэдэгт итгэж байна л даа. Гэхдээ миний Нэгдүгээр ангид мэдэж байсан зүйл, тэр үед авч байсан мэдээллийг өнөөдрийн нэгдүгээр ангийн хүүхэдтэй харьцуулбал бидний аравдугаар ангид юм уу, дээд сургууль төгсч байхдаа авч байсан мэдээлэлтэй бараг л дүйцэж очиж магадгүй. Ийм их мэдээллийн эринд амьдарч байгаа болохоор тэр хүмүүс гайхамшигтай байгаа юм л даа. Багаасаа тэр чанарыг эзэмших, ээж аавынхаа сургааль номлолыг багаасаа хүртэх хэрэгтэй. Ээж аавууд хүүхэддээ сайн юмаа л өвлүүлэх гэж сургадаг.
-Та ер нь хүүхдүүддээ хамгийн сүүлд хэзээ үлгэр ярьж өгсөн бэ?
-Ер нь дээр үеийн надад ярьж байсан шиг тийм урт үлгэрүүд ярьдаггүй болсон. Одоо үед гарч байгаа хүүхэлдэйн кинонууд чинь тэр чигээрээ үлгэр шүү дээ. Миний ярихаас хэд дахин гоё өнгөтөөр дүрсээр, хөдөлгөөнтэй гоё үзүүлдэг болчихсон. Гэхдээ хуучин телевизор, мэдээлэл байхгүй байх үлгэр ярьдаг үед нэгэн сайхан тал байдаг байжээ. Орой гэртээ ороод хүүхдүүддээ л сайн юмаа ярьж өгдөг, үлгэрийг нь ярьж өгдөг, аав ээж нь багадаа яаж амьдарч байсан юм, өвөг дээдэс нь ямар хүмүүс байсан юм гээд хамаг л сайн сайхан юмаа ярьж суудаг. Нэг үгээр бол гэр бүлийн халуун дулаан хүмүүжил гэдэг маань өнөөдрийн мэдээлэл технологиор дамжаад алга болоод байна. Энэ маань өнөөдрийн энэ өндөр хөгжил дэвшлийн түмэн давуу талын нэг сул тал нь байж болох юм. -Ахмад буурлуудын тэр сайхан яриаг сонсдог чадваруудыг хүүхдүүдэд сургах нь чухал. Ялангуяа хүүхдүүдийг хөдөө авч явж үзүүлдэг байдал зүгээр. Гадаадад хүмүүс сонгууль өгөхдөө заавал хүүхдээ хөтлөлцөн алхаж явдаг. Тэр чинь нэг юм хэлээд л байгаа юм. Бидэнд ч гэсэн буруу юм их бий. Жишээ нь би хүүхдүүддээ хамгийн сүүлд хэдийд үлгэр ярьснаа санахаас биш, яг дээр үед өөрийн сонссон уламжлагдсан зүйлээ ярихгүй байх жишээтэй.
-Ярилцлага өгсөн таньд их баярлалаа.
-Баярлалаа. Амжилт хүсье.
2005.10 сар
“Rhetoric ба Байлдан дагуулахуйн урлаг 2006” номоос.
Сүхбаатарын Эрдэнэболд
Бөхчулууны Энхболд
No comments:
Post a Comment