Зургийг Т.Эрдэнэтуяа
Eyelash of the Magic Mountain-2Шидэт уулын сормуус
...Үргэлжлэл
Яг энэ үеэр Дунд эгч Сэтгэл нь говь цөлийн хязгаарыг туулсаар Анэгэн томоос том манхан ууланд тулж ирэв. Тэр манхан уулыг давтал хэн нэгэнд зориулан бүтээсэн гэмээр гайхамшигтай том шовх уул үзэгдэв. Сэтгэл охин өөрийн эрхгүй "пирамид" хэмээн дуу алджээ. Тэр гурвалжинд дөхөн очтол томоос том дөрвөлжин шавар чулууг эгнүүлэн өрж ихээс бага, олноос цөөн хүртэл нь дээш өгсүүлэн бүтээжээ. Удалгүй харанхуй болж эхэллээ, гэтэл ойр орчимд нь ямар нэгэн хүрхрэх чимээ сонсдож айдас түгшүүр төрүүлэв.
Сэтгэл охин ихэд гайхаж ойр орчноо ажвал өөртэй нь адилхан амьтад тэмээ унасаар нэг нэгээр цувран яаруухан тэшиж үзэгдэнэ. "Ээжийн минь ярьдаг хүн гэдэг энэ юм байна даа" гэж бодоод ээж, эгч дүү хоёроосоо өөр хүн үзээгүй охин тэмээн цуваа тэшсэн мөр даган алхав.Удалгүй тэмээн цуваатай хүмүүс буудаллан түүдэг асаан тойрон сууцгаагаад ихэд хөгжилтэй зүйл ярин хөөрөлдөнө. Гэтэл өнөөх улин дуулах чимээ дахин сонсдоод архирах дуу ойртоход хүмүүс ум хумгүй сандран ачаа тэнгээ бөөгнүүлж галаа улам өрдөж асаалаа. Төд удалгүй гал ч бүдгэрэн бүдгэрсээр бөхөн унтрахад хүмүүс хашгиралдан мод саваа барьцгаав. Армаг тармаг моддын цаанаас гэнэт Барсын сүрэг үсрэн гарч хүмүүс рүү довтлоход цөөвөр чоно ч тэднийг элэглэн дооглох мэт улин хөхөрч араас нь хүч нэмэн гийналаа. Хүмүүс барсын сүрэгтэй амь тавин тэмцэлдэхийг хараад Сэтгэл охин ихэд гайхан ээжийнхээ заасан дууг эгшиглүүлэн эхлэхэд барсын сүрэг тэр дорхноо тайвшран бие биенийгээ долоосоор, шогшин одоход өнөөөх цөөвөр чонууд эргэн эргэн харсаар барсын араас цогин холдлоо. Эгшиг уянгат дуугаар амийг нь аварсан Сэтгэл охинд хүмүүс талархснаа илэрхийлж хамт явахыг гуйжээ. Сэтгэл охин тэдний үгийг дуртайяа зөвшөөрөн цааш тэмээ унан жонжуулав. "Уг нь манай Шидэт ууланд амьтад бидэнрүү ердөө дайрдаггүй юм" гэж Сэтгэл охин бодов. Гэтэл толгойгоо самбай даавуугаар зузаан гэгч нь ороож өтгөн сахлаа илбэсэн буурал өвгөн, Сэтгэл охиныг хаанаас хаа хүрч явааг асуув. Охин хэрэг зоригоо хэлж өөрийн аз жаргалыг олохоор орчлонгийн хамгийн үнэт эрдэнийг хайж яваагаа хэлтэл хүмүүс гайхацгаажээ. Энэ хүмүүсийн хувьд тэдний хамгийн нандин эрдэнэ нь энэ их элсэн цөл билээ. Гэтэл ийм жаахан охин энэ их элсэн цөлийг яаж авч явах билээ" хэмээн бодолхийлжээ. Удалгүй элсэн цөлийн шаргал өнгө сэргэж алтан гэгээ мандан нар гайхамшигтай сайх-наар гийв. Тэмээн жинчид нар мандахын үеэр өөрсдийн гэр овоохой, шавар оромж бүхий суурин газарт хүрч ирлээ. Аав ах нарыг нь аварсанд тосгоныхон бүгдээрээ Сэтгэл охинд ихэд талархан дайлж цайлжээ.Нэгэн өдөр элсэн цөлд угалз дэгдэн аймшигтай догшин шуурга босч хүмүү-сийн оромж байрыг хийсгэн одов. Орох оронгүй болсон хүмүүс ихэд гуниглаж байхыг хараад Сэтгэл охин ариун урга-малт титмээсээ нэгэн дэлбээ авч элсэн дээр шидэхэд агшин зуур үлгэрийн юм шиг аварга том асар сүндэрлэж алтан хээ мөнгөн саатай торгон үүд нь намиран сөхөгдөхөд хүмүүс баярлалдан Сэтгэл охиныг хүндлэн хайрлах болжээ. Гэтэл энэ үеэр Цөлийн хааны шадар туслах Коба нэрт могой хаандаа очиж ийнхүү айлтгав.-Эрхэм хаантан минь таны онгод шүлгийг хөгжөөдөг их цөлийн угалз шуургыг нэг муу жаахаан охин тэр дор нь намдаачихлаа, та үүнийг хараач хэмээн зэс толийг үзүүлтэл үнэхээр нэгэн охин угалз шуургыг намдаахыг хаан үзээд ихэд уурлан түүнийг бариулахаар өөрийн хүү Цөлийн баатрыг зарц Кума нэрт гүрвэлийн хамт илгээв. Цөлийн наран зул шиг жаргасаар түмэн зүйлийн өнгөөр тэнгэр өөрийгөө гоёж байхад Сэтгэл охин хүмүүсийн гацаа суурингаас холгүй элсэн толгодын орой дамжин зугаалан алхаж байв. Тэгтэл аймшигт элсэн шуурга түүнийг ороон авлаа.
Нэг сэртэл алтаар бүрхсэн гантиг чулуун баганаар хүрээлсэн эхэмсэг чамин ордонд байж байх юм. Эргэн тойрноо эрэщүүлэн хартал том том сахалтай торгон хантааз өмссөн өвгөчүүл өөр хоорондоо шивэр авир ярилцаж байснаа чимээгүй болов. Ордны төв хэсэгт сүрлэг зассан алтан сэнтийд живэр хар сахалтай, толгойдоо алтан саатай хамба торго ороож чихэндээ ээмэг зүүсэн бүдүүн эр ууртай гэгч нь өгүүлрүүн:-Өчүүхэн охин чи яагаад миний угалз шуургыг намдаачихав? Тэр чинь миний яруу найргийг хөгжөөдөг юм. Хаа газраас юу хийж яваа тэнүүлчин бэ? Хэмээн сөөнгө хоолойгоо шахан асуутал-"Сэтгэл" гэдэг ээ нэрийг минь, би шидэт ууланд эгч дүү, ээжтэйгээ амьдардаг. Би хаанаас энэ орчлонгийн хамгийн үнэт эрдэнийг олж болохыг та хэлж өгч туслаач хэмээн охиныг зөөлхөн өгүүлэхэд ордоны олон сайд шуугиж өөр хоорондоо шивнэлдэв. Цөлийн хаан сахлаа имрэн чимээгүй сууснаа юу юугүй инээн тачигнатал хөхрөв. Сайд түшмэдүүд нь ихэд алмайрснаа хааныгаа даган маасайтал инээлдэв. Хаан ууртай, сүртэй царайндаа яаж ингэж чадаж байнам гэмээр инээмсэглэл тодруул-саар элгээ хөштөл хөхрөв.-Миний хамгийн үнэт эрдэнэ бол энэ элсэн цөл! чи яаж авч явах гээв? хэмээн баахан инээсний эцэст түрүүчийн сүртэй дүрээ тодруулаад:-Харин чи яах гэж миний угалз шуургыг зогсоов гэхэд-Таны шуурга хүмүүсийн шавар оромжийг нурааж, тэдэнд зовлон авчирсан шүү дээ хэмээн охин хэлэв.-Хаан тачигнатал инээх гэснээ өөр нэгэн зүйлийг эрэгцүүлэх мэт чимээгүй бодолхийлээд-За чи үнэхээр ухаалаг охин байна. Чамд их зориг байна. Би чамд өөрийн эрдэнэсийн сангаас зуун тэмээ ачаа, торго дурдан ховор нандин эрдэнэс өгье. Энэ бүхэн чамд аз жаргалыг заавал авчрана хэмээгээд-Чамайг би амин эрдэнэ Цөлийнбаатар хүүтэйгээ танилцуулъя хэмээв. Сэтгэл охин Цөлийнбаатарыг харангуутаа дурлачихав. Өв тэгшхэн бие бялдар ухаалаг харц нь тэр залууд тун их зохижээ. Сэтгэл охин Цөлийн хааныд хэд хоноод Шидэт ууландаа буцахаар болоход Хаан өгүүлрүүн:-Миний хүүг сайн асарч яваарай, одоо чи миний охин боллоо шүү гэжээ. Ингээд ханхүүгийн хамт Сэтгэл охин зуун тэмээ ачаагаа хөтлөн гэрийн зүг яаран ээжийнхээ аялгуу тансаг дууг дуулан одов гэнэ.Энэ үеэр бага охин Энэрэл төгөл ойн хязгаараар зорчсоор нэгэн цөөрөмд хүрч ирэв. Гэтэл гил хар загас хумбан цагаан загастай шумбан наадаж арга билгийн хоолойгоор гургалдай жиргэж байв. Хөгшин яст мэлхий хуягаа дааж ядан мөлхсөөр Энэрэл охины өмнүүр гэлдрэхэд мурилзаж шарвасан бамба могой шурхийн өнгөрлөө. Энэрэл охин дал мод сүлжсээр зөндөө алхсаны эцэст нэгэн гайхалтай газар хүрч ирэв. Өөртэй нь ижилхэн мөртөө цээж нүцгэн амьтад заан унаж, харин зарим нь толгой дээрээ бялт таваг тэгнэн жимс зөөн хөлхиж байв. Хоёр эгч ээжээсээ өөр хүний бараа үзээгүй Энэрэл охинд энэ бүхэн гайхалтайяа санагдаж байлаа. Хол замын эцэст ийм олон хүнтэй учирсандаа Энэрэл охин догдлож хүмүүсийн амьдран суух хүрээ суурингийн дундуур алхав. Гэтэл шүд нь унаж эрүү нь үрчийгээд нүд нь гархилсан настай эмгэн Энэрэл охины өмнө сөгдөж өвчин эмгэгээс нь анагааж өгөхийг гуйжээ. Энэ хүн яагаад ингэтэл зовж шаналсан юм бол оо хэмээн бодолхийлсээр цааш алхахад хөдлөхгүй болсон жаахан хүүхэд замд нь хэвтэж байв. Саяхан диваажин хэмээн нэрлэсэнтэр сайхан газраас холгүйхэн амьдарцгаадаг энэ хүмүүс яагаад ингэтлээ зовж шаналдаг юм бол хэмээн дахин бодоод Энэрэл охиныг алхтал хэсэг хүмүүс ёолон, уйлж орь дуу тавих нь сонсдов. Энэ бүхнийг хараад Энэрэл охин өөрийн эрхгүй "Зовлон" хэмээн дуу алджээ. Зам дээр хэвтсэн хүүхэд, хөгширсөн эмгэний шүдгүй царай, уйлж шаналсан хүмүүсийн дүр дахин санагдахад "өвчин" хэмээх үг өөрийн мэдэлгүй амнаас нь гарав.Энэрэл охин ээжийхээ дуулдаг дууг эгшиглүүлэн эхлэхэд шүдгүй эмгэн залуужин, зам дээр хэвтсэн хүүхэд инээмсэглэн босч өвдөж шанал-сан хүмүүс ч ёолохоо байв. Аймшигт зовлонгоос нь салгасанд "Энэрэл" охинд хүмүүс талархан хүндэтгэж мөргөн сөгдөв. Энэ бүхнийг хараад "Энэрэл" охин өөрийн эрхгүй "Буян" хэмээн уулга алджээ. Өлсөж зовсон хүмүүс эрүүл саруул болсондоо үнэхээр их баярлаад охиныг дайлж цайлав. Төдөлгүй их усан бороо орж үерлэн шуугихад хүмүүсийн навсайж хуучирсан оромжны дээврээс ус дуслан саяхан аз жаргалаар инээмсэглэж байсан хүмүүсийг сандаргав. Энэрэл охин ариун ургамалт титмээсээ нэгэн дэлбээ сугалан төглийн чөлөөнд шидэхэд түм буман гэрэл агшин зуур гялсхийж бөмбөгөр алтан дээвэртэй есөн эрдэнийн хаалгатай хаш цагаан орд тэр даруй сүндэрлэж хүмүүс магнай тэнийтэл баярлажээ. Энэ цагаас эхлэн хүмүүс Энэрэл охиныг "Авралт дагина" хэмээн хүндэтгэх болжээ. Яг энэ үед Хурмасын хааны шадар туслах Хангарьд шувуу эзэндээ ийнхүү айлтгав.-Эзэн минь ээ! Та ариун шүүдрийн дуслаар эх дэлхийд бороо оруулсан билээ. Гэтэл нэг өчүүхэн охин таны адисласан хур бороог тэр дор нь нам-даачихлаа хэмээсэнд хурмастын эзэн охиныг авчруулахаар өөрийн хүү Тэнгэрийн жононг түшмэл "Аянга нир-гэгч" нэрт бүргэдийн хамт илгээв. Нэгэн өглөө Энэрэл охин ойн дундуур алхсаар оргил өндөр ууланд гарч иртэл нар үнэхээр сайхан мандав гэнэ. Гэтэл тэнгэр харанхуйлан бараан үүл хурал-даад саяхан цэлмэг байсан огторгуйгаас аянга цахилав. Нэг сэртэл Энэрэл охи-ныг өтгөн цагаан манан ороогоод эргэн тойрон цагаан үүл бүрхэн үзэгдэнэ. Хаа ирчихснээ мэдэхгүй болохоор дахин ажтал мөнгөн саатай өнгө өнгийн нөмрөг бөгтөрсөн олон хүмүүс түүнийг тойрон зогсож байх юм. Ариун тансаг үнэр ханхийж үүл манан эрхэлсэн ордны хойморт нэгэн буурал өвгөн хоёр гараа хавсран нүдээ анивхийлэн сууна. Түүний өмсгөл хүрэм нь цасан цагаан бөгөөд суудал сэнтий нь алтан гэрлээр цацарч байлаа. Хурмастын хаан охиныг харан:-Чи юунд миний ариун увидаст бороог зогсоов? Түүгээр чинь би хангай дэлхийг сэргээж амь оруулдаг юм шүү дээ хэмээсэнд-Таны оруулсан бороо үерлэн урсч хүмүүсийн оромж байрыг урсган одох юм. Гэр оронгүй үлдсэн хүмүүст зовлон тохиолдохоор би тусалсан юм гэжээ.Хурмастын хаан охины хаа хүрч яваа, хэн гэдэг, хэрэг зоригийг асуувал-Би шидэт уулын эгч дүү гурвын отгон нь, бид ээжтэйгээ амьдардаг. Эгч дүү бид ээжийнхээ захисан энэ орчлонгийн хамгийн үнэт эрднийг олж өөрийнхөө аз жаргалыг өөрөө л хайхаар гэрээсээ гарсан юм. Харин одоо юу ч олсонгүй гэхэд-Аа тийм байх нь ээ, ухаалаг охин чи ямар эрдэнийг хайсан юм? хэмээн хурмастын эзэн дөлгөөн бөгөөд энх-рийлэн асуув-Хурмастын эзэн минь би юу эрж яваагаа сайн мэдэхгүй. Гэхдээ заавал олно гэдэгтээ итгэж байна гэлээ. Охины яруу үгэнд хурмастын эзэн уярч өөрийн гурван үнэт эрдэнийг үзүүлэхээр шийдэв.-Миний үнэт эрдэнэ бол тэнгэр огторгуй билээ. Албат иргэд, хаан суудал маань хоёрдох эрдэнэ юм. Харин хамгаас хайрладаг эрдэнэ бол миний хүү Тэнгэрийн жонон бөлгөө, хэрэв чи хүсвэл энэ бүхнээс минь сонгож болно шүү дээ.-Хурмастын эзэн өвөө минь ээ би хэрхэн сонгохоо мэдэхгүй нь гэж охин өгүүлэв-Охин чамд би хүсэл бүхнийг биелүүлэгч алтан судрыг өгье, энэ эрдмийн дээд ном хүн бүхэнд аз жаргал авчирна хэмээв. Охин судрыг аван Шидэт ууландаа буцахаар шийдэв. Гэтэл хурмастын хаан-Энэрэлт охин чи миний хүүтэй танилц хэмээн Тэнгэрийн ханхүүг дуудав. Охин ханхүүг хараад шууд л дурлачихав. Ханхүү ч мөн Энэрэл охины ухаалаг харцанд өөрийн эрхгүй татагдав. Хурмастын эзэн өгүүлрүүн:-Охин минь чи хүүгий маань хайрлаж яв хэмээжээ. Энэрэл охин хүсэл бүхнийг биелүүлэгч алтан судраа авч ханхүүгийн хамт үүл хөлөглөн ойн чөлөөнд газардаад ээжийнхээ дуулдаг дууг аялан Шидэт уулаа зорин одлоо.Итгэл охин хайртай ханхүүгийнхээ хамтаар Шидэт уулаа зорин явж байгаад нэгэн эрэгт зогстол эрүү нь өвдгөө хүртэл унжсан буурал эмгэн Итгэл охин Ханхүүгийн дэргэд ойртож ирээд хахир хатуу дуугаар:-Хоёр хүүхэд минь та нар их холоос явж аяншиж ядарчээ. Би та хоёрыг сүүгээр дайлъя хэмээгээд мөнгөн домботой сүү өгчээ.Нэг сэрсэн чинь өнөөх эмгэн Итгэл охиныг модонд хүлээд агуй дотроо гал өрдөн байлаа. Охин айсандаа болоод хашгирах гэтэл жижигхээн хүрэлзгэнэ дүнгэнэн хүрч ирээд-Охин чи битгий уйл хорон санаат эмгэн шулам чамайг барьсан юм. Чиний ханхүүг чинь тэр зэрлэг үхэр болгож хувиргаад удахгүй идэхээр бэлдэж байна. Энэ ойн бүх амьтад цөмөөрөө хүмүүс байсан юм. Тэгээд бүгдээрээ эмгэн шуламын хорт урхинд орж амьтан болж хувирсан билээ хэмээсэнд Итгэл охин уйлан хайлж ихэд шаналав. Гэтэл өнөөх хүрэлзгэнэ:-Охин минь одоо эмгэн шулам унтаж байгаа, би чиний хүлээсийг тасдая, харин чи далайн хязгаарт очиж цуурайт хясааг авчир. Тэр хясааг авчраад үлээвэл илбэдүүлсэн амьтад хүн болж хувираад шуламын шид алга болно. Ханхүү чинь ч буцаад хүн болно гэлээ. Ингээд охин уйлахаа больж агуйгаас орготол хүрэлзгэнэ ийнхүү хэлжээ.-Эрхэм охин минь, би чамд нэгэн шившлэг зааж өгье, түүнийг далайн эрэг дээр очоод хэлбэл алтан цурхай чамд цуурайт хясааг олж өгнө, харин шулмын шид чиний титмийг үгүй хийсэн болохоор чи энэ бүхнийг өөрөө л хийх хэрэгтэй болно доо, сайн бодоорой цуурайт хясааг цурхай загас зуун хөлөг онгоц эрдэнэс өгсөн хүнд л бэлэглэдэг юм хэмээжээ. Итгэл охин ердөө ч эргэлзсэнгүй зуун хөлөг онгоцоо холбон сэлүүрдэн явсаар далайн хязгаарт ирэхэд тэр туйлаас их ядарсан байв. Ингээд тусч бяцхан хүрэлзгэнийн хэлсэн ёсоор өнөөх шившлэгийг хэлтэл аварга давалгаа босч түүн дотроос тодоос тод гэрэл цацраад хөгшин цурхай гарч ирэв. Цурхай загас охиныг хараад-Охин чи яах гэж ирээв?-Надад цуурайт хясаа хэрэгтэй байна, би таньд зуун хөлөг эрдэнэс авчирлаа, надад тэр хясааг олж өгөөч гэв. Цурхай загас их усан далайруугаа буцан оров. Төд удалгүй дахин давалгаа боеч алтан гэрэл цацарсан цуурайт хясааг зуусаар өнөөх цурхай гарч ирээд Итгэл охинд өгөв. Цурхай загас Итгэл охинд сайн сайхныг хүсээд эрээлжлэн цалгисан далайруугаа ганцхан шарваад ороход зуун хөлөг эрдэнэс далайн гүнрүү алгуурхан живлээ.Итгэл охин эмгэн шуламын агуйд эргэн ирж хясаагаа үлээтэл түүний чимээгээр бүх ойн амьтдаас гэрэл цацраад төдхөн бүгдээрээ олон олон хүмүүс болж хувирав. Залуу ханхүү ч урьдын адил үзэсгэлэн төгөлдөр болон хувирчээ. Өөрийн ид шидийг үгүй болгосонд эмгэн шулам уурлан дүрэлзэж өнөөх домботой сүүгээ өөрөө бүгдийг нь уугаад хөгшин үнээ болон хувирчээ. Хүмүүс Итгэл охинд баярлан хатан хаан болоод биднийг удирдаач гэсэнд Итгэл охин өөрийн хэрэг зоригоо хэлэн цааш гэрийн зүг явахаар шийдэв. Шидэт титэмгүй болсон ч, зуун хөлөг эрдэнэсээ гээсэн ч Итгэл охин цөхөрсөнгүй, харин хамгийн үнэт эрдэнэ Ханхүүгээ дахин олж аваад аз жаргалтай дуугаа аялан Шидэт уулынхаа зүг яаран алхав.Энэ үеэр Сэтгэл охин цөлийн ханхүүгийн хамт Шидэт уулаа зорин явж байв. Гэтэл эцэс төгсгөлгүй мэт элсэн зам дээр өгөр модон таяг тулсан, царай нь үрчийж сахал нь сөрвийсэн, туранхай өвгөн таа-ралдав. Өнөөх өвгөн шүдээ хавиран яхир дуугаар:-Та хоёр цангаж ядарсан хүүхдүүд байна. Миний алтан домбот рашаанаас ууж цангаагаа тайл хэмээгээд нэгэн домботой ус өгөв. Нэг сэртэл Сэтгэл охин элсэн цөлийн дунд цор ганцаар хоцорсон байлаа. Сэтгэл охин энэлэн шаналж цөл газар нуур болтол уйлжээ. Гэтэл жиргээч бялзуухай нисэн ирээд шулганан хэлэв:-Охин минь чи юунд уйлаав, Цөлийн мангас Дуба ядуу өвгөний дүрээр хувирч ирээд чиний ханхүүг булаачихав уу? Би чамд нэгэн дуу зааж өгье, чи түүнийг дуулбал алтан сэрвээт мөнгөн тагтаа болж хувирна. Тэгээд чи мангасын агуйд очоод ханхүүгийнхээ уруул дээр алтан балыг дусаавал ханхүү зүйрлэхийн аргагүй хүчтэй болж мангасыг дарна. Харин алтан балын дуслыг хатан зөгий чамд өгнө. Гэхдээ тэр зуун тэмээ эрдэнэс өгч түүнийг уяртал нь дуулсан хүнд л бал бурмаасаа өгдөг юм гэжээ. Ингээд Сэтгэл охин эргэлзсэн ч үгүй жиргээч бялзуухайн заасан дууг дуултал гэрэл цацруулсан алтан сэрвээтэй мөнгөн цагаан тагтаа болон хувирчи-хав. Тэр хатан зөгий дээр очоод учир явдлаа хэлтэл-Надад зуун тэмээ эрдэнэс өгч, нэгэн сайхан дуу дуулан намайг уярааж чадвал чамд бал бурмаасаа өгье гэжээ. Итгэл охин ээжийнхээ дууг уянгалуулан аялтал хатан зөгий бөмбөртөл уйлан түүнд зөндөө бал өгөв. Зуун тэмээ эрдэнэсээ үлдээн алтан сэрвээндээ өнөөх балнаасаа түрхэж аваад цөлийн мангасын агуйд очтол Ханхүүг нь төмөр гинжээр гинжилж хүр чулуу зөөлгөн хүнд хүчир ажил хийлгэн, хайр найргүй ороолгон зодож байв. Мөнгөн гэрэлт тагтаа түүн зүг нисэн очиж ханхүүгийнхээ уруул дээр балаа дусаатал Ханхүү нь зүйрлэхийн аргагүй хүчтэй болон цөлийн мангастай гурван өдөр гурван шөнө тулалдаад ялав. Ингээд тусч бялзуухайд талархснаа хэлээд хоёул Шидэт уулаа зорин одов.Энэ үед Энэрэл охин Тэнгэрийн ханхүүгийн хамт Шидэт уулаа зорин ойн чөлөөгөөр алхан ус мөрөн гаталж явтал харуй бүрий болон сувдан одод тэнгэр дүүртэл түгжээ. Гэтэл хаа нэгтэй бүсгүй хүний энхри1"* уярам хоолой сонсогдож үнэхээр сайхан дуулж байв. Ханхүү Энэрэл охины хамт дөхөн очтол ятга хөгжмийн алтан утсыг савхан цагаан хуруугаараа эгшиглүүлсэн гоо үзэсгэлэнт бүсгүй гунигтай мөртлөө аялгуу тансаг дууг байгаль ертөнцийг нойрсуултал дуулж байх юм. Тэр дууг нь сонссоор байгаад бүр сүүлдээ охин Ханхүүгийн хамт унтаад өгчээ. Нэг сэрэхэд ариун ургамалт титэм нь хувхайраад Ханхүү нь алтан судрын хамт алга болчихсон байлаа. Охин харамсан гуниглаж байтал солонгон гэрэл цацруулсан эрвээхэй нисч ирээд охинд ийнхүү хэлэв гэнэ.-Чиний амраг хайртай залууг шөнийн хатан Сики гэгч булаан явжээ.Тэр ханхүүг чинь ховсдон өөртөө дурлуулсан байна. Сики олон олон залуусыг уянга дуугаараа урхидан авдаг юм. Шөнийн хатан өдөр нь унтаж шөнө нь аялгуу дуугаар хүмүүсийг ховсддог. Хэрэв чи эрвээхэй болон хувираад нарны гэрэлтэй байхад шөнийн хатны шилтгээнд орж хайртай залуугийнхаа зүүн нүдийг гурвантаа үнсвэл түүний ховс нь арилж чамайг дахин хайрлах болно гээд эрвээхэй болгогч шидэт дууг зааж өгчээ. Эрвээхэй болсон Энэрэл охин ханхүүгийнхээ шидэт ховсыгтайлахаар гүн шөнийн харанхуйд ниссээр шөнийн хатны шилтгээнд очив. Нар мандахад шөнийн хатан амрахаар хэвтэв. Түүнийг унтангуут Энэрэл охин дэргэд нь байсан хайртынхаа зүүн нүдийг гурвантаа үнстэл Тэнгэрийн ханхүү сэрэв. Энэ үеэр шөнийн хатан сэрсэн ч алтан нарны цацрагт ид шид нь алга болоход Энэрэл охин Ханхүүгийн хамтаар Шидэт уулаа зорин цааш одов гэнэ.Ингээд Гурван охин шидэт ууландаа хүрч ирээд ноён оргилыг даван гартал хайртай сайхан хангай уул нь гандаад, хүрхрээ нь ширгэн, бүх амьтад нь үгүй болсон байв. Гурван охин ээжийнхээ амьдардаг ариун ургамал сүлжсэн сууцанд очтол хайртай ээж нь өнгө зүс алдаад ихэд шаналсан байлаа. Гэсэн хэдий ч гурван охин ээжтэйгээ уулзсандаа, ээж нь охидтойгоо учирсандаа баяртай байв.-Та нарыг минь явсны дараа сар хүрхрээнд минь шумбахаа больж, одод ч ой, нуга хөндийгөөр бууж ирэхээ байсан. Тэгээд амьтад нэг нэгэндээ дайсагнан шидэт уулын минь ургамал амьтан, өнгө гэрэл нь үгүй болсоон. Харин охид минь та гурвуул хүрч ирээд наран гартал баярлууллаа. Та гурав энэ орчлонгийн хамгийн үнэт эрдэнийг олов уу хэмээн ээж нь сэтгэл догдлон асуув. Том охин Итгэл өгүүлрүүн:-Хайрт ээж минь ээ, энэ орчлонгийн хамгийн үнэт эрдэнэ бол хүнд тус болж, хүнийг хайрлах их итгэл юм байна. Хүн өөрийнхөө аз жаргалыг өөрөө л олох учиртайг ухаарлаа. Аз жаргалыг алт эрдэнэсээр хэмжиж болохгүй юм байна. Лусын эзэн надад зуун хөлөг онгоц дүүрэн эрдэнэс өгсөн ч би түүнийг биш харин Тэнгисийн ханхүүг сонгосон юм хэмээн ээжтэйгээ танилцуулав. Дунд охин Сэтгэл нь өгүүлрүүн:
-Гэгээн сэтгэлт ээж минь ээ, энэ дэлхийн хамгийн үнэт эрдэнэ бол бусдад ачлалтай байж сайн хүнийг дээдлэн, хайртай юм бүхнээ бишрэн хүндлэж, түүнийхээ төлөө тэмцэх явдал юм байна гэдгийг охин нь ухаарлаа хэмээв. Цөлийн хаан надад зуун тэмээ эрдэнэс өгсөн ч би түүнийг биш Цөлийн ханхүүг сонгосон юм аа гэж ээжтэйгээ танилцуулав. Энэрэл охин өгүүлрүүн:
-Ариун энэрэлт ээж минь ээ, бүхнээс үнэт эрдэнэ гэдэг чинь хүн юм байна шүү дээ, саад бэрхшээл хэдийд ч тохиолдоно, зовлон зүдгүүр ч хүнийг мохооно. Хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулж байвал орчлон тэр чигээрээ аз жаргалтай болохыг охин нь ухаарлаа гэж хэлэв. Ингээд охид ээждээ бүх туулсан зам учирсан хүмүүсийнхээ тухай ярин аюулт шуламаас эхлээд авралт хүмүүсийн тухай хүүрнэв. Гурван охиныхоо үгийг сонсоод ээж нь ийнхүү хэлжээ.-Энэ орчлонгийн хамгийн үнэт эрдэнэ бол хүнийг хайрлах сэтгэл, өрөвдөн уучлах ухаан, муу муухайг сайн сайхан болгох ариун хүслэн юм. Миний гурван охид хүмүүст тусалжээ. Алт эрдэнэс, эд баялаг бол хэзээ ч хүнийг орлохгүй гэдгийг ухаарсан чинь та нарын минь аз жаргал, миний баяр баясал юм шүү дээ гээд ээж нь үнэхээр их баярлаж зүүн гарынхаа алгыг алгуурхан дэлгэтэл охидын үлдээсэн гурван сормууснаас гурван өнгийн гэрэл тал бүрдээ цацраад шидэт уулынх нь хүрхрээ дахин цацран урсч, ан амьтад нь ой хөндий, нуга хөвчөөр нь багширан идээшилж, түмэн жил ургадаг жимс нь ногоорон алаглав. Шувууд жиргэдгээрээ жиргэж, шулагнасан бяцхан ангаахайнууд нь ч өхөөрдөм дэрвэх ажээ. Шидэт ууланд ариун шидэт хайрын солонго татаж бүхнийг энэрэх хайрын бороо шивэрлээ.Нэгэн шөнөөр хүрхрээнд сар шумбан зугаацаж ахуйд одод ой тайга, нуга хөндийгөөр зугаалан амьтдад зүүд бэлэглэхдээ гурван охины ээжийн нэрийг "хайр" хэмээн шивнэжээ. Бусдад итгэж, түүнд сэтгэлээ зориулж бас энэрэн нигүүлсэх нь юу юунаас илүү үнэтэй. Энэ орчлонгийн хам-гийн аугаа эрдэнийг хайр гэдэг зүйл болохыг тэр цагаас хойш амьтад ухаарчээ.Шидэт уулын сормууснаас түгсэн аз жаргалын өнгөөр өг-лөө бүхэн наран мандаж хүн бүхэн тэрхүү аз жаргалтай нарны дор амьдралын учир утгыг хөглөх нь Итгэл, Сэтгэл, Энэрэл охины хайрын эрэлд цуцашгүй тэмцсэн үлгэрийн гайхамшиг ажээ.
2003.11 сар
2003.11 сар
No comments:
Post a Comment