"Зураг түүх өгүүлнэ" (001)
Энэ зун Төв аймгийн 10 гаруй сумдаар
тойрон лекцийн арга хэмжээзохион байгуулж хэд хоног давхисан юм.
Тэр үеэр Борнуур сумын "Соёлын төв"-ийн гадаа хөдөөгийн багачууд ижий аваа дагаад ирцгээжээ. Энэ бол тэдний зураг.
Тэд өнөөдөртөө улс орноо хөгжүүлэх тухай бодоогүй байгаа, тэдэнд Америкийн эдийн засгийн хямрал, Хойд Солонгосны цөмийн зэвсгийн асуудал, бас өмнөд туйл судлал болон дэлхийн дулаарлын асуудал хамаагүй. Тэд Барак Обамагийн сонгуулийн шуугиан, арьс өнгөний үзэл, бас жалга нугын өрсөлдөөн зэргийг мэдэхгүй. Тэд энэ орчлон дээр болж өнгөрч буй олон чухал үйл явдлыг анзааралгүй өнгөрөөж байгаа. Харин тэдэнд ээжийнх нь хайр, аавынх нь энэрэл, ах дүүгийнх нь хамгаалал, хааяа 100 төгрөг олдвол ТҮЦ-нээс авдаг бохь, хөөрхөн хээнцэр даашинз юм уу Цагаан сараар эмээгийнх нь хийж өгдөг монгол дээл сонин. Бидний үрс өсөн өндийж байна. Бидний дараагийн үе өнөөдрийн эрээн бараан, гэгээтэй хийгээд гэрэлтэй амьдралын дор үл анзаарагдам торниж байна. Бидний өмнөх үеэс өвлөн авсан зүйлсийг биднээс өвлөн авч явах ирээдүйн Монгол улсын иргэд энд сууж байна. Тэд нэгэн цагт тун удалгүй чөлөөт дэлхийн нэгэн орны томчууд болж дэлхийд данстай, их түүхийн өлгийн Монгол гүрний нэгэн үеийн эзэд болно. Тэд эх орны хувь заяаг залуурдалцаж, дурлаж, гэрлэж, ээж аав болж, гадаад явж, эргэж ирж, төрд зүтгэж, компани байгуулж бас мал маллана. Тэд барилга барьж, ном бичиж бас дараа үеийн ирээдүйн иргэдийг хүмүүжүүлнэ. Тэдний үеийн дэлхий ертөнцийн бүхий л үйл явдал тэдний хувьд онц чухал сэдэв болж хувирна. Тэд өнөөдөр харин энд эрх чөлөөт Монгол улсад нүүрээ сайрттал тоглоод эрх дураараа сууцгааж байна. Тэдний харцанд аз жаргалтай орны иргэд байх хүсэл тэмүүлэл бий. тэдний жижигхэн булбрай алганд маргааш бидний төлөө сайн үйлс хийх "түлхүүр" бий.
No comments:
Post a Comment