Wednesday, October 29, 2008

Би Монгол Хүн


Сүбээдэй студийн Нэвтрүүлийг http://www.medeelel.com/ сайтаар орж үзээрэй. 10 сарын 31-нээс эхлэн тавигдана.

“Ажаа гэгээнтэн”

Монголчууд аугаа үндэстэн билээ. Жаран жаран өртөөлсөн анх түүхийн харгуйд бидний өвөг дээдэс эрдэм чадал, эв нэгдлийн хүчээр дэлхийн дайтыг байлдан эзэлж суу алдраа мандуулж байсан юм. Ричард Никсон нэгэнтээ хэлсэнчлэн “Гайхамшигт түүхтэй ард түмнийг гайхамшигт ирээдүй л хүлээж таараа”. Улиран одож буй зуунуудын чинадаас бид онгон дагшин байгаль, хүн ард, соёл уламжлалтайгаа зовлон жаргалыг туулсаар хүрч ирлээ. Өдгөө бидэнд тоолвол мянган бэрхшээл бий ч шийдвэл түмэн боломж бий гэдэгт ахан дүүс та нарынхаа адилаар би итгэдэг.
Бид түүхээс суралцаж, өдгөөд зөв замнал бүтээж шинэ цагийг цогцлоох шинэ цаг үеийнхэн. Биднээс сайн өв хойчийн удамд үлдэж байж гэмээж нь цөөхөн буурай Монгол маань, чадалтай, хөгжингүй Монгол болох ёстой. Өнөөдөр эх орны минь тасархай болсон олон сайхан хүмүүс хүний нутаг, гүний улсад ажиллаж амьдарч, хөлсөө туслуулж эрдэм боловсролд чамбайрч байна. Эх оронд маань бодитой асуудлууд байгаа ч тэдгээр нь цөм шийдлээ хүлээсэн боломжууд юм. Гэвч унтаж буй нэгэнд “Монгол мөрөөдөл” зүгээр хүрч ирэхгүй . Ирээдүй бидэнд хундага дүүрэн гэмшил бус хул дүүрэн боломж олгож байгааг хамтдаа харах нь хамгийн чухал. Эх орны минь нэрийг дэлхийд дуурсгасан олон аавын хөвүүд, ээжийн охид төрөн гарч байна. Түүний сацуу эх орныг минь сурталчилсан, түүх соёлыг маань таниулсан сайхан сэтгэлт гадаад хүмүүс ч дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байна. Тэр бүхнийг хараад Монголоо дэлхийд таниулж буй, Монголын соёлыг нягтлан судалж буй судлаач эрдэмтэд, Монгол гаралтай нэрт хүмүүстэй уулзан “Би Монгол хүн” хэмээх цуврал нэвтрүүлэг хийхээр зорьсон юм. Анхны зочноор Индиана Муж Улсын Блүүмингтон хот дахь “Төвд Монголын Шашин Соёлын Төв”-ийн Тэргүүн Ажаа гэгээнтнийг урьж эл нэвтрүүлгээ эхлүүлж байна.
Ажаа гэгээнтэн бол Хөх нуурын Монгол хүн. Цөвүүн цагийн явдалд эх орон маань таллан хуваагдаж хэдэн зүгт бид нутаг нэгтнүүдээ алдсан юм. Харин сүүлийн үед олон газрын Монголчууд түүх соёлоо гэсэн сэтгэл тээж дэлхийн өнцөг булан бүрт сайн явцгаана. Ажаа Гэгээнтэн Хоёр наснаас буддын шашны ноён оргилын нэг болох Богд Зонховын хутагтын эцгийн хойд дүрээр тодорч сүм хийдэд шавилан сууж багшаархан насанд нь “Соёлын хувьсгал” тохиож, 17 жил тариа тарьж, хожим нь Дундад Улсын засгийн газарт өндөр хэргэмийн түшмэлийн алба хашиж байсан юм. Түүний өсөж төрсөн нутаг нь Монгол хошуу боловч Хятадын эзэмшилд шилжсэн хийгээд их гүрний дээрэнгүй бодлогын хяналтан дор нэг бол төрд зүтгэ нөгөө бол шоронд суух хувь тавилан оноогоод шашны хэргийг эрхлэх ноёны албанд тохоон томилжээ.
Хүнд ажлын буулга үүрүүлсэн хятадын Засгийн газар жинэхэнэ Ванчинбогдын хууль ёсны хойд дүрийг үгүй хийн (хулгайлагдсан гэх, одоо болтол 10 гаруй жил сураггүй байгаа), хуурамч Ванчинбогд тодруулав. Ийнхүү хуурамч тодруулсан Ванчинбогдоо шашны нэр хүнд, эрдэм чадалтай хутагт гэгээдээр хүрээлүүлэхийн тулд Ажаа гэгээнтнийг түүний багшаар “залав”. Хэрэг дээрээ энэ томилгоо нь Далай ламын эсрэг чиглэсэн том нүүдэл байсан учир Монгол гэгээнтэн маань өөрийн үзэл бодол, хүндлэл бишрэлдээ хөтлөгдөн “Хүний эрхээр жаргахаас өөрийн эрхээр зов” гэдгийн үлгэрээр, тэрхүү шийдвэртэй үл эвлэрэн 10 жилийн тэртээ Хятадаас оргон гарч бядан явсаар АНУ-д хүрч иржээ.
Гэгээнтний эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн тэмцэл энэхүү орголт нь адал явдал, айдас түгшүүрээр дүүрэн байсан юм. Ямагт буяныг шүтэж бурханд залбирахын сацуу Монголчууддаа элэгтэй Монгол гэгээтний маань явсан газар бүрд ажил үйлс нь цэгцэрч, уулзсан хүн болгон баясал авч, хүрсэн үйл болгон нь амжилт олж байна.
Гэгээнтэн маань хэдэн жилийн өмнө Монгол Улсад айлчилахаар явж байхдаа нэгэн зүйлээр ихийн их бахархсан гэдэг. Монгол нисгэгчтэй, Монгол ахан дүүсээр дүүрсэн, Монгол онгоцонд (МИАТ) суугаад, Монгол Улсруугаа нисэж байна гэдэг, нэг үгээр бол өөрийн эх оронтой байна гэдэг нь үгээр илэрхийлэшгүй аз жаргал байдгийг тэгэхэд мэдрээд хамрын самсаа нь шархирсан гэдэг. Тиймээ эх оронтой байх сайхаан...

***
Нэвтрүүлэг хийхэд тусалсан аав Ш.Сүхбаатар болон гэр бүлдээ, “Даяар Монгол” сэтгүүлийн эрхлэгч Б.Номинчимэд, “Монгол Соёлын Төв”-ийн Тэргүүн М.Саруул-Эрдэнэ, “Төвд Монголын Шашин Соёлын Төв”-ийн хамт олон, М.Саранцэцэг, Хүний нөөцийн академийн захирал Б.Энхболд, “Гандандэгчилэн” хийдийн хамт олон, “Гэсэр сүм”-ийн хамт олон, “Дашчойлон” хийдийн хамт олон, “Номын Хүрдэн төв”-ийн тэргүүн Н.Алтангэрэл ах, Индианагийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Сургуулийн Тэнхмийн Эрхлэгч Скот Мерик, Индианагийн Их Сургуулийн Монгол Судлалын Нийгэмлэг, Профессор Кара, Этвүүд, хатагтай Сүзи нартаа болон уран бүтээлч нөхөддөө, нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж буй
http://www.medeelel.com/ сайтыг эрхлэгч Д.Өлзийхутагтаа талархсанаа илэрхийлье.

School of Law, Indiana University, LL.M-08
Боржигон Овогт Сүхбаатарын Эрдэнэболд

No comments: