2007 оны 11 сарын 25
Гурван жилийн өмнө, 2004 оны хавар, зуны турш Америкийн /Нью-Йоркийн/ хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, хэдэнтээ хэвлэгдэн, хэдэн сая хувиар зарагдаж байсан Жак Вэтэрфордын “ЧИНГИС ХААН БА ОРЧИН ЦАГИЙН ЕРТӨНЦ” - "Genghis khan and the Мaking of the modern world" хэмээх номын бүлгээс та бүхэнд толилуулж байна. Америкт төдийгүй дэлхий дахинд Монголыг маань маш гэрэл гэгээтэй, эрч хүчтэй талаас нь сурталчилсан энэхүү бүтээлийг америкт хэвлэгдэхээс өмнө, аль 5 жилийн өмнө Чингис хаан дээд сургуулийн хамт олон “Өнөөгийн дэлхий Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” нэрээр орчуулан Монгол уншигчиддаа хүргэж байсан юм. Зохиогч сүүлд Америкийн хэвлэлд гаргахдаа Монголд орчуулагдсан эх дээрээ нэлээд нэмж, засварлажээ.
Өдгөө та бүхэнд хүргэж буй энэхүү орчуулга бол тэрхүү нэмж баяжуулсан хувилбарынх нь юм. Үүнийг Вашингтон хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Г.Ганболд орчуулсан байна. Б.Номинчимэд
НЭГДҮЭЭР ХЭСЭГ
Тал нутгийг айдас нөмрөв1162-1206 онҮндэстэн! Ямар үндэстэн?Татар, хүннү, хятадууд уу ?Тэд шавьж лугаа шавнаТэднийг дуурсгах гэж түүхчид дэмий л хичээнэ. Өчнөөн олон хүн байгаа учраас нэмж хүн шаардагддаг энэ ертөнцийг хувь хүмүүс л дүүргэдэг
Хенри Дэвид Торау
1851 оны 5 дугаар сарын 1-ний тэмдэглэл.
Нөжирсөн цус
“Тэр нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай нэгэн аж”
Монголын нууц товчоо Монголчууд мянга мянган хотыг булаан эзэлсэн боловч Чингис хааны морилон очсон ганцхан хотыг л түүх дурсдаг аж. Ялах нь нэгэнт тодорхой болмогц хүлэг баатруудаа үлдсэн хэсгийг орхиод Чингис хаан зайдуу соргог газарт очиж, орд өргөөндөө тухална. 1220 оны луу жил Монголын их байлдан дагуулагч тогтсон заншлаа огоорон өдгөө цагийн Узбекстан буюу Хорезмын султаанд харьяалдаг шинэхэн эзлэгдсэн Бухаар хотын төвд морьт цэргээ тэргүүлэн орж очлоо. Нийслэл хот ч биш, арилжаа наймааны их хөлийн газар ч биш хэр нь бүх мусламан шашинты хувьд бахархал, гоё сайхны дээд хэмжээ хэмээгддэг Бухаар хот шашин номын төв байжээ. Байлдааны ажиллагааныхаа суртал нэвтрүүлгийн үнэ цэнийг бүрэн мэдэрдэг Чингис хаан хотын дааман хаалгаар сүр хүч дүүрэн нэвтэрч эгнэсэн модон байшингууд, наймаачдын лангууг өнгөрч хотын төвд чулуу, тоосгоор барьсан барилга руу очлоо. Цэрэг дайны түүхэнд хамгийн гэнэтийн гэж тооцогдох дайралтынхаа дараагаар тэр Бухаар хотод тийнхүү өөрийн биеэр орж очсон байлаа. Монгол нутгаас мордсон түүний цэргийн нэг хэсэг Султаант улсын хилийн хотуудыг довтлох зуурт өөр ямар ч цэргийн туулснаас хавьгүй хол зай болох говь цөл, уул нуруу, хээр тал хосолсон хоёр мянган бээрийг гаталж дайсны нутгийн гүнд огтын санаанд орохгүй зүгээс гэнэт гарч ирэхээр цэргийнхээ нөгөө хэсгийг тэр нууцаар илгээсэн байжээ. Худалдаачдын жин хөсөг туулахаас бэрхшээж олон зуун бээрийг тойрч явдаг Улаан цөл хэмээх Кизил Кумын зүгээс довтлохоор Чингис хаан төлөвлөсөн байлаа. Нутгийн нүүдэлчидтэй ойртон нөхөрлөсний хүчинд хад чулуу, говь цөлийн дундуур хэн ч үл мэдэх замаар цэргээ удирдан хөдөлгөж Амударьяа мөрний усаар ундаалдаг говийн баян бүрд дэх Бухаар хотод тажик буюу перс иргэд түлхүү суудаг бөгөөд тухайн үед ар араасаа солигдон өөрчлөгдсөн эзэнт улсуудын нэг шинэхэн байгуулагдсан Хорезмийн улсын энэ хотыг Турк аймаг захирдаг аж. Хорезмын султаан монгол худалдаачдыг тонон дээрэмдэж, энгийн худалдаа арилжаа хэлэцэхээр очсон монгол элч нарын нүүр царайг доромжлон тохуурхсан нь түүний хувьд үхлээ эрсэн алдаа болж Чингис хааныг хилэгнүүлэв. Албат харьяатыг нь дайрч довтолсон тухай сонссон Чингис хаан 60 орчим насыг туулсан хэдий ч хатуу сахилга, дайн тулалдаанд хатуужсан цэргээ аян дайны замд удирдан мордохоос огтхон ч халширсангүй. Түүхэнд тэмдэглэгдсэн нүсэр том, бараг бүх армийг бодоход монголчууд ачаа хөсөг дагуулахгүй хөнгөн шуурхай аялана. Тэд хүн малаа цангаалгүйгээр цөлийг гатлахын тулд хүйтний улирлыг хүлээнэ. Энэ үед хяруу унаж ногоо ургах нь агт морьдод хоол тэжээл болох төдийгүй цэргүүдэд нь хүнс хоол залгах ан гөрөө ч элбэгшинэ. Хэрэм бэхлэлтийг нураах цалгар удаан хөдөлгөөнтэй харвагч гэх мэт нүсэр хэрэгсэл ачиж явахын оронд монголчууд гарын доорхи зүйлээр хэрэгтэй бүхнийг барьж босгодог түргэн шуурхай хөдөлгөөнтэй инженерийн цэргийн хэсгийг авч явсан аж. Монголчууд цөлийг гаталмагц замд таарсан модыг цавчиж унагаад хэрмийг авирч давах шат, дүүгүүрийн машин гэх мэт довтлон дайрахад хэрэгтэй бүхнээ базааж авлаа. Цэргийн түрүүч цөлийг гаталмагц анхны жижиг суурингуудад хүрмэгц шуурхай давшиж явсан цэрэг хурдаа сааруулж, арилжаа наймаа хийж яваа худалдаачид мэт тайван байдлаар уртаас урт цуварч эхлэв. Хотын иргэд цэрэг ирэхийг анзаарч түгшүүрийн дэлдэхээс өмнө хотын тулж очив. Цөлийн зүгээс гэнэтхэн гарч ирсэн Чингис хаан Бухаарыг тэр дор нь довтолсонгүй. Довтолгоонд өртсөн хилийн суурингуудаас нэмэгдэл хүч ирэхгүйг мэдсэн түүнд айж түгшсэн олны сандрал, горьдлогыг ашиглан гайхшруулж удтал зовоох цаг хангалттай байлаа. Дайснаа сүрдүүлж тулалдаан эхлэхээс өмнө буулгаж авахад чиглэсэн түүний арга тун энгийн хэр нь үр дүнтэй байлаа. Ойр хавийн хэд хэдэн хотыг эзэлж авсанаар Бухаар хотыг чиглэж зугтаасан нутгийн иргэд хотыг дүүргээд зогсохгүй айдаст автуулна гэдгийг тэр мэдэж байлаа. Дайсны нутгийн гүнд гэнэт гарч ирсэн монголчууд хаант улсад айдас сандрал үүсгэж орхилоо. Персийн түүхч Ата Малик Жүвэйнийн бичсэнээр тал дүүрэн багшрах морьт цэрэг, шөнийн харанхуй мэт тэнгэрт босох тэдний тоос хотын иргэдийг ихэд сандрааж айдас түгшүүрт автуулав. Хотынхныг айлгаж сүрдүүлэхийн тулд Чингис хаан хоёр алхам хийлээ. Тэр дагаар орохыг ойр хавийн иргэдэд тулган шаардав. Шаардлагыг хүлээн авч бууж өгөгсдөд монголчууд өгөөмөр уучлал үзүүлнэ. Персийн түүхчийн өгүүлснээр дагаар орогсод айдас доромжлолоос ангижирч харин бууж өгөхөөс татгалзагчид хатуу ширүүн залхаалт амссан төдийгүй монголчууд тэднийг дараагийн тулалдаанд их бууны идэш болгохоор өмнөө гаргаад араас нь туулаа. Тэдний энэ арга Бухаар хотыг хамгаалж байсан туркчуудыг сандралд оруулж хотын хамгаалалтанд 500 цэрэг үлдээн хоёр түмэн цэрэг нь монголчуудыг ирэхээс өмнө зугтаж одоход хүргэв. Бэхлэлтийг орхиж одсон тэд зайдуухан газарт хүлээж байсан монголчуудын отолтонд орж цавчуулаад дуусав. Бухаар хотын энгийн иргэд хотынхоо хаалгыг дэлгэн бууж өгсөн боловч бэхлэлтийн зузаан хананд найдсан цөөн тооны цэрэг хориглон тулалдахаар зориг шулуудав. Чингис хаан байдлыг газар дээр нь үзэж хянуур шийдэхээр гэнэт хотод орж очсон нь тэр байжээ. Хотын төвд хүрч очсон тэр дагаар орсон хүмүүсийн хүсэлтийг ёсоор болгоод агт морьдоо тэжээхийг тэдэнд шаардав. Монгол цэрэгт тэдний агт морьдыг тэжээх нь эзлэгдсэн хотын оршин суугчид дагаар орсны илрэл бөгөөд хоол тэжээл хүлээж авсан Чингис хаан тэднийг өөрийн албатуудын нэгэн адил хамгаалж, удирдахаар амласан байна. Төв Азийг эзлэн дагаар оруулсан цагаасаа хойш 60 орчим настай Чингис хааныг дүрсэлсэн цөөн хэдэн тэмлэглэлийн нэг болох Жүвэйныг бодоход монголчуудад талтай бус, персийн өөр нэгэн түүхч Минхаш Аль Сиран Жизжааны түүнийг хүдэр том биетэй, нүүрэндээ шингэн буурал сахалтай, нэвт ширтсэн муурын нүдтэй, эрч хүчтэй, ухаалаг, ихийг ойлгодог хэр нь аюумшиг төрүүлсэн нэгэн хэмээн дүрсэлсэн байна. Араатан адил шийдэмгий, дайснаа хөсөр хаяж, болгоомжтой хянуур, хэрцгий, өөрөөсөө давуу хүчирхэг цэргийг бут цохин хотуудыг буулган авдаг зальжин биш аргынхаа ачаар Чингис хаан ид шид, хуурч мэхлэх чадвартай ад чөтгөрийг ч талдаа оруулсан юм хэмээжээ. Нүдээр үзсэн хүмүүс өгүүлэхдээ Чингис хаан Бухаар хотын төв дэх лалын сүмийн гадна очоод энэ хотын хамгийн том барилга болохоор султааны өргөө энэ мөн үү гэж асуугаад үгүй, сүм гэдгийг сонсмогц юу ч хэлсэнгүй. Дөрвөн зүгт тэнгэрийн хаяа тийш үргэлжлэх хөх тэнгэр хэмээх ганцхан бурхан шүтдэг монголчууд бүх дэлхийг захирдаг бурхан тэнгэр хоригдол юм уу, торонд орсон амьтан мэт ганц байшинд орших ёсгүй, түүний үгийг барьж номонд шингээж болохгүй гэж хэлснийг хотын иргэд нотолдог. Чингис хаан өөрт нь хандаж үг хэлэхийг төрлөх нутгийнхаа уулын задгай агаарт сонсдог бөгөөд тэрхүү зарлигийг нь дагаж нүсэр том хотууд суурин үндэстнүүдийг байлдан дагуулжээ. Том сүм рүү очихын тулд мориноосоо буусан Чингис хааны насандаа цорын ганц удаа сүмд орсон нь тэр ажгуу. Дотогш ормогц эрдэмтэд, түшмэдүүдэд хандан морио тэжээхийг тушаагаад дагаар орсон аливаа шашинтны нэгэн адил ивээлдээ авч хамгаалсан байна.Дараа нь тэр хотын 280 баяныг сүмд цуглуулаад хотод байж үзээгүй боловч хүний сэтгэл хөдлөл, баяр хөөрийг сайн ойлгож мэдэрдэг тэрбээр сүмийн өмнө цугласан олонд хандан үг хэлэхээр шатны гишгүүр өөд өгсөхдөө Бухаар хотын ихэс дээдсийн нүүр өөд харж хэлмэрчээрээ дамжуулан султааны болон тэдний үйлдсэн нүгэл, алдаа дутагдлыг хатуу анхааруулсан байна.Эдгээр алдааны төлөө цээрлэл үзэхээр жирийн иргэд бус, ихэс дээдэс та нар нүгэл үйлдээгүй бол бурхны шийдвэрээр би энд ирэхгүй байсан гээд баячуудыг тус бүр нэжгээд монгол цэрэгт хариуцуулан эд баялагаа авчирч тушаахыг даалгасан байна. Газар дээрхи эд баялагаа гаргаж өгөхийг бодоогүй тэднийг буруушааж монголчууд тэдний туслалцаагаагүй олох болно, харин нууж дарсан эд зүйлээ зааж өгөөд олоход нь туслахыг хатуу анхааруулсан байна.Хотыг нэгд нэггүй цөлбөн тоносны дараа цайзад хориглон тулалдсаар байсан турк цэргүүдийг довтлоход сая анхаарал хандуулж Бухаар, Самарканд зэрэг Дундад Аазийн хотожсон баянбүрдийн оршин суугчид монголчуудыг мэдэхгүй боловч олон зууны туршид ирээд явж оддог зэрлэгүүдийг олонтаа харсан билээ.Нүүдэлчин аймгийн цэрэг өмнө нь хичнээн зүрх зоригтой, сахилга баттай байсан ч хоол хүнс, унд усаа базаагаад нүсэр том хэрэмний цаана бэхлээд суусан хотын цэргүүдэд төдийлөн аюул учруулдаггүй байлаа.Бухаарын сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэгтэй монголчууд аль ч талаараа өрсөлдөх аргагүй байлаа. Монголчууд нум сумаар харвахдаа чадварлаг ч түүнийг хувь хүн өөрөө хийх буюу олж авдаг болохоор ур хийц, чанар нь харилцан адилгүй. Монгол аймгийн эрчүүд нь цэрэгт мордож, ар гэр, мал сүргээ өсгөж үржүүлэх амаргүй зорилт тэдний бэлтгэл сургуульд нөлөөлж хичнээн сахилгатай, шийдэмгий ч гэсэн сайтар шилж сонгогдсон Бухаарыг хамгаалагчдын адил мэргэжлийн бэлтгэлтэй байсангүй. Асар том чулуун хэрмэнд бэхлэн хориглосон цэргүүдийн хувьд давуутай тал нь нүүдэлчин аймгийн цэргүүд бүслэн байлдах нарийн төвөгтэй арга ажиллагааг эзэмшээгүй байсан боловч тэдэнд үзүүлэх зүйл Чингис хаанд байлаа. Эзлэгдсэн Бухаар хотынхон төдийгүй, дараагийн довтолгоонд өртөх нь нэгэнт тодорхой болсон холын Самарканд хотын иргэд, цэргүүдэд үлэмж давуу хүч чадлаа харуулахаар бодож тэр довтолгооныг төлөвлөсөн байжээ. Монгол цэргүүд бэхлэлтийг довтлохоор шинэхэн хийсэн хэрэгсэл болох дүүгүүр, харвагч, довтлогч арми олон зууны турш хэрэглэж ирсэн чулуу, гал чулуудагч төдийгүй, галтай шингэн бүхий торх, тэсрэх бодис, шатаагч шингэн бүхий савыг харвагч зэргийг тулалдаанд орууллаа. Тэд том хүрдэнд суурилуулсан олон тооны нум сум цайзыг хамгаалагчдад огтхон ч зай завсар өгөлгүй харвахаар урт шатаар авирч дээш гардаг хөдөлгөөнт цамхагийг олон хүний хүчээр түрж авчирлаа. Тэд ингэж агаарт харвахын сацуу цайзны ёроолыг хөндийлөн малтаж доогуур нь шургаж орохоор малтагчдыг оруулав. Агаарт, газар дээр болон газар доогуур техникийн хүч, давуу байдлаа харуулахын хамт Чингис хаан олзлогдогсдыг, зарим тохиолдолд цайзыг хаамгаалагчдын найз нөхдийг урагш тууж цайзны гаднах шуудууг амьд хүнээр дүүргэж дээгүүр нь тулалдааны зэвсэг техникээ олзлогдсон хүмүүсээр түрүүлж урагш давшуулсаар айдас сандралыг улам гааруулж чинээнд нь хүргэв.Монголчууд өөрсдийн харилцаа холбоотой олон орны зэр зэвсгийг зохион бүтээж хэрэглэдэг бөгөөд тэрхүү мэдлэг туршлагаа хуримтлуулснаар ямар ч нөхцөл байдалд байлдах дэлхийн хэмжээний зэр зэвсгийг хуримтлуулсан юм. Галладаг, тэсэрдэг зэвсгээрээ монголчууд хожмоо хүнд зэвсэг, их бууны эртний хэлбэрүүдийг тулалдааны талбарт туршиж байлаа. Жүвэйнийн өгүүлснээр бид уг үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн орчин тойронд нь хичнээн их үймээн сандрал үүсч байсныг ойлгож болно.Хуйлран урсах улаан галтай зүйрлэм монголчуудын довтолгооны үеэр тэрхүү гал дотроос агаарт жадаар харвах бөгөөд Чингисийн цэргүүдийн догшин ширүүн дайралт, талын нүүдэлчдийн цахилах мэт их хурдыг нэн өндөр түвшинд хөгжсөн хятадын технологитой хослуулж байлаа. Дайсны явган цэргийн өөдөөс Чингис хааны түргэн шаламгай бөгөөд туршлага ихтэй морьт цэрэг дайрч орон бэхлэлтийг сэтэлж, хамгаалагчдыг нь айлгаж сүрдүүлэхээр шинэ маягаар харваж байлаа. Бэхлэлтийг хамгаалагчийг галт сум үхлийн бороо мэт хучих бөгөөд Жүвэйнийн хэлснээр бэхлэлтийг хамгаалагч Султааны цэрэг үхэл мөхлийн тэнгист өөрийн эрхгүй живлээ. Дайн бол өрсөлдөгч талуудын хоорондох уралдаан тэмцээн биш, нэг ард түмэн нөгөөгийнхөө эсрэг улангасан довтлох тэмцэл гэдгийг Чингис хаан ойлгож байсан юм. Дүрэм журмаар тоглох бус, харин дүрмийг зохиож эсрэг этгээддээ тулгаснаар ялж болно.Хагас дутуу ялна гэж байдаггүй. Бүрэн төгс, үгүйсгэхийн аргагүй ялна, эсвэл юу ч үгүй хоцорно. Энэ бол энхийн цагт хүмүүсийн хооронд үнэнч харьцааг үүсгэдэг цөөн тооны, гэхдээ хамгийн гол хэдэн зарчмыг тогтооход оршино. Эсэргүүцвэл ялагдана, чин шударгаар дагавал амь аврагдана. Бухаар хот бууж өгсөн төдийгүй, монголын цэргийн ажиллагааг нийслэл Самаркандад дуулгаж, улмаар арми нь бууж өгсөн учир хотыг довтолсон түүний дайралт амжилттай боллоо. Султаан зугтаж одсон бөгөөд монголын хүчирхэг цэрэг урагшилсаар байлаа. Чингис хаан цэргийнхээ гол хэсгийн хамтаар Афганистаны уулсыг давж Инду мөрнийг чиглэн давшихад өөр нэгэн хэсэг нь Каспийн тэнгисийг тойрч Оросыг зорилоо. Түүнээс хойш яг долоон зууны дараа 1920 онд Зөвлөлтийн цэрэг ортол Чингисийн удмын хаан, эмир Бухаар хотыг захирсан нь түүхэнд хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн нэгэн удмын захиргаа байлаа. Хүмүүсийн хүчийг болон техник хэрэгсэл ашиглах Чингис хааны туршлага мэдлэг бол 40 жил байнга дайтаж, тулалдсаны үр дүн байлаа. Цэрэг дайны тэрхүү туршлагыг албатуудаа зоригжуулан дагуулж дэлхийн хэмжээнд тулалдааны ажиллагааг зохион байгуулах урьд үзэгдээгүй чадварыг тэрээр амьдралынхаа аль нэгэн үед гэнэт олж авсангүй. Гэнэт ухаарч гэгээрсэн юмуу албан ёсны боловсролоор эзэмшсэнгүй. Харин байнгын хичээл зүтгэл, туршлага, хатуу дэг журамд суралцсан оюун ухаан, чиглэсэн зорилгынхоо хүчээр эзэмшсэн юм.Тэр Бухаарын эзэлсэн цэргүүдийнхээ ихэнхийг төрөхөөс ч өмнө тулалдаж эхэлсэн бөгөөд тулалдаан бүрт шинийг сурдаг байлаа. Дайсантай тулалдах бүртээ байдлааны аргад суралцаж , хүчээ зузаатгаж ирсэн тэр тэмцэх болгондоо байнга өөрчлөгдөж байдаг цэргийн тактиктаа шинэ санаа, стратеги, зэр зэвсэг олж нэг ижил аргаар хоёр дахин тулалддаггүй байлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг байлдан дагуулагч болох бяцхан хүүгийн түүх монголчууд Бухаарыг эзлэхээс нэгэн жарны тэртээ өнөөгийн Монгол улс хийгээд Сибирийн хилээс холгүй Евроазийн уудам нутгийн нэн аглаг газар эхэлсэн юм. Домог яривал захгүй их далайн хөвөөнд өтгөн ойгоор хучигдсан өндөр ууланд бөрт чоно гуа маралтай учирснаар монголчууд үүсч бий болсон түүхтэй. Монголчууд түүнийг нас нөгчихөд төрсөн газарт нь харийнхан очихыг чандлан хориглосноос бидэнд түүхэн тодорхойлолт байхгүй. Тэр нутгийн гол ус, уул нуруудын нэр түүхэн зохиолуудад ч үгүй бөгөөд орчин үеийн газрын зурагт хоорондоо ихээхэн зөрүүтэй тэмдэглэгдсэн байдаг. Төв болон Хойд Азийн тэгш өндөрлөгт оршдог Монгол оронд далай тэнгисийн эрэг хавийн хөндийнүүд, хөдөө аж ахуй эрхэлдэг Азийн орнуудад арвин хур хайрладаг Номхон далайн чийглэг, зөөлөн салхи ч хүрдэггүй ажээ. Харин баруун хүйноос үлээх хойд мөсөн туйлын хүйтэн салхи Монголын тэгш өндөрлөгийг нөмөрнө. Иймэрхүү салхи нутгийн хойд хэсгийн уулархаг газруудаар багахан хур буулгадаг ч говь буюу гаднынхан гоби хэмээдэг нутгийн өмнө талыг гандуу хуурай орхино. Хуурай халуун цаг агаартай говь багахан хур тундас унадаг хойд талын уулархаг хэсгийн хооронд үргэлжлэх уудам тал нутаг зун бороо орохоор ногоон хөнжил нөмөрнө. Чухамхүү энэ тал нутгаар зуны улиралд малчид шинэ соргог билчээр хайж нүүдэллэнэ. Далайн түвшингээс дээш 3000 метрт өргөгдсөн боловч монгол нутгийн Хэнтийн нуруу энэ гаригийн хамгийн эртний уулсаас бүрддэг. Тусгай багаж хэрэгсэлтэй авирдаг хурц шовх оройтой Гималайн залуу уулсыг бодоход сая сая жилийн салхинд элэгдсэн өнө эртний Хэнтийн нурууны уулсын цөөн хэдэн оргилоос бусдад зуны цагаар хаана нь ч гэсэн морьтой, хөсөг тэрэгтэй хялбархан гарч болно.Уулсын тойрсон тойром бүрдүүд өвлийн улиралд тас хөлдөж цас хунгарлан, ус хөлдсөн уулын суга, жалганууд алсаас мөсөн гол мэт харагдах бөгөөд зуны улиралд номин цэнхэр өнгөөр цайвалзах үзэсгэлэнт нуурууд болон хувирна.Урин хавартай золгож цөс мас хайлан тойром бүрдүүд холын уулсын хажуу бэлээр асар олон гол горхи үүсгэн урин зуны цагт маргад эрдэнийн өнгөт билчээр болох талыг чиглэж сад тавин урсана. Харин хур бороо хомс үед мөнөөх тал нутаг хэд хэдэн жилээр түлэгдсэн мэт бор өнгөтэй харагдана. Хэнтийн нуруунаас гадагш урсах голууд жижиг бөгөөд жилийн ихэнхи хугацаанд, тэр ч байтугай 5 дугаар сард хөлдүү байна Зузаан мөсөн дээгүүр морьтой хүмүүс, ачаа хөсөгтэй авто машин ч ажрахгүй зорчино. Тэдгээр жижиг гол горхи эрчээ аван урсах уудам тал хөндий Евроазийн янз бүрийн нутаг орныг зорих монголчуудын их хөлийн зам билээ. Энэхүү шимт билчээр өрнө зүгт Унгар, Болгар, дорно зүгт Солонгосын хойгийг халхлах далайн эргийн нарийхан уулсад саатахгүйн тулд Номхон далайд шүргэх Манжуурт хүрнэ. Говийн өмнө талаар тал нутаг аажим өргөгдсөөр Шар мөрний хавийн асар том тариалангийн талбайнуудтай холбогдон Азийн төвд хүрнэ. Намуухан үргэлжлэх тал нутагт цаг агаар хахир хатуу бөгөөд асар түргэн хувирч өөрчлөгдөнө. Хахир хатуу цаг ууртай энэ нутгийн хүн мал ч хүнд хэцүү цаг уурын сорилттой байнга тулгарна. Жилийн дөрвөн улирлыг Хэнтийн нуруунд ганцхан хоногт харж болно гэж монголчууд ярьдаг. 5 дугаар сард хүртэл морьдын хүзүүгээр татам цас хунгарласан байх нь элбэг. Онон мөрний хөвөөнд орших энэхүү нутагт хожим Чингис хаан болж тодрох жаалхүү мэндэлсэн юм. Үзэсгэлэн төгс байгальтай энэ нутагт 1262 он буюу дорнын тооллын морин жил, түүнийг мэндлэхээс ч өмнө хүний түүх бол цаг үргэлж хатуу ширүүн тэмцлийн түүх байсаар ирсэн ажгуу. Онон мөрнийг алсаас хараачлах зэлүүд халзан толгодын оройд бусдад хулгайлагдсан залуу бүсгүй Өүлүн өсч төрсөн гэрээсээ алс хол харь элгийнхний дунд анхны хүүхдээ төрүүлэхээр энэлэн шаналана. Энэ газар түүний гэр биш, эхнэрээ болгосон авааль нөхөр нь ч алга байлаа. Мэргид аймгийн Чилэдү гэгч идэр залуу дайчин эрийн гэргий болсон түүнийг тун саяхныг болтол огт өөр хувь тавилан хүлээж байлаа. Дорнод талын зүүн биеэр очсон тэр үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй гэгддэг Олхонууд аймгаас эхнэр буулгаж авсан байлаа. Талын нутгийн заншлаар залуу ирээдүйн эхнэр болох бүсгүйнхээ эцэг эхтэй ураг бололцохоор сүй тавьж, бэлэг өгөөд төрлөх гэртээ эхнэрээ авч очих хүртэл магадгүй хэдэн жилээр хадмындаа амьдарч ахуй амьдралд нь хамжилцана. Тэгээд хуримаа хийж гэрлэсэн шинэхэн хос маань залуу эрийн гэрт очихоор олон долоо хоног үргэлжлэх хол замд гарна. Монголын нууц товчоонд өгүүлснээр бүсгүй хар сарлаг хөллөсөн тэргэнд сууж эр нөхөр нь морьтойгоо хажууд нь явна. Өүлүн 16 орчим настай байсан болов уу. Тэд төдхөн талыг туулж Онон мөрнийг уруудсаар Мэргид аймгийн нутгийн захад орших ууланд дөхөж ирлээ. Уулын зэлүүд хөндийгөөр дахин хэдхэн хоног аялахад Мэргид аймгийн мал сүрэг тайван идээшлэх сэрмүүн билчээрт хүрэх байлаа.Үхэр тэрэгнийхээ урд талд суугаа залуу бүсгүй удахгүй хүч түрэн олзлож авснаар амьдралыг нь төдийгүй ертөнцийн түүхийг өөрчлөхөөр чимээ чагнан отох морьтныг анзаарсангүй.Шонхор шувуугаар ан гөрөө хийдэг орь ганц тэр морьтон ойролцоох хавцлын оройгоос Өүлүн Чилэдү хоёрыг сэмхэн ажиглан зогсоно. Үхэр тэрэгтэй Өүлүн түүнд шонхор шувуугаараа бариулах ямар ч ангаас илүү сонирхолтой байлаа.Тэр шинэхэн хосод харагдалгүй дороо эргэж хоёр дүүгээ хань татахаар гэрийн зүг давхиж одлоо. Эцэг эхэд нь сүй бэлэг өгч Өүлүн шиг бүсгүйг эхнэр болгоход ядуу, магадгүй, гэрлэх ёс заншлыг дагахыг хүсдэггүй тэр гөрөөчин эр тал нутгийнхны эхнэр болгох бүсгүйгээ хулгайлдаг ихэд дэлгэрсэн өөр нэгэн аргыг сонгохоор шийджээ. Ах дүү гурав ажиг сэжиг авалгүй тайван аажуухан урагшлах залуу хосын араас биеэ далдлан сэмхэн дагалаа. Морины хурдаар довтлон ирэх тэднийг харсан Чилэдү анхаарлыг нь сарниулж үхэр тэрэгнээс холдуулахын тулд салж давхилаа. Тэд ч түүний араас нэхлээ. Уулыг бэлээр нь тойрч давхиад эхнэртээ эргэн очихыг хичээсэн түүний оролдлого нутагтаа биш болохоор амар бүтэхгүй нь. Тэд түүнд хуурталгүй төдхөн буцаад ирнэ гэдгийг Өүлүн ч мэдэж байлаа. Арван хэдхэн настай залуухан боловч тэр эр нөхрөө амьд үлдээх боломж олгохын тулд өөрийгөө гаргуунд гаргахаар шийдэж зориг шулуудаа.Чилэдүтэй моринд нь сундлаад зугтсан ч удалгүй гүйцэгдэж хоёулаа алуулна. Харин Чилэдү ганцаараа зугтвал амь гарч магадгүй гэж Өүлүн бодлоо. Энэ бодлоо нөхөртөө хэлж хэрхэн зөвшөөрүүлсэн тухай Монголын нууц товчоонд бичихдээ амьд үлдвэл эхнэр болох хүн олдоно. Чи намайг бодож тэдний нэгнийг нь эхнэр болгон авч Өүлүн гэж нэрлээрэй гэж хэлээд цамцаа шалавхан тайлж өгөөд зугтахыг гуйлаа. Тэр цамцаа нүүрэнд нь нааж “үүнийг аваад үнэртэж намайг дурсаж яваарай гэж захисан ажээ. Тал нутгийнханд үнэр гэдэг өвөрмөц чухал ач холбогдолтой. Өөр орны хүмүүс уулзаж учрах, салж одохдоо бие биеэ тэвэрч үнсдэг бол талын малчид хацар дээр нь үнсэх мэт үнэрлэдэг. Үнэрлэх нь эцэг эх, үр хүүхдээ халамжлан энэрэх, сэтгэлтэй хос хайрлан дурлах гэхчилэн хүний сэтгэлийн олон өнгө аясыг илэрхийлдэг.Хүний халуун амьсгал, биеийн үнэрт сүнс нь оршдог гэлцдэг учир Өүлүн өөрийнхөө үнэр шингэсэн цамцыг тайлж нөхөртөө өгсөн нь хайр сэтгэлийн гүн утгатай илэрхийлэл байлаа.Тэр цагаас хойш амьдралын урт замыг туулсан Өүлүн анхны хайртыгаа дахин хэзээ ч хараагүй билээ. Өүлүний хувьд харьд олзлогдсон хувь тавилангаас илүү санаа зовох зүйл бол түүний нөхөр нь Сочигэл гэдэг эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ.Өүлүн гэр дотроо өөрийн гэсэн байр суурийг эзэлж авахыг чармайв. Аз тохиовол хоёр эхнэр бургасан хана, эсгий дээвэр, туургатай тус тустаа гэрт амьдрах боловч байнга л нэг дор хамтдаа байх болно. Зуны дэлгэр цагт мал сүрэг тайван идээшлэн тарга хүч авах хаашаа ч харсан зах хязгааргүй мэт үргэлжлэх уудам тал нутагт төрж өссөн Өүлүн идээ цагаа элбэгтэй тал нутгийнхны амьдралд дассан байлаа.Гэтэл шинэ нөхөр нь малчин түмний амьдран суудаг нутгийн хойд захад мал сүрэгт нь билчээргүй шахам ой модтой уулын бэлд амьдрах жижигхэн омгийн нэгэн байлаа. Тэр гөрөөчний амьдралд дасч тарвага, зурам, шувуу, загас, хааяа нэг зээр гөрөөсний махаар хооллоно. Тал нутгийн овог аймгуудын дунд эртний баатарлаг түүхээр нь тэднийг хээрийн чонотой өрсөлдөн жижиг амьтан агнаж, боломж тохиолдоход талын малчин аймгуудаас мал сүрэг, эмс бүсгүйчүүдийг хулгайлдаг олз ашиг хайгчид гэж үзнэ. Тэдний хувьд Өүлүн бол бусдаас булаан авдаг эд зүйлээс өөрцгүй шахам байлаа. Ихэд сонсогддог яриагаар Өүлүний ууган хүү ертөнцөд мэндлэхээр амь өрсөн тэмцэх зуур баруун гартаа нэгэн өвөрмөц сонин зүйл атган төрсөн гэдэг. Зовж шаналсан залуу эх бяцхан хүүгийн атгыг нээж үзвэл шагайн чинээ нөж атгасан байсан гэлцдэг. Эхийнхээ халуун хэвлийн хаа нэгтэйгээс нөжирсөн цус атгасаар хүү энэ ертөнцөд ирсэн ажээ.Туршлага багатай, бичиг үсэг үл мэдэх ганцаардаж шаналсан залуу бүсгүй хүүгийн гар дахь тэр зүйлийг юу гэж бодсон бол ? Бяцхан хүүгийнхээ тухай гайхширч бодлогоширсон тэр эхийн нэгэн адил найман зууны дараа бид ч мөнөөх асуултын хариуг хайсаар байна.Гартаа нөж атгасан нь сайны ерөөл үү, муугийн ёр уу? Сайн сайхныг зөгнөнө үү, муу муухайг ёрлоно уу? Тэр баярлах, эсвэл айж эмээх ёстой юу? итгэл найдвар, эсвэл айдас дагуулна уу? 12 дугаар зуунд тал нутагт нүүдэллэн амьдарч байсан овог аймгууд нүүдэлчдийн нэгэн адил байнга шахам хувирч өөрчлөгдөж байлаа. Тал нутгийн аймгууд дотроос зүүн зүгт татаар, кидаанчууд, цаашилбал манжууд, баруун талд Төв Азийн түрэгчууд монголчуудтай илүү ойр садан төрлийн холбоотой байлаа.Эдгээр гурван овог аймаг тэдний уугуул нутаг байж болох Сибирийн овгуудтай угсаа гарвал, хэлний хувьд нийтлэг ажээ. Татаар, түрэг аймгуудын дунд нутагладаг учир гаднынхан тэдэнтэй хольж хутгадаг монголчуудыг хөх түрэгүүд эсвэл хар татаарууд гэж нэрлэх нь бий. Монголын баруун талд оршдог Алтайн нуруугаар нэрлэгддэг Алтайн хэлний аймагт хамрагддаг тэдний хэл алсуураа япон , солонгос хэлтэй болон Азийн бусад орны авиат хэлтэй төстэй. Түрэг овог, татарууд хэд хэдэн овгийн холбоонд хамтран орж байсан ч хаан буюу овгийн ахлагчаар толгойлуулсан олон жижиг хэсгүүдэд хуваагддаг ажээ. Монголчууд өөрсдийгөө түрэг, татарчуудаас өвөрмөц ялгаатай, 3 дугаар зуунд Азийн их талд байгуулагдсан Хүннү гүрний үр сад гэж үздэг. Хүннү гэдэг бол монгол хэлний хүн гэдэг үгнээс гаралтай бөгөөд монголчууд өвөг дээдэс, хүннү нараа тэнгэрээс гаралтай гэлцдэг байжээ. 4, 5 дугаар зуунд монголын тал нутгаас алс хол Энэтхэг, Ром улсыг байлдан дагуулж явсан хүннүчүүд олон овогтой харилцаа холбоогоо хадгалж чадалгүй эзлэн суурьшсан газартаа уусч шингэсэн билээ. Өүлүнийг булаан авсны дараа татар аймгийг довтолж Тэмүжин Үгэ гэгч баатрыг олзлоод хүүг төрсний хойхно харьсан Есүхэй хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгчээ. Тал нутгийнхан ганц нэртэй боловч асар их билэгдлийг агуулдаг нэр хайрлах ёс нь заримдаа тухайн хүний зан чанар, хувь заяа, амь амьдралыг зам мөрийг тусгасан нэр өгдгөөрөө онцлог юм. Хүүг Тэмүүжин хэмээн нэрийдсэн нь монгол татарчуудын хооронд удаан үргэлжилсэн дайсагналыг сануулсан байж болох ч Тэмүжин гэдэг нэрийн утга учир, хүүг эцэг нь яагаад тийн нэрлэхээр шийдсэнийг эрдэмтдийн хүрээнд олонтаа хэлэлцдэг билээ.Хүүхдүүдэд нэг үндэстэй, өөр өөр нэр хайрладаг монгол заншил энэ талаар илүү сайн тайлбарлах бизээ. Өүлүн эх Тэмүжингийн дараа 4 хүүхэд төрүүлсний томыг нь Тэмүгэ, отгоныг нь буюу охиныг Тэмүлэн хэмээн нэрлэсэн юм. Дээрхи гурван нэр урагш зорин довтолгох гэсэн утга бүхий зоригжих, бүтээлчээр сэтгэх, сайн сайхан өөд тэмүүлэх гэдэг нэг язгуур үндэстэй ажээ.Монголын нэг оюутны “хурдлан давхих морьдын нүд унасан эзний бодол хүслээс үл хамааран тэмүүлэл дүүрэн харагддаг” гэж ярьсан нь надад санагддаг.
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment