Wednesday, November 19, 2008

Н.Лүндэндорж: Эрх чөлөөний тэмцлийн тухай анализ


Өдрийн Сонины сайтаас

Б.Хажидмаагийн ярилцлага


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, фи­лософийн ухааны доктор (PhD), хууль зүйн шинжлэх ухааны доктор (SсD), про­фессор Н.Лүндэндоржтой ярилцлаа.


-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой шүүх хурлууд үргэлжил­сээр байна. Тэр үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?


-Энэ талаар би өмнө нь байр сууриа илэрхийлээгүй. Үйл явдлаас хойш өнөөг хүр­тэл бодож тунгааж байгаагаар минь долдугаар сарын 1-нийг нэг хүн дүгнэх хэрэг явдал биш л дээ. Нийгмээрээ дүг­нэх, сургамж авах зүйл. Одоо харахад нэг л өрөөсгөл тал ажиглагдаад байна. Тэр өдөр зөвхөн гэмт этгээдүүд гэмт хэрэг үйлдсэн гэдэг ганцхан талаас нь харж, шүүж байна. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол цээрлүүлэх нь зүйн хэрэг. Харин тэр өдрийн үйл явц нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан Үндсэн хуулийн эсрэг маш ноцтой гэмт хэр­гийг ард түмэн эсэргүүцсэн талаас нь бас харах ёстой. Тэгвэл гэмт хэрэг үйлдэх шалтгаан таригсдыг бас шүүх хэрэгтэй болно. Сонгуулийн хууль зөрчигдсөн үү гэвэл зөрчигдсөн. Санал худалдаж авсан уу гэвэл авсан. Баримт зөндөө бий. Ард түмэн мэдэж байгаа. Сант-Маралын судал­гаанд оролцогчдын Улаанбаа­тарт 68.8, хөдөө орон нутагт 49.9 хувь нь УИХ-ын сонгууль сэтгэлд нийцээгүй, булхай, луйвартай болсон гэж үзсэн байна. Засгийн эрхийг хууль бусаар хэсэг бүлэг хүн авсан гэх таамаг, сэжиг, хардлага үнэн рүү улам бүр ойртоод байгаа юм биш үү. Ард түмэн тийм гэх, эрх баригчид үгүй гэхийн ялгааг өнөөгийн ний­гэмд ойлгож ядах юмгүй. 20 шахам мянган хүн яагаад аяндаа цугларч, юуг эсэргүү­цэв гэдэг нь санаандгүй зүйл яавч биш. Нийтийн дургүйцэл дээд цэгтээ тулсны илрэл. Энэ нь одоогийн манайхны "сонгуулийн будлиан" гэж зөөлрүүлж, жижгэрүүлж яриад байгаа ноцтой гэмт хэрэг гарсныг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн, үзэн ядсан хүмүү­сийн тэмцэл. Үүнийг л шалгаж тогтоох ёстой байсан. Харам­салтай нь тэгсэнгүй.

-Үнэхээр сонгууль гэдэг нэрийн дор засгийн эрхийг хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар авсан байвал яана?

-Хуулийн дагуу засахыг хүлээгээд хууль бус засаг төртэй байх уу. Нийгмийн бухимдал нийгмийн дэг жур­мыг алдуулах нь бүү хэл гэмт хэрэг ч үйлдэж болзошгүй байдаг учраас хууль хянал­тын байгууллага оршдог. Тэд зохих ёсоор ажиллаагүй, ажил­луулаагүйн хариуцлагыг Үндсэн хуулийн ололтыг хамгаалсан хүмүүс үүрэх ёстой юу гэсэн эгзэгтэй асууд­лууд үүснэ. УИХ 76 гишүүнээс бүрэлдэнэ гэж Үндсэн хуульд заасан. Энэ бол зүгээр нэг тоон хязгаар биш. Төлөөлөх чадварыг илэр­хийлсэн хууль зүйн на­рийн агуулга. УИХ бол хам­тарч шийдвэр гаргадаг бай­гууллага. Нэг л хүн хууль бусаар мандат авсан байхад УИХ төлөөлөх чадвараа ал­даж байна гэсэн үг.

-Таны ярьж байгаа шиг дол­дугаар сарын 1-ний явдлыг маш өргөн хүрээнд харж, шийдэх ёстой гэж олон хуульч хэлж байгаа?

-Энэ өдөр сонгууль хууль бус боллоо, засгийн эрх мэд­лийг хэсэг бүлэг хүн хууль бусаар авлаа гэж хүмүүс жагссан гэж би ойлгож байгаа. Сонгууль зөв, шударга бол­сон бол тийм юм болохгүй байх. "Овоо босгоогүй бол шаазгай юунд суух..." гэсэн монголчуудын үг бий. Суусан шаазгайг буудах уу, овоо босгосон этгээдийг буруутгах уу гэсэн сонголт шүү дээ. Одоо бид шаазгайг үргээхийг нь үргээж, намнахыг нь намнаж байна. Босгосон овоо байсаар л байна. Түүнийг зайлуу­лахгүй, үгүй хийхгүй бол хувьсгалд ч хүргэж мэднэ. Дэлхийд шинэ амьдралыг авчирсан хувьсгалыг олон орны ард түмэн өөрсдөө хийсэн.
Тэд хувьсгал хийнэ гэж өмнө нь ямар ч хууль гар­гаа­гүй. Хувьсгалыг хуулиар хий­дэггүй. Тийм учраас хувьс­галч­дыг хэн ч шүүгээгүй. Харин ч нэр алдар нь түүхэнд бичигдэн үлдсэн. Хувьсгал хууль бус зүйлийг хуулийн аргаар хийх бололцоогүй болсон үед л зөвшөөрөгддөг хуульд заагаагүй үйлдэл. Харин долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг үүсгэсэн гол шалт­гааныг хуулийн дагуу шийд­вэрлэх бололцоогүй гэж олон нийт яагаад үзэв гэдэг л ихээхэн анхаарал татаж байна.

-Тэр анхаарал, сонир­хол татаж байгаагаа тайл­бар­лахгүй юу?

-Хууль, шударга ёс ал­дагд­­сан улсад хүчирхийлэл аяндаа төрдөг. Шалтгаан үрийн холбоогүй зүйл гэж огт үгүй. Шалтгааныг олж харахыг хүсэхгүй байгаа нь өнөөгийн гол эмгэнэл. Үүний улмаас ардчилсан нийгмийн стан­дартууд биднээс улам бүр холдсоор байна. Өнөөдөр манай дээд, Засаг төрийн түвшинд улс орноо боддог, хууль, шударга ёсыг сахидаг хүн тун ховорджээ. Үүний улмаас олон хүн өнөөгийн нийгмийг социалист үетэй харьцуулж, тэр үед чинь харин эх орноо боддог хүн ч олон, шударга ёс байсан юм байна гэж илт тод ярих бол­лоо. Энэ бол маш аймшигтай ухралт явагдаж байгааг хү­мүүс өөрийн эрхгүй мэдэрч, ардчилсан нийгмийн ирээ­дүйг баллаж байгааг ухаарсан хэрэг. Монголын ардчиллыг авра­хын төлөө хүн бүр зүтгэх цаг болсон. Бид ямар нийгэмд амьдарч байна вэ гэдгээ ухаарах цаг ч ирлээ. Монголд мөнгөтэй эрх мэдэлтэй хү­мүүсийн ноёрхол бүрэн тогт­жээ.

-УИХ-ын сонгуулиас энэ хэрэг явдал эхтэй нь ойл­гомжтой. Цаашид ийм хэрэг явдал гарахгүй гэхийн ба­талгаа алга. Ийн явсаар байвал бүр хувьсгал үүдэж мэднэ гэж та хэллээ...

-Аливаа асуудлыг үүсгэж байгаа шалтгаанаа засахгүй бол давтагдахгүй гэх батал­гаагүй. Олон хүнийг хомор­голон шийтгэснээр юу ч ший­дэгдэхгүй. Ял шийтгэлийн зорилго бол хүнийг залхаахад биш сэргийлэхэд оршдог. Тийм учраас босгосон овоо­гоо зайлуулах ёстой. Хатуу чанга цээрлэл нь далд үзэн ядалт төрүүлдэг. Нөгөө та­лаас УИХ-ын суудлыг хүний амьтай зүйрлэх, залууг ха­луун хойч ирээдүйтэйгээ зүйрлэх ийм их үнэ цэнэтэй болгосон алдааг засах ёстой. Сонгуулийн тогтолцоог өөрч­лөх хэрэгтэй. Одоо эрх мэ­дэлтэй хүмүүс хуулийг улан­даа гишгэж, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн хууль гаргаж, тайлбарлаж байна. Энэ бол олон юмны эх сур­валж шүү.

-Эртнээс босч овойсон, шаазгай дуудсан овооны юуг нэр түрүүнд яаж засаж, өөрчлөх вэ?

-Олон л алдаа гажуудал байна даа. Би энэ талаар өмнө нь ярьж, бичиж байсан. Юуны өмнө УИХ-ыг томилгоо хийдэг дэлхийд байдаггүй чиг үүргээс нь чөлөөлөх ёстой. Тэр үед УИХ-ын суудлын үнэ цэнэ аяндаа "буурна". Жин­хэнэ ажлаа хийдэг болно. Ард түмэн төрд төлөөлөлтэй бол­но. Засгийн эрхийг хууль бусаар ч хамаагүй авахын төлөөх тэмцэл зогсоно. Хууль ёсыг сахидаг, дээдэлдэг бо­лохын тулд хууль шиг хуультай болгох хэрэгтэй. Одоогийн хуулиуд дур зоргын цуг­луулга мэт байна. Хуультай хуулийг хүмүүс аяндаа хам­гаалалтдаа авч хэрэгжүүлж, дээдэлдэг юм. Хоёрдугаарт, парламентын улс сонгуулиа мажоритар тогтолцоогоор хийдэггүй. Үүнийг цаад үг үндсээс нь сайн ойлгож тог­толцоогоо засах ёстой. Олон нийт жагсах бүртээ л МАХН руу хараагаа чиглүүлдэг бол­жээ. Үүнийг бас нухацтай бодож, МАХН-ын удирдлага дүгнэлт хийгээсэй. Өөрс­дий­гөө "энхийн цагаан тагтаа" шиг санаж, ард олон руу хялайж, буруугаа чихэх хэрэггүй. Одоогийн МАХН миний элсч байсан үеийнхээс төрөл арилж­сан байна. Энэ намыг жинхэнэ ёсоор шинэтгэхгүй бол олон түмний дургүйцлийг засах аргагүй. Албан тушаа­лаа ашиглан ашиг хонжоо хайгчдаар дүүрсэн байна. Жирийн гишүүдэд хаалттай, тэдэндээ элдэв нэр хоч өгөн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, далдуур яллаж суудаг хүн энэ намд цөөнгүй байна. Энэ бол хүнийг санаа бодлоор нь боолчлох гэсэн хамгийн аймшигт оролдлого шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний хэргийг шүүх хур­луу­дын шийдвэрийг хэлмэг­дүүлэлт, гэсгээл болж бай­на гэж үнэлэх хүн олон байна. Мөн өнөөгийн Эрүү­гийн хуулийн ялын бодлого нөлөөлөөд байна гэх ч дүг­нэлт байх юм. Хуульчийн хувьд та л жинтэй чиг хэлэх байх?

-Хүмүүс яагаад тэгж үзээд байна вэ гэдэгт л асуу­дал байгаа юм. Дандаа ял завших гэсэн хүмүүсийн үйлдэл гэмээргүй байна. Хууль бол шударга ёсноос ангид зүйл биш. Иргэд шу­дарга бус сонгуулиар төрийн эрх мэдлийг зарим хүн хууль бусаар авсан гэж итгэж бай­на. Итгэсэн учраас ч тийм алхам хийсэн байх. Гэтэл түүнийг ялгаж салгалгүй хавт­гайруулан хатуу чанга ял өгч байна. Энэ нь бас хараат бус шүүхгүй байгаатай л шууд холбоотой. Нөгөө талаас Монголд дарангуйллын тогтолцоо байсаар байгаагийн тод ил­рэл. Гэмт хэрэг судлаач Ч.Беккариа "Арсланг айлгахад аянгын ниргэлт хэрэгтэй. Түүнийг чавхаар харвах нь өдөөхөөс хэтрэхгүй" гэж балар цагийн ялын бодлогыг шүүмжилж байсан. Ард түм­нээ арслан барс шиг болсон гэж үзэж, гэсгээх бодлого барьж байгаа бол түүн шиг том алдаа байхгүй. Хатуу чанга ял хүмүүсийг түр зуур айлгаж, номхотгодог ч сэт­гэлийн гүнд нь шинэ харгис­лал төрүүлдгийг мартах ёс­гүй. Хүчгүй төр л ялын хатуу бодлоготой байдаг. Хатуу чанга ялын бодлогоос төрсөн харгислал нь өнөөдөр биш гэхэд маргааш нийгмийн үнд­сийг ганхуулна. Тиймээс ялын бодлого хэн нэгний дур зоргоор байх ёсгүй. Эрүүгийн эрх зүй харилцаанд нь хүн бүр оролцдоггүйгээрээ явцуу юм шиг боловч тухайн нийг­мийн нүүр царай болсон маш чухал салбар. Түүний үг, үсэг бүр хүний амь, амьдралыг шийдэж байдаг учраас гүнз­гий үр дагавартайг мартаад байгаа нь харамсалтай.

-Хүүхдийн эрх ихээхэн зөрчигдөж байна. Өмгөө­лөгч­гүй, бөөнөөр нь нэг хавтаст хэргээр яллах мэт нь хуулийн хүрээнд яваг­даж байгаа ажил уу эсвэл зөрчиж байна уу?

-Хэрвээ энэ үнэн бол хүүхдийн эрхийг зөрчиж бай­гаа төдийгүй гэмт хэрэг үйл­дэж, 37 оны хэлмэгдүүлэлтийг сэргээж байна. Би арай тэгээ­гүй болов уу гэж найдах юм.

-Ер нь өнөөдөр өршөө­лийн хуулийн талаар их яригдаж байгаа, яллаг­дагс­дыг өршөөх боломжтой юу?

-Өршөөл хоёр талтай. Нэг талаас сайн хуульгүй, шу­дарга шүүхгүй, ялын бодлого нь дампуурсан улсад ард түмний шахалтаар ард түм­ний төлөөлөгчид хууль гаргах замаар шийдвэрлэдэг өр­шөөл байна. Нэг ёсондоо алдаагаа засч байгаа хэлбэр. Мөн эрх баригчид эрхтэйгээ үзүүлдэг өршөөл байна. Үүний үр дагавар, утга чана­рыг таамаглахад бэрх. Гэх­дээ аль ч тохиолдолд өршөөх нь өршөөхгүй байхаас ха­маа­гүй дээр. Ер нь ард түмний хүсэл зоригоос дээгүүр хууль ёс гэж байх ёсгүй. Тийм болохоор л ард түмний тө­лөөлөгчид нэгдэж сууж бай­гаад хууль тогтоодог шүү дээ. Ард түмэн хүсч байгаа бол, тэгж үзэж байгаа бол өршөө­лийн хууль гаргах нь зөв. Уг нь өршөөх тухай ярихаас өмнө гэмт буруутан хэн бэ, гэм буруу нь юу вэ гэдгийг сайн тогтоох ёстой байсан.

-Хүний амь нас бүрэлгэ­сэн гэм буруутан олдохгүй, замхрах нь гэж хүмүүс итгэл алдарч байх шиг?

-Үнэхээр нөхөж үл болох эмгэнэлт шарх. За яахав, амьд үлдсэн нь өршөөгдөж гэж бодъё. Таван сайхан залуугийн амь нас, өнчирч хоцорсон эцэг эх, хань ижил, үр хүүхдийнх нь сэтгэлийн шархыг хэн юугаар нөхөж, хэрхэн өршөөх билээ. Бид чинь хүн болсон цагаасаа хойш эрдэнэт хүний амийг юугаар ч сольшгүй гэсэн ухаан бодлоор хүмүүжсэн биш билүү. Гэтэл одоо өмч хөрөнгө сүйдсэн тухай их ярьж, ял шийтгэлийг зөвтгөх өнгө аястай зүйлийг ичгүүр­гүй ярих юм. Өмч халдашгүй дархан ч хүний аминаас илүү үнэтэй өмч хөрөнгө гэж хаа ч үгүй. Долдугаар сарын 1-ний дараахан соёлын өв шатсан тухай хэвлэл мэдээллээр мөн ч их ярьсан даа. Хүний амь биш эд хөрөнгийн хой­ноос олон хүнээр зохион байгуулалттайгаар яриулж, халаглуулж, гаслуулж, уй­луулж хүртэл жүжиг­лүү­лэ­хийг харахад үнэхээр "Ийм ч болох гэж дээ" гэж бодогдоод, сэтгэл өвдөх юм билээ шүү. Энэ нийгэмд хүний амь үнэ­гүй болсон юм байна. Олон нийтэд ийм бодол төрүүлнэ гэдэг хамгийн аюултай, бас эмгэнэлтэй. Энэ хэргийг Про­ку­рорын дэргэдэх мөрдөн байцаах алба овоо хараат бусаар шалгаж байгаа юм шиг байна. Эзэн холбогдогч нь тогтоогдож байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Мэдээж, тушаал биелүүлсэн цагдаа буруугүй. Хэдийгээр цагдаа галт зэвсэг хэрэглэх эрхтэй ч ийм үед ялангуяа онц бай­дал тогтоосон цагт ямар ч тушаалгүйгээр хүн рүү буу шагайсан байж таарахгүй. Тушаал өгсөн хүн заавал бий. Олж чадах эсэх нь өөр хэрэг. Энэ хэрэг Монголын шүүх эрх мэдлийн өмнө том сорилт болох төдийгүй монгол төрийн нүүр царайг харуулна.

