Thursday, December 18, 2008
Дэнж дээр
Саяхан хэдэн сар зүтгэж баймааж нь шалгалтуудынхаа ард гарав. Хэдэн сар туршид хууль, эрх зүйн сэдвүүдтэй ноцолдсон уураг тархиа амраая гэж бодоод "Тунгалаг тамир" романыг уншлаа. Хэдэн өдөр үргэлжилсэн романы үйл явдлаас Монгол ахуй ханхалж зарим нэгэн хэт үзэл сурталжсан хэсгийг үл тодотгон уншихад үнэхээрийн сайхан. Аргагүй л "Зууны Роман" гэж тодотгосон нь оносон ч юм шиг. Өвөг дээдсийн үе улиран идээшиж ирсэн ахуй амьдралын хэв маяг, нутаг нуга, мал ахуй, соёл, зан заншлын өдгөө өдөр тутмын үгсийн санд бараг хэрэглэгдэхээ больсон хэдэн арван үгсийг сэргээн сонсов. Эх нутгийн минь түүхт эрсийн үйл хэрэг, Монгол эр хүний уужим сайхан чанар, Монгол бүсгүйн үзэсгэлэнт нандин байдал, Монгол хүний өөдрөг цэлмэг бодол тэргүүт нүдний өмнө сүндэрлэн үзэгдэж эх орондоо очоод ирсэн минь сайхан боллоо. Энэ романыг дахин уншиж гүйцсэний дараа Бүрэнгийн минь тал хөндий үес үесхэн бодогдож тэртээ багын дурсамжит өдрүүд бодогдов. Ийнхүү санагдахад "Бүрэнгийн тэнгэр" хэмээх энэ зургийг сэтгэлийн гүнээс дүрслэв. Наадам дөхөөд, үдэш анирлахын өмнөх сэргэлэн дэнж дээр нэг ийм л байдаг даа.
Labels:
Уран зураг
No comments:
Post a Comment