С.Эрдэнэболд
Eyelash of the Magic Mountain-1
Шидэт уулын сормуус
Хүүхдийн үлгэр
Ус мөрөн далайг үүсгэж ургах наран амьдралыг эхлүүлсэн тэр л цагт юм гэнэ. Үүлс огторгуй чимэн нүүж, уулс тэнгэр өргөн дүнхийсэн хараа гүйцэмгүй орчлонд нэгэн сайхан хангай байжээ. Энэ хангайд уул уулаас өндөр, нарны алтан цацраг хамгийн түрүүнд тусдаг нэгэн уул сүндэрлэнхэн байжээ.
Энэ уулын модод нь мөнх ногооноороо шуугиж зүйл зүйлийн алаг цэцэгс нь хэзээ ч гандалгүй өнгө хослон найгадаг байв. Ан амьтан, араатан жигүүртэн цөм эв найртай, чоно янзагыг асарч, арслан барс, аргал янгирын сүрэгтэй нэгэн цөөрөмд ундаалж, нэгэн хөндийгөөр идээшилдэг байв. Мод бүрийнх нь мөчир дээр амт тансаг жимс сагсайн ургаад ягаарч боловсорсон чигээрээ түмэн жил өнгөрчээ. Цацран буух аварга хүрх-рээний эргэн тойронд долоон өнгийн солонго татаад өдрийн наранд уулын бүхий л нуга хөвчид аз жаргалын өнгө илгээдэг болохоор энэ уулыг "Шидэт уул" гэж нэрлэдэг байв.
Шөнө дөлөөр томоос том саран мандаж төд удалгүй их усан хүрх-рээнд нэгэнтээ шумбаад тэнгэртээ эргэн гарч бүх нуга хөндийг саруул сайхан гэрэлтүүлнэ. Сарыг хүрхрээнд шумбах үеэр тэнгэрт гялалзагч одод ой хөвч, нуга хөндийд буун ирж анивалзан тодрох гэрэл илчээрээ амьтдад зүүд бэлэглэдэг байжээ. Тэрхүү сайхан зүүдний ачаар ан амьтад хэзээ ч бие биендээ дайсагналцахгүй үргэлжид амар амгалан амьдарч иржээ. Шувуудын жиргээ, салхины исгэрээ, гургалдайн дуунаас эхлээд түмэн зүйлийн дуу хөг эгшиглэсэн энэ ууланд бүх ан амьтдын хайрлаж хүндэлдэг гурван охин, хайртай ээжийнхээ хамт амьдран суудаг юмсанжээ.Тэр гурван охиныг хэзээ төрсөн, хаанаас ирснийг нь ан амьтад мэдэхгүй боловч том эгчийг нь Итгэл, дунд эгчийг нь Сэтгэл, харин бага охиныг нь Энэрэл хэмээн дуудацгаана. Учир нь гурван охины нэрийг ан амьтдыг унтаж байхад тэнгэрт гялалзагч одод тэдний зүүдэнд шивгэнэсэн юмсанжээ.
Эгч дүү гурвуул эхээс төрсөн атал солонгын долоон өнгө атаархам гоо үзэсгэлэнтэй билээ.Том эгч Итгэл нь хүрхрээн дээр байнга очиж ариун лагшин бие царайгаа тольдон угаал үйлдэхэд түүний биеэс хөх ягаан гэрэл цацраад урам зориг, хүсэл тэмүүлэл хайрласан дотно үнэрийг тээж уулын бүх амьтдад хүрдэг байжээ.
Дунд эгч Сэтгэл нь ойн төгөлд очиж мянган жил боловсорсон шидэт жимсийг түүхэд түүний биеэс номин гэрэл цацраад тайвшран бодолхийлж ухааран эрэгцүүлэхийн содон үнэр тархаж ойн бүх амьтдад хүрдэг байв.
Бага охин Энэрэл нуга хөндийд очиж цэцэгсийн дэлбээг энхрийлэн таалж амьтдын зулзагыг тэжээхэд түүнээс шаргал гэрэл цацраад энэрэн нигүүлсэж өрөвдөн уучлахын зөөлөн үнэр ой тайга, уулын бүхий л газ-раар тархдаг байлаа. Харин гурван охины ээжийг хэн гэдгийг одод амьтдын зүүдэнд хэзээ ч шивнээгүй юмсанж.
Гурван охины ээж нь нас өндөр тул хэзээ ч хүрхрээ, ойн төгөл, нуга хөндийрүү зүглэхгүй. Харин орой болгон охиддоо уянгат дуу дуулж өгдөг байж гэнэ. Нэгэн үдэш ээж нь гурван охиноо суулгаад өнөөх дуугаа дуулжээ.
Алс замыг туулах
Аз жаргалын эрэлчин би
Аз жаргалыг хайсаар
Аврал буяныг үйлдэнэ дээ
Солонгын долоон өнгөнөөс
Совин хүсэл төрнө дөө
Сарны туяа тодроход
Согоон одод бүжинэ дээ
Оддын шивнээ сонсдоход
Охид минь та нар ниснэ дээ
Зүүдний шаргал шөнөөс
Зорилго бүхэн жигүүрлэнэ дээ
Марал гэгээн бодлоос
Маргааш болгон эхлэнэ дээ
Мартаж санахын учралаас
Өдөр шөнө ундранаа
Мөнгөн алсын тоосноос
Миний жаргал ургана даа
Хайр гэрэлтэх амьдралыг
Хүсэн мөрөөдөгч хүн дээ бигэж дуулаад охиддоо ийнхүү хэлж гэнэ. Миний гурван охинд гоо үзэсгэлэн төгөлдөр бүрджээ. Ээж нь та гуравтаа нэг нэг титэм өгье. Харин та гурав маргааш өглөөний наран мандах үеэр энэ титмийг өмсөөд гурван өөр зүгт одоцгоо. Тэгээд өөрсдийнхөө аз жаргалыг олж энэ орчлонгийн хамгийн үнэтэй зүйлийг авчраарай гэжээ. Энэ үгийг сонсоод охид баахан гайхацгаасан боловч залуу хүний алс холыг мөрөөддөг зангаар сэтгэл нь догдолж тэр дорхноо ээжийнхээ үгийг зөвшөөрчээ.Ингээд маргааш өглөөний алтан нар цацран мандахад гурван охин титмээ өмсөн ээждээ сөгдөж удахгүй эргэн ирэхийн тэмдэг болгон нэг нэг сормуусыг ээжийнхээ зүүн алганд үлдээв. Охидоо холын замд үдэхдээ ээж нь ийнхүү захижээ. Та нарын одох газрын цаг хугацаа эндэхийн цаг хугацаанаас өөр, юм бүхэн хувьсаж өөрчлөгдөнө. Бидний амьдралын нэгэн сар тэр амьдралын нэгэн өдөртэй тэнцэнэ. Та гурвуул тэргүүн дэхь титмээ ер авч болохгүй, хэзээ ч гандахгүй ариун ургамлаар үйлдсэн болохоор сахиус чинь болно. Харин та гуравт аюул тохиолдож ээжийгээ санавал миний үдэш бүр дуулж өгдөг дууг санаж яваарай, түүний ачаар орчлонгийн хамгийн үнэтэй эрдэнийг олно хэмээжээ. Ингээд охид гурван зүгтээ одоцгоов.
Том охин Итгэл нь яван явсаар Шидэт уулынхаа давж гарамгүй ноён сарьдигт тулж ирэхэд ээжийнх нь өгсөн титмээс солонгын өнгө цацраад уул давсан цэцгэн гүүр бий болжээ. Том охин тэр гүүрээр шидэт уулыг давахад чих дүлийрэм салхи исгэрч цааш явахын аргагүй нүдлэн шуугижээ. Гэвч том охин ээжийнхээ дууг дуулаад эхлэнгүүт салхи тэр дорхноо намдан сүрлэг сайхан уулс шил шилээ даран, цэнхэртэн үзэгдэв. Том охин Итгэл тэр уулсын хязгаарт л ээжийн минь захисан орчлонгийн хамгийн үнэтэй зүйл бий гэж бодоод дуугаа дуулан уулсыг зорин одов.
Дунд охин Сэтгэл нь яван явсаар Шидэт уулынхаа нэвтэрч чадамгүй хөвчид тулж ирэхэд ээжийнх нь өгсөн титмээс мөнгөн гэрэл цацраад сувдан гүүр бий болжээ. Дунд охин тэр гүүрээр Шидэт уулыг давахад нүд гялбам шаргал цөл алтарч хараа гүйцэмгүй алс хязгаар ноёрхжээ.Төдөлгүй элсэн шуурга охиныг соронздох мэт ийш тийш нь татлахад ээжийнхээ дуулдаг дууг аялангуут элсэн шуурга намдан үнэхээр тансаг Баянбүрд хосолсон элсэн манхан дүнхийжээ. "Энэ л хараа гүйцэмгүй их цөлийн хязгаарт ээжийн минь захисан хорвоод хосгүй эрдэнэ бий" гэж охин бодоод дуугаа дуулсаар алс хязгаа-рыг зорин одов.Бага охин Энэрэл нь яван явсаар Шидэт уулынхаа авирч барамгүй хадан цохионд дөхөж ирэхэд ээжийнх нь өгсөн титмээс алтан шаргал гэрэл цацраад солонгон гүүр бий болжээ.
Бага охин тэр гүүрээр Шидэт уулыг давахад ой тайгын хөвч ногоон анхи-лаад төдөлгүй хаа нэгтэйгээс гал дүрэлзэн юу юугүй модод шатаж амьсгалж боломгүй утаа тортог охиныг бүчин авлаа. Охин ээжийнхээ дуулдаг дууг уянгалуулан эхлэхэд догшин түймэр унтраад хөх тэнгэр цэнхэртэж ой мод урьдынхаараа тайван болжээ. Энэ л ойн хязгаарт надад аз жаргал авчрах ээжийн минь захисан орчлонгийн хамгийн үнэтэй зүйл бий гэж охин бодоод дуугаа дуулан ойн хязгаарыг зорин одов. Эгч дүү гурвуул гурван зүгт алхсаар Шидэт уулаасаа түмэн уул буман голын чинадад хүрч иржээ.Том охин уулсын хязгаарт хүрч ирэхэд асга цохио, их хадаар хүрээлсэн аварга давалгаа мяралзаж, урд өмнө үзэж хараагүй тийм их усан нүд алдам хөөсөрч байлаа.
Итгэл охин өөрийн эрхгүй "Далай" хэмээн дуу алдаж ээжийнхээ дууг дуулахад их усан далай төд удалгүй анир тайван мяралзаж давалгаа бүрт нь нар гялбан долгиолоод түмэн өнгийн загас эрчис долгио сөрөөд шумбан наадахад "Эндээс л би ээжийнхээ захисан аз жаргалын эрдэнийг олох юм байна" гэж боджээ. Тэгээд далай гэж нэрлэсэн энэ их усан санг сайн сайхны эхлэл юм байна гэж итгэв.
Дунд охин их цөлийн хязгаарт хүрч ирэхэд майрга сайрга модод энд тэнд ургаад элсэн ширхэг алтран урсаж бувар бувархан ургамал хэсэг хэсэг ногоорон байлаа. Дунд охин өөрийн эрхгүй Товь" хэмээн дуу алдаж ээжийнхээ дууг дуулахад хулан давхиж, хавтгай тэшиж, гүрвэл жирэлзээд, могой мурилзан, зараа бөмбөрч илбийн юм шиг зэрэглээтэн харагдахад "Эндээс л би ээжийнхээ захисан аз жаргалын нууцыг олох юм байна" гэж охин итгэжээ . Тэгээд "Говь" гэж нэрлэсэн яндашгүй их элсэн цөлийг сайн сайхны эхлэл юм байна гэж бодов.
Бага охин төгөл ойн хягаарт хүрч ирэхэд дал модод савлан найгаж бөмбөн цагаан манан өлмийд нь эрхлээд тэр манан дотроос өнгө өнгийн цоморлигтой цэцгэн дэлбээ алаглаж удалгүй намуу цэцгийн ханд сарнайн үнэр шингэсэн зөөлөн бороо шившиж агар зандангийн амирлангуйн үнэр ханхийв. Энэрэл охин өөрийн эрхгүй "Диваажин" хэмээн дуу алдаж ээжийнхээ дууг дуулж эхлэхэд тогос өдөө сэргээж, заан тавхай өргөн, олон амьтад шуугин баясахад "Эндээс л би ээжийнхээ ачийг хариулах аз жаргалынхаа эрдэнийг олох юм байна" гэж охин боджээ.Згч дүү гурвуул "Далай", Товь", "Диваажин"-г ийнхүү нээлээ. Тэд зорьсон газраа ирцгээсэн байв. Харин одоо хайртай ээжийнхээ захисан энэ орчлонгийн хамгийн үнэтэй зүйлийг олох л үлдэв. Хэрвээ түүнийг олчих юм бол элбэрэлт ээжийнхээ ачийг хариулна даа гэж охид зөндөө яарч байлаа. Удалгүй шөнө болж Шидэт ууланд нь гэрэлтдэг шиг том саран, бас тэнд түгдэг шиг гялалзсан одод тэнгэрийг гоёход охид дор бүрнээ баярлажээ.
Гурван охин ч шөнө болсныг анзааралгүй титмээ зүүсэн хэвээр ээжийнхээ дуулдаг дууг аялан өнөөх орчлонгийн хамгийн нандин эрдэнийг хайн явахад гүн шөнийн харуй бүрий ч тэдэнд айдас төрүүлсэнгүй.Том эгч "Итгэл" далайн хөвөөгөөр алхаж байтал ойрхон газар нэгэн улалзсан содон юм харагдав. Урьд өмнө нь үзэж байгаагүй тэр сонин зүйлийг хараад Тал" хэмээн дуу алдлаа. Ойртон очвол өөртэй нь адилхан боловч бүдүүн, нарийн янз бүрийн дуутай амьтад тодрон цоролзох улаан галыг тойроод бүжиж байхыг харав. Тэгээд мөн л "Хүн" хэмээн уулга алджээ. Тэд өөр хоорондоо ярилцан инээж хөхрөлдөж байв. "Итгэл" охинд энэ бүгд сонирхолтой санагдан өнөөх үнэт эрдэнэс нь энэ юм болов уу гэж дөхөн очтол тэнд олон олон галыг тойрон сууцгаасан тоолж барамгүй хүмүүс цэнгэж байлаа. Итгэл охинд өөртэй нь ижилхэн "хүн" гэж амьтан байдаг тухай ээж нь ярьж байсан боловч ээж, хоёр дүүгээсээ өөр хүнийг өмнө нь харж байгаагүй юм. Удахгүй өглөө болж улаан галнууд ч унтран хүмүүс далай тэнгисээс томоос том тор зангуугаар зөндөө их загас барьж авав. Итгэл охин хүмүүсийн дундуур алхан тэднийг ажиглах боловч хүмүүс өөр өөрийн ажлаа дор бүрнээ хийгээд охиныг ер анзаарсангүй. Гэтэл тэнгэрт бараан үүл хуралдан аймшигтай хурц гэрэл гялбан, аянга цахилаад догшин шуурга дэгдэж далайн усыг мушгируулан босгожээ. Далай уурлах мэт хүрхрэн аварга том давалгаагаараа эрэг дээрхи хүмүүсийн оромж байрыг хаман авлаа. Хүмүүс үймж хашгиралдан сандрахыг хараад өмнө нь ийм зүйл үзэж байгаагүй Итгэл охин ихэд гайхжээ. Итгэл охин тэр даруй ээжийнхээ дууг дуулж эхлэхэд далайн догшин шуурга намдан тэнгэр ч цэлмэв. Харин ундуй сундуй эвдэрч нурсан оромжууд далайн хөвөөнд үлджээ.
Далайн догшин шуургыг намдаахыг нь хараад хүмүүс Итгэл охиныг бүчин авч талархснаа хэлж дайлж цайлав гэнэ.Итгэл охин цэцгэн эрхи сүлжсэн ариун ургамалт титмээсээ нэгэн дэлбээ авч далайн эрэгрүү шидэхэд саяхан эвдэрч муудсан оромжнууд нь урд хэзээ ч үзэж байгаагүй томоос том сүрлэг харш болон хувирчээ. Гэтэл энэ үед Лусын хааны шадар туслах Пити гэгч матар хаандаа бараалхан далайн догшин шуургыг нэгэн охин намдаахыг харснаа айлдав. Үүнийг сонсоод хаан ихэд уурсан өөрийн үнэнч зарц "шуурга" хочит наймаалжийг Тэнгисийн ханхүүгийн хамт охиныг бариулахаар явуулав. Ингээд нэгэн орой Итгэл охин жаргах нарны улбар туяа сая саяараа алтран гялалзах далайн эргээр алхаж явтал аварга том давалгаа мушгиран босч яах ийхийн зуургүй түүнийг уулгалан авав
...Гэтэл нэг сэрэхэд тэрээр урьд өмнө үзэж байгаагүй чамин тансаг орд харшийн болор шалан дээр хэвтэж байлаа. Эргэн тойрноо сайтар ажиглатал түүний дэргэдүүр, өмнүүүр бас дээгүүр нь өнгө өнгийн загас сүрэг сүргээрээ багширч сувд эрдэнийн шигтгээтэй шүрэн улаан суудал дээр бавайсан том сахал нь хөлийнх нь өлмий шүргэсэн, нүд дальдчим эрдэнэсийн шигтгээ гэрэлтсэн сүрлэг том титэмтэй нэгэн өвгөн сууж байх юм. Итгэл охинд сүрдмээр санагдавч гайхсандаа болоод алмайрч орхижээ. Гэтэл Лусын хаан ууртай бүдүүн дуугаар-Чи хаанаас яваа хэн гэгч вэ? Яагаад миний хүчит шуургыг минь намдаав? Далай шуурна гэдэг чинь би дуулж байна гэсэн үг.
Миний дууг тасалсан чамайг яаж шийтгэхээ би шадар туслахуудтайгаа зөвлөлдөж байна гэжээ.-Намайг Итгэл гэдэг, би хоёр дүү охин, ээж гуравтайгаа амьдардаг. Би Шидэт уулаас ирсэн. Ээжийнхээ захисан ёсоор аз жаргалаа олохоор энэ орчлонгийн хамгийн эрхэм эрдэнийг хайж явна даа гэтэл бавгар сахалтай лусын хаан-Шидэт уул ий?, эрдэнэ ий? хэмээн баргил бүдүүн хоолойгоор ордон дүүртэл инээж, түүнийг даган албат иргэд нь цөм элгээ хөштөл инээлдэв. Лусын хаан нулимсаа гартал инээгээд Итгэл охиноос дахин асуулт асуух-аар сүртэй ширүүн харцаар анхааралтай харан-Чи яахаараа миний дуулах дууг тасалж далайн шуургыг зогсоов? хэмээсэнд-Таны шуурга чинь хүмүүсийг орон байргүй болгож тэднийг ямар их зовоосныг мэдэх үү? гэж Итгэл охин асуув.Энэ үгийг сонсоод Лусын хаан бас л тачигнатал инээж-Чи цовоо сэргэлэн охин байна. Би бараг мянган жил инээсэнгүй, шуурга намдаасан бурууг чинь уучилж байна, харин чиний эрээд байгаа хамгийн үнэт эрдэнэ чинь юу юм бэ? хэмээн нухацтайгаар асуухад-Би мэдэхгүй ээ. Гэхдээ заавал олох болно хэмээн охин хариулав.
Лусын хаан бас л инээж инээж охинд ийнхүү хэлэв.-Охин чи сонс "Чи хүнийг энэрдэг сайхан сэтгэлтэй хүүхэд байна", би чамд өөрийн үнэт гурван эрдэнийг үзүүлье, харин чи аль нэгий нь сонгон авахаа өөрөө шийд хэмээгээд миний хамгийн үнэт эрдэнэ бол энэ дэлхийн бүх гол горхи, ус мөрөн, далай тэнгис, харин дараа нь хаан ширээ, шидэт таяг, бас хамгийн хайртай хүү үзэсгэлэнт Тэнгисийн ханхүү минь юм шүү дээ гэв.
Итгэл охин өгүүлрүүн:-Энэ дэлхийн гол горхи бүх тэнгис далайг би яахин авч чадах билээ, бас таны эрх сүр, хаан суудал надад хэрэг-гүй, миний ээждээ аваачих эрдэнэ энд байхгүй юм байна гэж хэлээд явах гэтэл лусын хаан:-Чи миний хүүг яах гээв хэмээгээд Тэнгисийн ханхүүг дуудав гэнэ. Удалгүй залуу ханхүү ордонд орж ирэхэд үнэхээр гэрэл цацрам гоо үзэсгэлэнтэй ажээ. Итгэл охинд Ханхүү үнэхээр таалагдав. Тэнгисийн ханхүү ч Итгэл охины гоо үзэсгэлэнд нэг мөсөн автжээ. Ингээд Итгэл охин Ханхүүг үргэлж бодох болсноор хааны ордонд хэд хонов. Нэгэн өдөр хаанд бараалхан:- Лусын хаантаан Би өөрийн үнэтэй эрдэнийг олохоор явъя даа, ээж минь намайг хүлээж байгаа хэмээв.
Лусын хаан өгүүлрүүн:-Би чиний зориг сэтгэлийг үнэлэн зуун хөлөг онгоц дүүрэн алт мөнгө, шүр, сувд тэргүүт үнэт эрдэнэс өгье. Чамд аз жаргал авчрах бол дахин авсан ч болно, үнэндээ миний хамгийн хайрладаг зүйл хүү минь юм шүү дээ. Тэр чамтай хамт явна. Та хоёр аль эрт нэг нэгэндээ хайртай болсныг би мэдсээн гэж хэлээд чангаас чанга хөхрөв. Удалгүй Итгэл охин, залуу жонон Тэнгисийн ханхүүгийн хамт Шидэт ууландаа буцахаар Лусын хаантай эцэг охины ёс тогтоогоод зуун хөлөг онгоц дүүрэн эрдэнэсээ аван ээжийнхээ дууг аялан гэрийн зүг яаран одов. Үргэлжлэл бий..
No comments:
Post a Comment