Тэмдэглэл
2008.09.13
Блүүмингтонд нартай сайхан өдөр эхэллээ. Ямар сайхан өдөр вэ? Нарны сая сая цацраг үзэсгэлэнт байгалийг гэрэлтүүлж бодол оюунд минь эрчим хүчээ шингээнэ.
...Урьд шөнө Эрээнцавын их найрагч асан Данзангийн Нямсүрэнг абугайн шүлгээс “Амитаба”, “Дөрвөн цаг”-ийг сонслоо. Үнэхээр гайхалтай шүлэг. Анх энэ шүлгийг сонссон цагаас хойш бараг хэдэн арван удаа уншиж сонссон боловч урьд шөнө сонссоных шиг тийм ухаарлыг нь амтлаагүй явж. Амитаба бол үнэхээр сонсох бүр ухаажиж, заримдаа гүн ухаанд нь хөл алдаад явчихдаг том мэдрэмж. Ер нь Нямсүрэн найрагчийн шүлгийг оюунлаг хүрээнийхэн, манай сор болсон яруу найрагчид, шүлэгчид ихэд биширдгийг мэдэх. Тэр их хүмүүний шүлгийг сонордох тусам, өнөө “дотроос нь мэдэрнэ” гэдэг шиг цаг хугацааны мөнхийн давхилыг түр аргамжиж, бодол мушгин сонсох нь гайхамшиг.
Өдөр бүр л бид ямар нэгэн зүйлд яарч, цаг хугацаа хийгээд үйл явдлын мянга мянган шалтагт хүлэгдэж, өөрийнхөөрөө байх боломжоос татгалзан бусдад зориулсан ямар нэгэн дүр бүтээж амьдрах. Ихэнх хүн өнөөдрийнхөө амсан буй жаргалыг огоорч маргааш, магадгүй хэзээ ч дуусашгүй маргаашийн маргаашид аз жаргалыг эдлэх мэт хоосон мөрөөднө. Ирээдүйдээ сайн хандлага, итгэл үнэмшилтэй явах нь сайхан ч өнөөдөртөө, байгаа юмандаа сэтгэл өөдрөг, аз жаргалтайн харцаар хандах сэтгэл ямар нандин билээ.
Хатирагч цаг хугацаа. Энэхэн хором, уулзалтууд, учрал тохиулууд, модод навчсаа гөвөх дуурсгалт хором, навчис бүр нь чимээгүйд шингэх гунигт агаад үзэсгэлэнт агшин, гол мөрөн урсах, аав ээжтэйгээ амьдрах, дүүгээ хайрлах, өвгөдөө дурсах, үрийнхээ сэвлэгийг үнэрлэж эхнэрээ бэлхүүсээр нь тэврэх... ерөөсөө агшин бүр биднийг тойрсон аз жаргал юм гээч. Эд баялаг, нэр сүрд дурлан үхэн хатан тэмүүлэх, урвах, хүний мөсөө гээх нь яавч аз жаргалыг бүтээхгүй. Зовсон цагт аз жаргал гэж юу байдгийг мэдэрдэг шиг, өвдсан цагт эрүүл явахын гайхамшиг ямар болохыг халаглах шиг амьдрал, хувь заяа гээч нь гүүн зэлэн дээр унага чагтаа таслах шиг эгэл.
Яаж би Амитаба шиг... хэмээн Нямсүрэн абугай гүн ухааны өндөр өндөр уулсын тэртээ огилд очоод шүлэглэжээ. Эгэл монгол ахуй, бүсгүйн үзэсгэлэн, бороон дусал, сав шимийн хамаг л бодьгал агаад нэгэн хормын үзэсгэлэнг хоосон чанарын өнгөтэй сүлрүүлэнхэн нааджээ.
Амьдралд бахархах хормууд бий.
...1990-ээд оны сүүл үес, 2000 он гарсаар эхний жилүүдэд шүлэг найрагт хэдэн зуун цагийг зориулдаг байв. Эрээнцаваас Нямсүрэн гуй хотод ирнэ. Тэгэхдээ зохиолч О.Сундуй ах, Ардчиллын ахнычуулын нэг Дарь.Сүхбаатар ах болон өөр олон зохиолчтой манайд чуулж утга зохиол хийгээд, амьдралын өргөн хүрээнд эгэл сайхан яриа өрнүүлнэ. Аав маань зохиолч хүний хувьд Нямсүрэн найрагчийг гэртээ урьж авчрах нь бидний хувьд баяр болдог байв. Хүүхэд ахуй цагтаа Нямсүрэн найрагчийг тийнхүү харж, эгэл яриаг нь амтархан сонссон минь азтай.
Яаж би Амитаба шиг...
(Amitābha (Sanskrit: अमिताभ, Amitābha (wordstem); pronunciation: [ə.mɪ.t̪aː.bʰə]; Chinese: 阿彌陀佛, Ēmítuó Fó; Tibetan: འོད་དཔག་མེད་, Ö-pa-me) is a celestial buddha described in the scriptures of the Mahāyāna school of Buddhism. Amitabha is the principal buddha in the Pure Land sect, a branch of Buddhism practiced mainly in East Asia. According to these scriptures, Amitābha possesses infinite merits resulting from good deeds over countless past lives as a bodhisattva named Dharmakāra. More directly; the term "Buddha Amitabha" is simply translatable as "Fully Conscious Infinite Light".)
No comments:
Post a Comment