-Бас нэг зүйл бол дол­дугаар сарын 1-ний өдөр гэдэг бол АНУ-ын есдүгээр сарын 11-ны өдөр шиг хар­лаж үлдэнэ гэх үнэлэлт, дүгнэлт бий. Үйл явдлыг үндэс язгуураар нь буруу шийдвэрлэж, шийтгэж бай­на гэх хуульчийн хувьд цаашид ямар сургамж үл­дээнэ гэж та харж байна вэ?

-Энэ бол хамгийн гол асуу­дал. Дайн самууныг түү­хэнд жирийн иргэд хэзээ ч хийж байгаагүй юм. Улстөр­чид, удирдагчдын ухаангүй үйлдлээс дандаа үүдсэн байдаг. Тиймээс улстөрчдөд илүү их сургамж өгөх ёстой. Гэтэл өнөөдөр иргэддээ л сургамж­луулаад байна. Улстөрчдөд сургамжлахын тулд улс тө­рийн хариуцлага тооцох ёс­той. Харамсалтай нь, тэгэхгүй болохоор тэд хэзээ ч сургамж авахгүй үлдэнэ. Жишээ нь, сонгуулийн үйл явц, урьд­чилсан болон эцсийн дүнг сонгуулийн төв байгууллага нарийн магадлан шалгасны­хаа дараа мэдээлэх үүрэг­тэй. Гэтэл МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ё.Отгонбаяр бараг шөнө­жингөө сонгуулийн төв бай­гуул­лагын урдуур орон манай нам "өнгөлж байна", "ялж байна", "олон суудал авлаа" гээд л зарлаад байсан. Үүнд олон түмэн үнэхээр дургүйцэж, эгдүүцсэн. Тэр үед сонгуулийн хууль бус үйлдлийн талаар олон түмэн ямар их мэдээлэлтэй байлаа. Энэ бол олон түмэн босох нэг шалтгаан болсон шүү. Гэтэл МАХН-ын байр руу олон тү­мэн дургүйцлээ илэрхий­лэхээр очиход энэ хүн ба­раагаа ч харуулаагүй. Хүмүүс Ерөнхий сайд С.Баярыг гарч уулзаагүй гээд байгаа юм. Олон түмэн Засгийн газар руу дайраагүй. Зүй нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, сонгуулийн штабыг удирдсан хүний хувьд намын байр руу хамаг хүч, анхаарал чиглээд ирэхэд олон түмэнд хандан үг хэлж, ухаан зааж, бүх асуудлыг эв зүйгээр шийдэхээ амлаж, хөөрсөн түмнийг тайвшруулж, улс төрийн ур ухаан гаргах ёстой байсан. Гэтэл тэгээгүйгээс асуудлыг улам даамжруул­сан гэж олон хүн дүгнэж бай­гаа. Улс төрийн ийм том алдаа гаргасан хүн зүй нь улс төрийн хариуцлага хүлээх ёстой атал дэвшээд л байх юм. Энэ бол хариуцлагагүй нийгмийн гаж үзэгдэл. Үүнийг засахаас эхлээд л улстөрчдөд өгөх сургамж эхлэх ёстой.

No comments: