Saturday, October 25, 2008

Монголын төр "юу яачихжээ"

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ энгийн хурдаар олж авах байсан 35 жилийн технологийн хөгжлийг дөрөвхөн жилд агшаан олж авч эдийн засгийн найдвартай суурьтай болсон байдаг. Өмнө нь зургаан сар угсардаг байсан байлдааны хөлөг онгоцыг аравхан цагт багтаан босгоод фронтруу илгээж байсан гээд бодохоор аймшигтай хурдан санагдана.
Эндээс нэг дүр зураг ойлгомжтой харагдана. Технологийн дэвшил нь улс орны дэлхийд өрсөлдөх чадвар, тухайн улсын сүр хүчний баталгаа юм. Одоо цөөн тооны орны хувьд хэт зэвсглэлээр хөөцөлдөж байгаа. Зарим улсууд дэлхийн тэнцвэржилтийг хангах замаар өөрийн орны аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор бүх төрлийн зэвсгийг боловсруулдаг бол, зарим улс бусад орны эрх ашигт арчигдахгүйн баталгаа болгож цөмийн зэвсэгт шунан дурладаг. Аль аль зорилгын цаана, Нэгдүгээрт "Хүчгүй нь хүчтэний өмнө буруутай" гэсэн зарчим үйлчилдэг, Хоёрдугаарт асар их мөнгөний эргэлт болох дэлхийн бизнесийн сүлжээ ноёрхсон байдаг. Өнөөдөр зэвсээр болон зэвсэглэлээр асуудлыг шийдэх эрин үе биш. Хэдий зэвсглэлийн хор нөлөө заналхийлсээр буй боловч бид хэлэлцээрийн эрин зуун, дипломат бодлого, хамтран ажиллах өргөн харгуйн чөлөөнд амьдарч байна. Дэлхий нийт улам уялдаажихын хэрээр хүмүүс хийгээд улс орон хоорондын өрсөлдөөний гол талбар технологийн хөгжлийн талбарт явагдаж байна.
Хэнд сайн технологи байна. Тэр эдийн засгийн баталгаатай болж, хэнд өндөр технологичид байна, тэдний иргэд дэлхийд манлайллаа тогтоож байна.
Тун удахгүй Энэтхэг, Израйль, Орос, АНУ, Хятад зэрэг улс технологийн гол өрсөлдөгчийн имижийг бүрдүүлж Европийн холбоо тэр өрсөлдөөнд жин дарсан үүрэгтэйгээр оролцох болно. Харин тэр үед бидний Монгол улс минь хаана нь тууж явах юм бол оо?
Улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч болсон бодлого бол газрын доорхи гараагүй баялагт шүтэж алаагүй баавгайн арьсыг алалцан хуваах биш, хүн, түүний үнэт зүйл болсон оюун ухааныг хөгжүүлэх нийгмийн орчныг бүрдүүлэхээс эхлэх байх. Нэг үгээр бол бидэнд нарийн мэргэжлийн, технологийн мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Саяхан сарын өмнө манай хотод Чикагогоос нэг монгол залуу ирж Блүүмингтонд нэгэн ярилцлаганд орсон юм. Мань хүний илтгэлийн сэдэв нь орчин үеийн физикийн хамгийн сүүлин үеийн нээлтүүдийг нэгтгэсэн нэгэн туршилт явуулах тухай. Түүний илтгэлийн бүтцийг хараад үнэхээр бахархаж байлаа. Энэ жишээнээс бидэнд өнөөдөр цөөн тооны чадварлаг бие хүмүүс байна. Гэвч ихэнх нь амьдралын шаардлагаар гадагч оюуны шүүрэлтэнд автах нь автаж, зарим нь тэс өмнөө юм хийчихсэн явж байх юм. Бид Монгол хүний оюуныг мундаг гэдэг. Тэр үнэн байх. Тийм тулдаа л дэлхийн гүрнийг байгуулж өнөөгийн супер улсуудын өвөг дээдсийг захирч байсан байх. Тийнхүү дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг Чингис хаан тэргүүтэй "Монголчууд" цогцлоохдоо бидний өвөг дээдэс технологийн хөгжлийг түүчээлж байсан юм. Дэлхийн шилдэг инженерүүдийг цуглуулж, нанхиад дарьчид, араб мужаанчид, солонгос завьчид Монголыг дэлхийн гүрэн болоход хүчин чадлаа өгч байлаа. Чухамдаа 13 дугаар зууны ертөнцийн сор болсон олон тооны ухаант мэргэд тэдний өөрийн угсаа гарвал, улс орны нөхцөл байдлаас үл шалтгаалан дэлхийн гүрэн болох Их Монголын төлөө хүчин зүтгэж байсан. Нэг жишээнд, Монгол Орос цэргийн хэдэн зууны өмнөх нэгэн тулалдааны үеэр Оросууд манай харвасан сумыг хугалах ажил давхар гүйцэтгээд ихээхэн хүн хүч, цаг заваа алдаж сүүлдээ ялагдал хүлээсэн байдаг. Нууц нь манай цэргүүдийн харвасан сум эрч сайтай, байгаа мэргэн онох бүрэн чадвартай шилдэг технологи байж, бас дээр нь Оросын цэргийн сумыг эргүүлээд өөрсөдрүү нь харваж сумаар тасарсангүй. Оросууд болохоор нүсэр эрч муутай сум харвах боловч тэр нь эргэлт муутайгаас алсын зайны тусгал дутаж манай сум хүрч байгаа газар хиар цохиулсаар. Тиймээс манайхыг өмнө хавасан сумаа дахин ашиглачихвий гэж хойш ухрангаа сум хугалах "ажил хийсээр" бут цохиулсан байдаг. Энэ мэт технологийн ололтуудаар Монголчууд хэрэм нураагч, ус гатлагч, дүүхүүр, галт зэвсэг хүртэл хийж дунд, ойр, холын тусгалтай зэвт мөсөөр олон олон ялалтуудыг эзлэн олсон байдаг. Тиймээс монгол морины эрэмгий төвөргөөн, монгол хүний эрчтэй сэтгэлгээ, технологийн дэвшлийн өмнө зуу зуун жилийн түүхтэй чулуун цайзууд бутран нурж, мянган жилийн түүх агуулсан зузаан хэрэм ус гатлах дайны амархан зүйл болж байсан байдаг.
Ер нь ч эрт цагтаа бол технологийн хөгжил бүхнийг шийддэг байж, өдгөө ч бас адилхан.
Монголын эзэнт гүрнийг тухайн үеийн овог аймгийн тэмцэлтэй таруу, зүдүү байдлаас дэлхийн шилдэг инженерийн ангитай, дэлхийн хамгийн сахилга баттай өндөр чадвартай зориг цөстэй армитай тэргүүлэх гүрэн болгоход хамгийн их хүчин зүтгэл оруулсан хүн бол Жадраны Жамуха юм. Жамуха л Тэмүүжинийг "Жинхэнэ ЧИНГИС ХААН" болгосон. (Сүүлийн үед "Чингэс" гэж бичээд байна. Зүй нь Монгол бичгээс харвал "И" гээр буюу эх-энхлэгээр тэмдэглэсэн учир "Чингис" гэж бичих ёстой.)
Жамуха сая Тэмүүжинг хатуужуулж, ирлэж, хурцалж дэлхийн хамийн шилдэг эзэнт гүрнийг байгуулах эрчим хүчний очийг өгсөн биз ээ. Хэрвээ "Нууц товчоо"-ны үйл явдлыг 100 хувь биш 99 хувь үнэн үйл явдал гэж баталвал Жамуха нь өөрийн бүх амьдралынхаа туршид Тэмүүжний "Пи Ар"-ыг хийж ирсэн. Нэгэн жишээ гэвэл Найманы Таян хан Чингисийн цэргийг ялах магадлал өндөр, хүн хүчний тоогоор илүү байхад хүртэл Таян хааныг хулчийлгаж, зүрхэнд нь шар ус хуруулж байж Чингист ялалтын гарцыг нээсэн байдаг.
Гэх мэт олон жишээн дээр Жамуха жинхэнэ "хүчтэй сөрөг хүчин" байж Чингис хааны сул талуудыг нээн олж түүнийгээ улам чадваржуулах суу билгийг нь олоход тусалж байлаа. Ерөөс хүний нийгэмд сөрөг хүчингүй юм гэж байхгүй. Инь-Яны хууль гэж хос загас хүртэл Өндөр гэгээнтний зохиосон Соёмбо үсгийн төвд бий шүү дээ. Өдөр-шөнө, эр-эм, хар-цагаан, гал-ус, сайн -муу гээд бүхий л төрлийн эсрэгцэл байж, тэр нь зүй зохистой хэмжээгээ этимема (ухамсарт угаас заяагдсан гэх латин үг) голдрилоо олж байж хүний амьдрал үргэлжилж ертөнцйн бор хоногууд элдэв өнгөд сүлрэн эргэнэ. Тиймээс Өрнө үгүйгэээр Дорно оршин тогтнохоо байж, сайхан гэсэн ухагдахуун байхгүй бол "муухай" гэсэн үгний хэрэг алга гэсэн үг. Ердийн л философи. (Энэ үгийг "цэцэн мэргэнд дурлахуйн ухаан" гэж орчуулдаг, латин утга нь "Гүн ухаан" гэсэн үгтэй нэг л утга дүйхгүй санагдах юм")

Ниймгмийн хөгжлийг ч бас ямар нэгэн үнэний шүүлтүүр, шударга ёсны хэмжээнд нь барьж байхын тулд улс төрийн талбарт "сөрөг хүчин" хэрэгтэй болдог. Тэрхүү сөрөг хүчин гэдэг утганд олон ургалч үзэл, аливаа бэрхшээлийг олон өнцгөөс харах, түүгээр дамжуулж үзэл бодлоо иилэрхийлэх, цөөнхийн эрх ашгийг хүндэтгэх, зүй зохистой замыг шүүмжлэлтэй эрүүл саруул байдлаар харах цонх байдаг. Сөрөг хүчин бол биологи утгаараа "цагаан эс буюу дархлаа" юм. Муудсан хоолны эхүүн үнэр хамрын салстанд эхүүн үнэр мэдээлж хүний биед тааламжгүй тохио хүргэж түүнийг идэх дур хүслийг зогсоож улмаар эзнийхээ хордлогод орох байсан нөхцлийг үгүй хийж, эзнээ хамгаалдаг. Сөрөг хүчин бол яг л хүнээр бол мэдрэх эрхтэн, сэтгэх бодлын зайлшгүй хэсэг. Цагаан эс устгагч тахлыг хүн төрөлхтөн ДОХ гэж нэрлэдэг. Өнөөгийн монголын төр сөрөг хүчний дархлаагүй болжээ. Өөрөөр хэлбэл "Монголын төр юу яачихжээ"

No comments: