2008 оны 11 сарын 21 http://www.dayarmongol.com/
Америкийн Индианагийн Их сургуулийн Хуулийн сургуульд суралцаж буй С.Эрдэнэболдын "АМЕРИКТ ХУУЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ" ном хэвлэгдэн гарлаа.Энэ номонд АНУ-ын эрх зүйн тогтолцооны тухай, хуулийн сургуулиудын нийтлэг стандарт, хичээл хэрхэн явагддаг, хуулийн сургуульд хэрхэн элсэн орох хийгээд нийтлэг шалгуур зэрэг үндсэн ойлголт, мэдээллүүд багтсан. Зохиогч энэ номоо Индианагийн Их Сургуульд суралцсан туршлагадаа үндэслэн бичсэн байна.
Шүүхийн ажиглалт
/"АМЕРИКТ ХУУЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ" Номын бүлгээс
“When the law ends, there tyranny begins”
William Pitt
“Хэзээ хууль хэрэгжихээ болино тэр мөчид дарангуйлал тогтоно”
Виллиам Питт
Энэ үг Блүүмингтон хотын шүүхийн ордны босго давангуут угтан авна. Хананд томоос том сийлсэн дээрх бичгийг анх удаа орж ирсэн хүн зогтусан харж байхыг олон ажиглав. Индианагийн Их Сургуулийн Хуулийн Сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг шүүх үйл ажиллагаатай танилцах дадлагын хичээл хоёр сар орчим үргэлжилсэн юм. Өглөөний найман цагаас оройн дөрвөн цаг хүртэл шүүхийн байран дээр ирж хориглосон тэмдэгтэйгээс бусад шүүх хуралдааны танхимд орох боломжтой. Шүүх ордонд ороход металл илрүүлэгч бүхий шалгалтыг давсан байхыг шаардах боловч ямар нэгэн бичиг баримт авч очихын хэрэггүй. Зүгээр хуулийн оюутан гэдгээ хэлэхэд л хангалттай. Эрүүгийн, иргэний, жижиг хэргүүдийн гэсэн ангиллаар хэдэн арван шүүх хурал нэгэн зэрэг зохион байгуулагдана. Бүх юм энгийн. Иргэдийн төлөөлөлтэй шүүх хуралд сууж ажиглалт хийх нь сонирхолтой. АНУ-ын эрх зүйн тогтолцоог цөмд нь ороод ажиглаж буй практик үйл ажиллагаа болохоор цаг хугацаа хэдий хурдан өнгөрч байгааг үл анзааран шимтэн ажигладаг байлаа. Эх орондоо байхдаа үздэг байсан Америк кинон дээр гардаг шиг хуучны модон тавилга, нүсэр ширээ сандал кинон дээр гардаг шиг сонин адармаатай хэргүүд тэр бүрий тохиолдохгүй. Гэхдээ хэрэг шийддэг том том танхимууд бий.
Эрүүгийн зүйл заалтаар яллагдаж буй оролцогчтой шүүх хуралд доод тал нь таваас зургаа, дээд тал нь арав гаруй харгалзагч цагдаа нар байлцдаг. Шүүгчид маш энгийн харилцаатай. Шүүх хурлын дараагаар хурлыг сонирхсон мань мэтээс асуух асуулт байгаа эсэхийг лавлаж дэлгэрэнгүй тайлбар хийж өгөөд дараа дараачийн шүүх хурлууддаа урих нь олонтаа. Заримдаа шүүгч нар зав гарвал олон улсын оюутнуудаас тухайн улсынх нь шүүх тогтолцоо, шүүхийн процессын янз бүрийн асуулт тавьдаг. Нэг удаа надаас Монголд шүүх хурал хэрхэн явдаг тухай асууж билээ. Ром-германы тогтолцоонд суурилдаг, өмгөөлөгчийн оролцоо Америкийг бодвол харьцангуй чөлөөтэй биш зэргээрээ ялгаатай боловч зүй тогтлын хувьд тийм ч их зөрөөтэй санагдсангүй. Хамгийн гол ялгаа нь Америкт шүүх хурлын танхимд хүссэн, сонирхсон хүмүүс орж ирээд үзээд сууж байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүртэл дагуулаад танин мэдэхүйн зорилгоор сонирхуулж байх жишээтэй. Шүүгчид, өмгөөлөгч хуульчид ч энгийн дотно харьцаатай байх нь сонин. Монголд бол бидний төрийг хүндэтгэх сэтгэл зүй давамгайлж шүүхийн танхимд Америкт байдаг шиг чөлөөтэй байх бололцоогүй. “Red corner” гээд Ричард Гирийн тоглосон нэг кино байдаг. Үйл явдал Хятадад болж өнгөрдөг. Хилс хэрэгт тулгагдсан Гиррийг Хятадын шүүх ямар харгисаар шүүж байгааг харуулдаг. 10-аад жилийн өмнөх кино л доо. Тэрний дэргэд бол Монголын эрх зүйн тогтолцоо, ардчиллын ололт тэс өмнөө, ангид түвшинд хүрчихсэн байгаа. Шүүхийн ажиглалтыг сайтар хийж тодорхой цагийн болзлыг хангасны дараа хянан ажигласан хэрэг бүртээ дүгнэлт, тайлбар бичиж бие даалтын ажил болгож профессорт хураалгана.
Кейсийн түлхүүр үгийг хэрхэн уншдаг вэ?
Шүүх хуралдааныг ажиглахаар ордон руу ороход мэдээллийн самбар дээр хэргийн код дугаарыг бичсэн байдаг. Тэрхүү кодыг нь тайлж уншаад тухайн өдөр хэдэн цагаас ямар кейс шийдвэрлэхийг мэдэж авч болдог. Үүнийхээ дагуу ажиглалтын график гаргаад л ажилдаа орно. Жишээ нь самбар дээр “53CO1-0402-MR-001” гэсэн код байвал дараах байдлаар тайлж уншина. “53” гэдэг нь “Моnroe County” буюу манайхаар бол сум маягийн засаг захиргааны нэгжийн код юм. “CO1” гэдэг нь “Circuit Court Division 1” буюу Нэгдүгээр тойргийн шүүх гэсэн үгний товчлол юм. Дараагийн “0402” гэдэг нь он сарыг зааж буй тэмдэг. Хэрэг 2004 оны 02 дугаар сард үйлдэгдсэн гэсэн үг. “MR” гэдэг товчлол нь “murder” буюу хүн амины хэрэг гэсэн үг. Арынх нь “001” гэсэн тоо тухайн жилийн хэд дэх хэргийг зааж буй утгатай. Ийм байдлаар бүх гэмт хэргүүд товчлол үг, таних кодтой байдаг.
Хуулийн сургуулийн номын сан
Эрдэм боловсрол эзэмшихэд эрмэлзлэл төрүүлэхүйц орчин хамгийн чухал биз ээ. Хоёр зуун жилийн түүх өгүүлсэн хүрэн модон ширээ, хуучны мебель номын шүүгээ, уран зураг, түүхт баримал гээд энэ бүх сонгодог орчин бол Индианагийн Хуулийн Сургуулийн номын сангийн дүр зураг юм. Хэдэн зууны түүх өгүүлсэн зузаан зузаан ботиуд, эрх зүйн лавлах толь бичгүүд, нэвтэрхий толиуд, бүхий л цаг үеийн Америкийн болоод дэлхийн эрх зүйн түүх өгүүлсэн дэвтрүүд эгнэн өрөгдөж таван давхар сүндэрлэсэн Индианагийн энэхүү хуулийн номын сан бол Америкийн Нэгдсэн Улсын 2008 оны Хамгийн шилдэг хуулийн номын сангийн жагсаалтанд тэргүүлж их сургууль, муж улсын нэгэн бахархалд тооцогдоод байна.“National Jurist” хэмээх Нэгдсэн Улсын зэрэглэл тогтоох томоохон төвөөс гаргасан судалгаагаар АНУ-ын хамгийн том 183 хуулийн сургуулиудыг жагсааж тэдгээрийн номын сангуудыг байр эзлүүлжээ. Индианагийн Их Сургууль (Indiana Law school) 9.35 оноогоор тэргүүлсэн бол, домогт Иелийн Их Сургууль (Yale Law school) 9.20 оноогоор хоёрдугаарт, Стэнфорд (Stanford law school) 8.25 оноогоор жагсаалтын есдүгээрт, Чикагогийн Их Сургууль (University of Chicago) 8.05 оноогоор 11 дүгээрт, алдарт Калифорни дахь Лос-Анжелосын Их Сургууль (UCLA) 7.90 оноогоор 14 дүгээрт, Дюкийн Их Сургууль (Duke Law school) 7.80 оноогоор 15 дугаарт, гайхамшигт Корнель (Cornell Law school), Жоржтаун (Georgetown Universty), Бостоны Их Сургуулиуд (Boston University) 24, 25, 26 дугаар байруудад жагсаж бидний хамгийн сайн мэдэх Харвардын Их Сургуулийн (Harvard Law school) хуулийн номын сан 7.30 оноогоор жагсаалтын 27 дугаарт орж байна.
Номын сан ашиглах
Индианагийн Их Сургуулийн Хуулийн номын сан Америктаа Нэгдүгээрт бичигдэхээс гадна Нэгдсэн улсын 20 том хуулийн номын санд багтдаг. Хуулийн номын санд бүхэл бүтэн мэргэжлийн баг хамт олон ажиллах бөгөөд компьютер тоног төхөөрөмж, хэвлэх машин принтер, уулзалтын өрөөнүүд, цайлах амралтын өрөөнүүдийг оюутанд тухтай байдлаар тохижуулсан байдаг. Их сургуульд орсон эхний долоо хоногт олон шинэ зүйлд бүртгүүлэх, өөрийн өмчлөлийн эд агуурсаа олж авах гээд тун завгүй өрнөдөг. Жилийн турш өөрийн эд хэрэглэл, ном сурах бичгийг агуулах боломжтой электрон түгжээ бүхий ханын шүүгээг оюутнууд захиалан авах боломжтой. Номын сангийн хамгийн чухал зүйл бол “Каррельс” хэмээн нэрлэгддэг оюутан бүрд хичээлийн жилийн турш хэрэглэх ширээ сандлыг нь оноон өгдөг зарчим юм. “Carrels” буюу суудал хуваарилах систем
Манай номын сан давхар бүртээ оюутны судалгаа хийх, бие даалтаа гүйцэтгэх ая тухтай байдлыг хангасан жижиг жижиг тасалгаануудтай. Тасалгаа бүрийн самбар дээр эзэмшигч оюутны нэрийг бичсэн байх. Оюутанд ийнхүү өөрийнх нь нэр дэр ширээ оноож өгөх нь сурах эрмэлзлэл, идэвх санаачлагыг дэмжсэн, нөгөө талаар маш сайн зохион байгуулалттай менежмент юм.
Хууль зүйн сурах бичиг, эх сурвалж
Ер нь хичээл бүрт тэр тусмаа профессор болгон тухайн жилд өөрийнх нь хичээл дээр ашиглах номын жагсаалтыг гаргаж сургуулийн албан ёсны вэб сайт дээр байрлуулдаг. Эсвэл номын дэлгүүрүүдийн холбогдох сэдэв бүхий лангуун дээр профессорын нэрийг тухайн жилд хэрэглэх номтой нь хамтад нь бичсэн байдаг. Бараг багш болгон өөрийн хичээлийн зарчим, танхимд баримтлах дүрмүүд, хичээлийн идэвх оролцоо, дүгнэх шалгуур, шалгалтын хэв маягийг илтгэсэн урьдчилсан “хөтөч хуудас” болох “Syllabus”-ийг хичээлийн эхний өдөр тараадаг. Түүн дээр ямар ном хэрэглэхээ маш тодорхой бичсэн байдаг. Хичээл бүр, тэр дундаа хуулийн сургуулийн хичээл бүр өөр өөрийн гэсэн онцлогтой тул багш болгон хамгийн доод тал нь 5-6 үндсэн ном заавал худалдан авах номын жагсаалтанд оруулах буюу дээр нь худалдаж авч болохуйц санал болгосон цөөнгүй номын жагсаалт бичдэг. Тэр болгоныг нь дэлгүүрт байгаа үнээр авсан тохиолдолд нэг семестрт 800-1000 орчим ам.долларын ном авах ёстой болдог. Би хичээлийн жилийн эхний хагаст л гэхэд 500 гаруй долларын ном авч байсан, дараа хагаст нь бас л түүнээс багагүй хэмжээний мөнгийг ном сурах бичгийн зардалд зарцуулах хэрэгтэй болдог. Ном авахдаа мөнгөө хэмнэх энгийн арга бол дэлгүүрийн лангуун дээр байгаа номууд интернэтэд хямд үнээр борлуулагддаг учир интернэтээр захиалах, нэг бол хичээл эхлэхээс өмнөхөн шиг найдвартай хэрэглэгдэх нь батлагдсан хуучин номыг худалдаж авах хэрэгтэй. Гэхдээ хуучин номыг болгоомжтой авахгүй бол 6 сар хэрэглэгдээд дараачийн хувилбар нь гардаг номууд цөөнгүй бөгөөд профессорууд зөвхөн шинэ хувилбарыг л шаарддаг тохиолдол бий. Хичээл эхлэхэд 139 ам.доллараар худалдаж авч байсан ном 6 сарын дараа 1 доллар болтлоо хямдарсан байдаг. Учир нь цагийн юм цагтаа буюу дараагийн хувилбар хэвлэлтээс аль хэдийнээ гарчихсан байх жишээтэй. Хэрэв хуучин хувилбар нь дараа жил хэрэглэгдэх бол үндсэн үнэнээс нь 20 дахин бага үнээр номын дэлгүүрүүд худалдан авдаг. Номын энэ төрлийн бизнес нь үйлдвэрлэгчид болоод зохиогчид сая сая долларыг цутгаж байдаг маш том зах зээл юм билээ. Хуулийн сургуулийн аливаа хичээлд олон ном ашиглахыг санал болгох ч үндсэн сурах бичгийн чанартай 1-2 ном голлон ашигладаг. Тус бүрдээ багаар бодоход 1500-2000 хуудастай. Дөрвөөс таван хуруу зузаан. Нэг өдөр гурван хичээл сонгосон оюутнууд голдуу дугуйтай чемодан чирчихсэн яваа харагддаг. Номууд нь цүнхлээд багтахгүй, бас даагдахгүй учраас ингэхээс өөр аргагүй. Тэрхүү зузаан зузаан номуудыг хором хормоор мэрж унших гэж хуулийн оюутнууд шөнө дөл болтол, шалгалтын үеэр бол үүр цайтал номын сандаа хоноцгоодог. Харь хэлтэн миний хувьд эхлээд тэр зузаан номуудыг хараад хөмсөг зангидаж л байлаа. Харин дэлгүүрүүдэд тухайн үндсэн сурах бичгүүдийг товчилсон “summary book” нэртэй хялбарчилсан гарын авлагууд зарагддаг болохыг олж мэдээд учрыг амархан олсон юмдаг. Томоохон кейсүүдийг уншихаасаа өмнө товчилсон эхийг нь уншиж ойлгочихоод тэгээд том кейсээ нэг бүрчлэн бүтнээр нь уншихад зүрх алдаад байдаггүй. Харин шууд зузаан ном руугаа ороод явчихвал зарим тохиолдолд живчих аюул угтдаг. Харин хоёрдугаар семестрээс эхлээд товчилсон номоо оюутнууд голж үндсэн зузаан сурах бичиг рүүгээ анхаарлаа хандуулж байгаа харагддаг. АНУ-ын хуулийн сургуульд сурч байгаа тохиолдолд Нэгдсэн Улсын эрх зүйн тогоонд болж байгаа болон дэлхий дахинд өрнөж буй цаг үеийн мэдээллүүдийг шуурхай авах даалгавар өгөгддөг. Өглөө бүр хичээлдээ гарахаас өмнө www.nyt.com буюу New Yourk times сонины шинэ мэдээлэл, манай мужийн үндсэн сонин болох, Herald Times сонины шинэ чухал мэдээллүүдийг уншсан байх нь тухайн өдрийн хичээл дээр хэрэг болох мэдээллүүд байдаг. Өглөө хичээлдээ явахад автобусны зогсоол дээр үнэгүй сонин түгээдэг цэг байх агаад тэндээс Индианагийн Их Сургуулийн өдөр тутмын сонин болох “Indiana Daily Student”-ийг шүүрэн аваад замдаа гарчиглана.
1 comment:
email hayagaa uldeegeech. asuult bain a.
Post a Comment