Monday, December 22, 2008

Америкт Хуулийн Сургуульд Суралцсан Тэмдэглэл-3

“IRAC” загвар
Бичгийн шалгалтын хамгийн түгээмэл хэлбэр бол оюутанд ямар нэгэн кэйс буюу шийдэл өгөн тухайн өгөгдөлд хууль эрх зүйн талаас нь дүн шинжилгээ хийлгэх явдал юм. Жишээ нь, Эрүүгийн хуулийн бичгийн шалгалтанд хэд хэдэн хэсгээс бүрдэх фактыг танилцуулаад оюутнаар ямар төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох боломжтойг тодорхойлох даалгавар өгдөг.
Зарим тохиолдолд тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдэгдсэн эсэх тал дээр хэсэгчлэн дүн шинжилгээ хийх даалгавар ч өгөгдөнө. Ер нь IRAC загвар нь оюутны нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадварыг сорьдог.

Энэ загвар бол АНУ-ын хуулийн сургуульд бодлого бодох үндсэн аргачлал болдог. “IRAC” гэдэг үг нь товчилсон дөрвөн үгийн эхний үсгүүдийн нийлбэр юм. Товч утгаара бол,
Issue буюу асуулт,
Rule буюу хууль дүрэм,
Application /analysis/ буюу фактанд дүн шинжилгээ хийх
Conclusion болон дүгнэлт гэсэн дөрвөл үг юм.

Issue
Индианагийн Их Сургуулийн хуулийн профессоруудын тодорхойлж байгаагаар мөн, ном сурах бичгүүдэд өгүүлснээр бол АНУ-ын хуулийн бүх Их сургуулиудын стандарт, зонхилох хичээлүүдийн чиглэл ижил гэдгийг ойлгож авав. Дэлхийд домог болсон Харвард, Иель, Принстон, Берклигийн хуулийн сургуулиудад яг нэг төрлийн кейсүүд дээр анализ хийж мэтгэлцээн өрнөдөг байна. Сургууль бүр өөр өөр сурах бичиг хэрэглэдэггүй. Нэгдсэн улсын хууль эрх зүйн хөгжил, түүхэн шалгуураар давж ирсэн тодорхой кейсүүд дээр тулгуурласан сурах бичгүүд орон даяар хэдэн зуун мянган хувиар хэвлэгддэг байна. Түүхэн туршлагыг орон даяар нэг стандартаар хэвшүүлсэн учраас IRAC загвар нь тэрхүү стандартын нэг болсон бүхий л хуулийн сургуулиудын шалгалтын загвар юм.
Монголд хуулийн сургуульд сурч байхад аливаа нэгэн шалгалт дээр буюу кейс бодолт дээр голдуу кейсийн үйл явдал фактыг өгүүлээд тодорхой асуултуудыг асууж түүнд оюутан хариулах замаар шалгалт өрнөдөг. Харин IRAC загварын эхний үг болох ISSUE гэсэн хэсэгт профессорын зүгээс өгсөн кейсийг уншиж үзээд асуултыг өөрөө өөртөө тавих хэрэгтэй болдог. Шалгалтанд голдуу факт өгүүлэх буюу чиглүүлсэн асуултыг тэр болгон тавьдаггүй. Ийм учраас ISSUE гэсэн хэсэг буюу фактыг нийтэд нь уншаад тэндээс өөрийнхөө хариулт болгох, шийдлийн эцсийн үр дүнг тодорхойлох боломжтой асуултыг асууна гэдэг нь хамгийн чухал агаад хамгийн хэцүү нь. Хэрвээ асуултыг буруу тавих буюу кейсээ ойлгоогүй бол бодлого бүхэлдээ буруудна гэсэн үг.

Rules
Энэ хэсэгт та тухайн бодож буй кейстээ ашиглах эрх зүйн сурвалжуудаа тодорхой жагсаан бичих хэрэгтэй болдог. Жишээ нь Үндсэн хуулийн эрх зүйн нэгэн төрлийн бодлого бодох ёстой боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд RULE гэсэн хэсэгт бодох гэж буйтай төсөөтэй, урьд өмнө шийдэгдсэн хэргүүдийн эрх зүйн сурвалж буюу шүүхийн прецедентийг “цэнхэр ном”-д заасан стандартын дагуу ишлэл зүүлт хэрэглэн бичих ёстой. Нийтийн эрх зүйн тогтолцооны тулгуур эрх зүйн сурвалж төсөөтэй шийдэгдсэн хэргүүдийн эх сурвалжаас гадна хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, тухайн муж улсын болон нэгдсэн улсын засгийн газруудын тогтоол шийдвэр гээд хэрэгт холбогдож үндэслэл гаргаж болохуйц ишлэлүүдийг энэ хэсэгт байрлуулдаг. Ер нь бол өрөөд тавьчихна гэсэн үг л дээ. Харин эдгээр хууль эрх зүйн эх сурвалж, дүрэм журмаа бодлогынхоо мөн чанар үндсэн аргументуудтай уяж өгөхийн тулд дараагийн хэсэгт шилжин “application” зарим тохиолдолд “analysis” гэж нэрлэгддэг хэсэгт анхаарлаа хандуулах ёстой.

Application
Энэ хэсэг бол IRAC загварын хамгийн гол амин сүнс оршдог чухал хэсэг юм. Эхний бүлэгт асуулт тавьж байсан “Issue” хэсэгт логиктой, эрх зүйн баталгаатай цогц гаргалгаа бүхий харилт өгч улмаар дүгнэлтэнд хүрэх хамгийн гол үйл явц нь энэ хэсэгт өрнөдөг. Хэргийг шийдэхийн тулд гарцаа байхгүй нэгэн үр дүнд хүрэх ёстой болно. Нэг бол асуултыг дэмжсэн, нөгөө бол няцаасан. Дундаж хариулт гэж байхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд шинэ санаа хувийн байр сууриа дэмжлэг байдлаар бичиж болно. Гагцхүү түүнийгээ эрх зүйн эх сурвалж, хуулийн заалтаар баталгаажуулах ёстой. Энэ тохиолдолд шалгалтын бодлогыг буюу хэргийг шийдэлд хүргэхийн тулд та өөрийн баримталж байгаа байр суурийн үндэслэл болсон фактуудыг Rule хэсэгт сонгон авсан хуулийн заалт, шүүхийн прецедентүүдээр баталгаажуулан хөдөлшгүй аргументаа гаргах ёстой болдог. Гол нь кейс бодоход үр дүн нь ямар байна гэхээс илүүтэйгээр ямар процесс, ямар арга замаар тухайн шийдэлд хүрснийг нь чухалчилдаг. Тиймээс зарим багш нар зөв хариулт шаардахаас илүүтэй, бодлого бодох аргачлалд хэрхэн суралцсаныг үнэлгээнийхээ гол шалгуур болгодог.
“appliсation” буюу “analysis” хэсгийг хоёр ангилна.
Нэгд, “Analysis” буюу үндсэн аргумент дэвшүүлэх гаргалгаа хийх.
Хоёрт, “Counter analysis” буюу өөрийн дэвшүүлж буй аргументын эсрэг талд буюу таны байр суурийг няцаах боломжтой ямар хувилбар байж болох вэ? Хэрвээ тийм бол ямар эрх зүйн эх сурвалж сөрөг аргументад чинь дэмжлэг, үндэслэл болж байгааг заавал дурьдах ёстой. Энэ нь оюутан зөвхөн нэг талыг харсан өрөөсгөл ойлголтод хэт автан туйлшрах замыг хааж, асуудалд тэнцвэртэй, уян хатан, хүлээцтэй хамгийн гол нь ухаалаг хандахад сургадаг байна. Аливаа кейсийн үр дүн бол сэтгэл хөдлөл хувь хүний үзэмжээс ангид хуулийн дагуу зөв логикийн зарчим дээр шийдэгдэж байхын тулд бодлого бодоходоо оюутан өөрийн шийдлийн эсрэг хоёрдагч байр суурийг тодотгох хэрэгтэй болдог. Магадгүй ийнхүү өөрийн аргументыг няцаасан сөрөг гаргалгаа дэвшүүлэх явцдаа өөрийн аргументад байсан алдааг илрүүлэн олох, үүгээр дамжаад өөрийн аргументаа улам боловсронгуй болгох бололцоог эрэлхийлэх боломж юм. Ер нь хуульч хүний ажлын талбар бол ард түмний дунд өрнөнө. Хуульч хүний нэгэн шийдэл, нэгэн бодол, байр суурийн ард бүхэл бүтэн хүний амь амьдрал, эд хөрөнгө, хувь заяаны дэнс дэнсэлж байдаг. Асуудалд нотолсон болон няцаасан хоёр талын аргументыг дэвшүүлсний дотроос аль нь эцсийн шийдэл байж болохыг “Conclusion” буюу дүгнэлт хэсэгт тайлбарлах ёстой.

Conclusion
Энэ хэсэгт бодлогын турш нийт задлан ялгал хийж, нотолгоо дэвшүүлсэн аргументаа, няцаалт аргументаас ямар байдлаар давуу талтайг нь дурьдаж, өөрийн шийдэл ямар процедураар батлагдаж байгааг тайлбарлана. Мэдээж батлагдсан буюу батлагдаагүйг нотлон өгүүлэхээс гадна гэмт хэргийн тухайд бол ялтай, ялгүй гэдгийг зааглан шийддэг шиг нэгэн утгат шийдлээ тодорхойлдог дүгнэлт хэсэг юм.


Үргэлжлэлийг VERITAS НОМООС ҮЗНЭ ҮҮ. 99878187, 99110599

No comments: