Sunday, December 7, 2008

Найруулга дах үгийн тоо


Энэ удаад Риторика номондоо орсон өгүүлбэр дэх үгийн тоо, хэмжээний тухай бичил хэсгийг нийтэлж байна. Дараахи зөвөлгөөг уншаад өөрийнхөө найруулгын арга барилтай харьцуулах буюу шинэ тактик боловсруулж болох юм.


Өгүүлбэр дэх үгийн тоо:
Илтгэлээ бичихэд богино өгүүлбэрүүд оновчтой байдаг. Илтгэх урлагт ч тэр, сэтгүүл зүйн бичлэгийн үндэст ч тэр урт өгүүлбэртэй илтгэл, нийтлэлээс ихээхэн татгалздаг. Урт үгээр илэрхийлэгдсэн санаа нь хэт нуршсан байдлыг буй болгоно. Түүгээр зогсохгүй яг гол юмаа илэрхийлэхийн оронд хий хоосон чамирхах замд хөтөлнө. Харин 10-15 үгнээс бүтсэн нэгэн хэсэг өгүүлбэрүүд нь үдээс хойшжингоо өөрийгөө зарлан мэлтийж байгаа сар шиг, хүний дургүйцэл бухимдлыг төрүүлдэг хэмээн Мелви Менчер дүгнэжээ. Ер нь хүн уншихад амар, өөрөө уншихад хялбар, ярихад дөхөмтэй цөөн үгтэй өгүүлбэр нь өөртөө:
-тодорхой
-цэгцтэй
-санаа давхардахгүй
-утга төгөлдөр байдлыг агуулах бүрэн боломжтой.

Илтгэлийн тань өгүүлбэрүүдийн дундаж үг 25 буюу түнээс дээш байвал асуудал тун ярвигтай болно. Илтгэлээ уншихад, сонсогчиддоо хүргэхэд нуршуу урт өгүүлбэрээс бүтсэн яриа бол замд хөндөлсөх дайсан л гэсэн үг. Шинжлэх ухааны тооцоолсноор энэ нь сонсогчдоо алдах хангалттай шалтаг. Тэгхээр товч бичиж, товч ярьж сурах нь чухал. /РУЗВЕЛЬТ ХҮҮДЭЭ/

Илтгэлийн уншууртай байдал: Энэ хүснэгтийн Америкийн сурвалжлагчид үйлчлэх товчооноос гаргажээ.



Өгүүлбэрийн дундаж хэмжээ:
Уншууртай байдал
8 ба түүнээс цөөн үг
Уншихад маш амар
11 үг
Уншихад амар
14 үг
Уншихад хангалттай амар
17үг
Уншихад хэвийн
21үг
Уншихад хангалттай хүнд
25 үг
Уншихад хэцүү
29 ба түүнээс дээш үг
Уншихад тун хэцүү

Дээрхи хүснэгт нь зөвхөн сэтгүүлчдэд ч бус илтгэл бичигч таньд ч тун хэрэгтэй зөвлөгөө юм. Ярианы хэл нь бичгийн хэлийг бодвол өгүүлбэр дэх үгийн тоо цөөн байдаг. Учиргүй их “ба”,”бөгөөд”, “буюу” оруулсан илтгэлийг уншин бусдад хүргэнэ гэдэг амаргүй. Сонсогчдын хувьд урт үгээс бүтсэн өгүүлбэрийг сонсох нь хэцүү байдаг. Харин үүнийг илтгэгч дуу авианыхаа өндөрсгөл намасгалаар сарниулж болох ч энэ нь нэлээд туршлагатай илтгэчийн чадах зүйл.Хэрвээ өгүүлбэрүүд урт бол Английн зохиолч Жеорж Орвэллийн зөвлөгөөг анхаарна уу, “Хэрвээ аливаа үгийг хасах боломжтой бол заавал түүнийг хас”
Ер нь илтгэх улрагийн найруулга нь яруу найраг, эсвэл уран зохиолынхоос тэс өөр гэдгийг санахад илүүдэхгүй. Гоё сайхан илтгэл тавина гэдэг маань гос чамин үгсээр бус ердөө л үнэмшил төрүүлэм энгийн үгээр чин сэтгэлээсээ л ярих ойлголт юм. “Ба,бөгөөд, гэхдээ” гэсэн холбох үгийг дандаа харж бай. Ийм үгс заримдаа хоёрдагч санааг илтгэж байдаг. Илтгэлийн нэг догол мөрний /нэгэн цул санааны/ үгсийн тоо 50-50 үгэнд багтаж байвал их тохиромжтой. Догол мөрний хэмжээ тогтоох нэг арга бол 3,4 өгүүлбэрээс нэг догол мөр хэтрэх ёсгүй гэсэн хязгаар тогтоох явдал юм.
Миний уншсан номууд дотроос дундаж өгүүлбэрийнх нь үгийн тоо хамгийн цөөхөн буюу уншихад амар бичгдсэн нэгэн ном байлаа. Тэр ном бүхэлдээ амьтдын тухай өгүүллэгүүд юм. Зохиогч нь Ж.Мягмарсүрэн. Бас нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, хуульч Х.Тэмүүжин нарын бичлэгүүд нь уламжлалт бус үл нуршсан өнгө аясаараа өөрийн гэсэн уншигчдын хүрээг аль хэдийнээ бүрдүүлжээ. Тэгвэл Америкийн домогт зохиолч Эрнест Хемингуэй маш энгийн, богинохон өгүүлбэрээр дүрс бүтээж, уншигчаар өөрөөр нь дүгнэлт хийлгэж чаддаг байсан юм. Хэмингуэй ном маш их уншдаг байсан боловч ганцхан зохиолчийн , ганцхан номыг бишрэн шүтдэг байсан тухай “Сэтгүүл зүйн бичлэгийн үндэс” номын зохиогч Мелви Менчер өгүүлсэн байдаг. “америкийн орчин үеийн уран зохиол Марк Твений геклберри Финн-ээс гаралтай. Энэ бол бидний мэдэх хамгийн сайн зохиол.Үүнээс өмнө ч үүнээс хойш ч үүнийг гүйцэх зохиол гараагүй” гэж Хэмингуэй хэлдэг байв.

No comments: