Thursday, October 23, 2008

Коммунизмыг хүсэхгүй байна

Соц үеийн өвөө эмээ нар энгэрээрээ дүүрэн төмөр одон харшуулсаар түүндээ амьдралынхаа хамаг л үнэт зүйлийг шингээн байж бурханчлан тахидаг байж билээ. Үнэндээ тэгэхээс ч өөр аргагүй. Миний өвөө эмээ ч адилхан. Залуу халуун нас, хамаг л итгэл үнэмшлээ хөдөлмөр гээч хүнд буулганд зориулж нэгэн жарны тэртээх хөдөөх бөглүү Монголын нүүр царайд хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг авчирсан. Соц нийгэмд ололттой сайн тал байсан уу гэвэл байсан. Бас хүний эрхийг бүдүүлгээр боймолж олон арван жилийн туршид нийгмийг айдас түгшүүр, хүнд сурталд живүүлж ард түмнийг ямагт жүжгийн тайзнаа хүүхэлдэй болгож байсан уу гэвэл бас үнэн. Аливаа биологийн болон нийгмийн үйлчлэл, зүй тогтол бол үүсэн бий болох цагтаа үүсч, өргөжин хөгжих үедээ хөгжиж, бас мөхөх үедээ мөхдөг. Уул давах дайны зураглал. Соц нийгэм ч бас өөрийн үүргээ гүйцэтгэж шинжлэх ухааны хувьд харанхуй оройн зайд гэгээ татуулж, ард түмнийг хүчээр эрүүлжүүлж, шинэ цагийн үүргийг боломжийн сайн гүйцэтгэсэн юм. Үүнийг бид зүгээр олж аваагүй. Гуч гаран мянган хүний амь насыг зүй бусаар золиослож, Бодоо, Догсом, Амар зэрэг эрэлхэг хөвгүүдийн халуун амь, олон арван жилийн хувь хүний эрх чөлөө, үндэс угсаа, ёс заншлаа сэндийчлүүлэн байж, Чингэс хааныхаа нэрийг дуудахаас сэрдхийж, авдран дотроо нуцаар зул асаан байж олж авсан.
Өдгөө Ардчилсан тогтолцоотой Монгол улсад 18 дахь жилдээ эрх чөлөөт амьдрал үргэлжилж байна. (Яг үнэндээ хэт хязгарлагдмал бурангуй эрх чөлөө) Дөрөв дэх Үндсэн Хууль батлагдсанаас хойшхи 16 жилийн дотор бидний ертөнцийг үзэх үзэл, нийгэмд хандах хандлага, эрх чөлөөг дээдлэх үнэт зүйлсийн тогтоц аль хэдийн бүрдсэн. Тэртээх хуучин нийгмийн үед төрийн удирдлага болох засгийг "нам" гэдэг үгээр тодорхойлж хэн намыг толгойлж байна тэр улс орны хувь зааг шийддэг байсан цаг сүүлийн 8 жилд улам хүчээ авсаар байна. Энэ бол бидний эрх чөлөөнд тэмүүлсэн Ардчилсан тогтолцооны маань эмгэнэл юм. Өнөөдөр бид "Нам" гэсэн улс төрийн институтын бүтцийг "төр" гэсэн тэс ангид ойлголттой хутгаж хэрэглэж байгаа нь ард түмний буруу биш юм. Өнөөдөр Монголд Ху нам дагасан цөөхөн нөхөд тэрбумтнууд болж, албан тушаалыг өгсүүр шатыг гэрлийн хурдаар туулж, тэдний өмнө хууль, шударга ёс бөхийж байна. Зөвхөн МАХН ч биш Ардчилсан нам өнөөдөр Ху намын дагуул нам болсон нь үнэт зүйл, зарчмаа алдсан цөөхөн хүмүүсийн эмгэнэлт тоглолт юм. Харин шударгаар амьдрахыг хүсэгч энгийн ард түмэн арай ядан амиа зогоон үнийн дарангуйлал тэгш бус хуулийн хавчлага, өнгө мөнгөний ирэн дор толгой гудайж байна. Энэ тохиолдолд Намд бялдуучилж шагналд умбасан цөөн тооны хүмүүс шагнал гардан авчихаад "нам засагтаа баярлалаа" гэдэг үгийг Үндэсний телевизээр бахдалтайяа хэлэхийг нь сонсоод дотор муухайрах юм. Шагнал үнэгүйдэж шалдарсан энэ цөвүүн цагт жинхэнэ эрүүл сэтгэлтэй, зөв бодолтой хүмүүс шагнал гээч хоосон төмөр, эрх ямбанд үл автах учиртай. Зарим хүнлдэлж явдаг нөхүүд шагнал авангуутаа үнэний өөдөөс нүүр буруулах нь тэд эрх чөлөөнөөсөө урваж маргаашийнхаа өмнө ичгэвтэрийн шавхай шалбааг зуурч байгаагаа мэддэг болоосой. Өнөөдөр телевизээр Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Одончимэд (гишүүн байсан) гуайтай нэгэн зэрэг шагнал авсан эмч бүсгүй "Нам засагтаа баярлалаа" гэсэн үгийг хоолой зангируулан хэлж байгаа нь ямар нийгэмд амьдарч байгаагаа үл ойлгох сэтгэл зүйг нь харуулж байна. Энэ бол тэр эмэгтэйн буруу биш юм. Иргэдээ ийнхүү харанхуй, боловсролгүй байлгаж байж улам хөлжиж, улам бах тав ханасаар байгаа эрх баригчдын нүгэл юм. Би коммунизмыг хүсэхгүй байна.

Болд

No comments: