Сартай зээрд үрээ бол энэ жил дөнгөж хязаалж байгаа азарган үрээ. Хурдтай, тэнхэл бяртай хул азарганы төл. Харин мөнгөн тоног бүхий зургаан цагаантай эмээл тохуулсан дэлтэй халтар үрээ бол сартай зээрдтэй нэг уяаны унага. Энэ хоёр багаас ижилдэн дасалцаж унаган насандаа уягдаж дааган насандаа давхиулсан хоёр. Энэ хавар халтар үрээ "засуулж" ирээдүйд "морь" болох албандаа зүтгэж, харин сартай зээрдийн хувь заяа арай уудам өрнөх ажээ. Түүний тэгш биеийн жавхаа, хурдан морины шинж бүрдэл, давхил зэрэг нь эзнийх нь сэтгэлийг татаж энэ жил ирээдүйд азарга тавигдах үрээдийн "бүлэгт" оржээ. Азарган үрээд долоо, наймуул. Тэдний цөөнх нь "Жинхэнэ азарга" болж зарим нь "хөнгөрөх" тавилантай. Ямартаа ч тэд өнөөдөр "Азарга бэлтгэх дамжааны сурагчид". Азарган үрээдийн бүлэг бол жинхэнэ удирдагч бэлтгэх академи юм. Ер нь би боддог юм. Адуу шиг цэгцтэй амьтан хаа ч байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл чин шударгуу, ариун журамт тэнгэрлэг амьтан юм даа. Үнээ бол жил жилийн тугалаа өөр өөр бухнаас "олох" боломж өргөн бол, хонь ямааны тухайд яриад ч хэрэггүй. Ганц хуц юм уу ухна байхад хэдэн арван сүргийг ч амжуулж чадна. 100 ямаанд нэг ухна хангалттайг батлах мэт алив зүйлийн донж маяг нь ихэдсэн зүйлийг манай ард түмэн "Зуун ямаанд жаран ухна" хэмээн хошигнох буюу. Адууны эмэгчин болох гүүний хувьд азарга нь эндэх буюу адууны эзэн тэднийг жиичихгүй л бол хамгийн "үнэнч эхнэр" юм. Манайх дээхнэ сайхан зээрд, хул, бор, хар халзан азаргуудтай байлаа. Бүгд л өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Жишээ нь хул азарганы төлүүд догшин гэж жигтэйхэн ороо хангал хурдтай төрдөг бол, хар халзан азарганы төлүүд номхон агаад товир, эзэндээ ихэд ээлтэй төрдөг байв. Бор азарганаас гардаг төлүүд хөнгөн хөлтэй, орчин үеийнхээр бол яг л Рэнж Ровер унасан мэт тухтай бөлгөө. За нөгөө сартай зээрд, халтар хоёрынхоо тухай өгүүлье. Андлан явсан хязаалан үрээдийн нэг нь удирдагчийн замд, нөгөөх нь албатыг жимд оржээ. Азарга байна гэдэг нь асар их сүр хүчин, эрх мэдэл юм. Азарга адуугаа зөв захирч өвсний соргогийг шилж, усны тунгалагийг олж араатан амтьдаас нялх унага, сарвай даагаа хамгаалахаас эхлээд ажил ч их хариуцлага ч өндөр. Дээр нь бусад азаргануудаас залуувтар байдсуудаа харамлаж бяцхан тулалдаанд оролцоно. Түүнээс гадна гүү хураагаагүй шинэвтэр азарган үрээд ч "эхнэр"үүдэд нь санаархана. Азарган үрээд эртнээс ямба, эрэмбэ дараанд суралцана. Тэд жинэхнэ азарга болохоороо адуугаа залан түүчээлэн явж сүрэгт нь ойртсон элдэв үл таних "нөхдүүдийг" хайрч тангарч, хазач хашраах үүрэгтэй. Морьд болоод залуу үрээд тэднийг хүндлэх үүрэгтэй. Монгол айлын адуун сүргийн зохион байгуулалтыг харахад Нэг буюу хэд хэдэн цулаас бүрдэх азарга адуу байх бөгөөд мөн бүдүүн морьдын "бүлэг", залуу үрээдийн "бүлэг" гэх үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Зээрд халзан үрээ болоод цавьдар халтар үрээдийн зам нэгэнт салсан учир өдгөө малчны уяан дээр ийнхүү тангаралцах авай. Энэ нь улс төрд хэт амбицласан идэр залуусын араншин мэт, тэдний хэн илүү өндөрт хүрсэн нь...
No comments:
Post a Comment