Түшээт Хан аймгийн Зоригт Вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн БҮРЭН сум бол тал хээрийн дундаа тансаг сайхан байгаль цогцлоосон "Их уулсын орон" юм. Модтой газрын хүнд бол нүцгэн бор уулс төдий харагдаж болох ч энэ уулсын дунд эрх тааваараа мал сүргээ адгуулж, таван ханат тулж удам судраараа амьдарч ирсэн өвөг дээдсийн минь хувьд ёстой л Жангар, Гэсэрт гардаг шиг
"Сэр сэр салхитай
Сэрүүн бумбын орон
Бур бур бороотой
Бурхан бумбын орон" нь юм.
Энэ нутгийн уул ус бүгд билэгшээл дүүрэн сайхан нэртэй. Үеийн үед, үрийн үрд идээшиж дассан уул усны байр байдал, төрх шинж нь нигүүлсэл тээсэн өвөрмөц цогц галбиртай.
Тал нутгийн хүн модтой газар очихоор өдөртөө цэнгэл эдлэвч, хэд хоногоос холын бараа үгйүлэн, дотор давчдаад ирдэг гэдэг. Тэнгэрийн шувуу тэнгэртээ дураараа нисэхийн адил талын хүн талдаа л жаргалаа эдэлдэг болов уу. Алс тэнгэрийн хаяа, нар мандах хийгээд жаргах тоолонд түмэн өнгөөр гэрэлтэх цэлийсэн тэнгэрийн гоц нандин үзэсгэлэн, таана мангир, дэрс хөмүүл бөхөлзүүлэнхэн шунгинах атар онгон салхи... Энэ бүхэн талын чимэг. Америкт эрдэм сурхаар ирээд даруй хоёр хавар, хоёр намартай золгов. Энэ орны нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь ой модоор бүрхэгдсэн ажээ. Харин Монголд уул нь Соц үед нутгийн 12 хувь нь модтой гэгдэж байлаа. Одоо ч тужийн нарсаа тожийлгоод бүр багасаа биз дээ хөөрхий. Эртээрхэн амьдарч буй хотынхоо энүүхэн захад гараад хэсэгхээн тал шахуу газраар явтал хичнээн сайхан гээч. Япончууд Монголд ирээд талд очоод хамаг чангаараа хашгирч, говьд очоод дуу алддаг гэж сонсч байсан. Үнэний хувьтай л юм. Саяхан "Ю түүб" гээд сайт дээр Монголын хөдөөгийн амьдралыг харуулсан бичлэг тавьжээ. Америкчууд хийсэн юм билээ. Яахав ээ яг л бодит амьдралын өдөр тутмын өнгө төрх. Угийн танил ахуй болохоор сэтгэлд нэг л дотно, яруухан сайхан. Адуучин эрс адуугаа гүүглэн адгуулж, Монгол гэрт монгол ижий сүүгээ хөөрүүлж, ааруул дэлгэж, залуухан бүсгүй гүү сааж, бяцхан хүү айраг бүлнэ. Харин тэрхүү бичлэгийн доор бичсэн сэтгэгдлүүдрүү өнгийв. За да эрээнтэй бараантайгаар л янз бүрийн юм бичиж. "Монгол бол чулуун зэвсгийн үеийн төрхөө хадгалсан хэсэгхэн хүмүүс" гэж бичсэнийг үзээд дургүй дүрэлзэх шиг болов шиг. Олон орноос орсон болтой. Туркчууд болон, Унгарчууд гэж өөрсдийгөө нэрлэсэн залуучууд "Бид Монголтой нэг өвөг дээдэстэй, бид ийм амьдралаар замнаж ирсэн юм байна. Монголчуудаар бахархаж байна" гэж хэсэг бичиж. "Монголчууд орчин үеийн хөгжлөөс ийм хол хаягдсан юм чинь найдвар алгаа гэж бичих ч хүн байна". Тэрэн дотор нэгэн сэтгэгдлийг уншаад бяцхан бахархал төрөв. Манайхныг соёлгүй бүдүүлгээр нь доош хийсэн түмэн сэтгэгдлийн дунд "Монголын нүүдэлчид бол харин ч аз жаргалтай хүмүүс, тэд өөрсдөө идээ ундаагаа хийж ууна, эрх тааваараа, байгальлаг, элдэв хиймийн хоргүй хүнс хэрэглэж, эрмэг хангал хүлгээ дөрөөлж соёл иргэншлийн хэт бухимдлаас зайдуу, хашаа хороо, хил хязгаар дотор биш бидний хүсэн мөрөөддөг амьдрал дунд жинхэнэ бодь маягаар амьдарч байна" гэж нэг Америк нэртэй нөхөр бичжээ. Нэгэн бодлын бахархмаар үнэн. Нөгөө бодлын олон улс дахь бидний өнгө тэрх хэр байгааг гашуун боловч ухааруулсан мэдрэмж. Үнэндээ бид цаг хугацааны ирээдүйд хүчтэй замнал буй болгож, улс үндэстнээрээ элбэг хангалуун амьдрал цогцлоохыг хүсч байгаа бол өнөөдөр "ИХ ӨӨРЧЛӨЛТ"-ийг хийх цаг болжээ. Шинэчлэл. Гантай зун, зудтай өвөлд нэрвэгдэх мал сүрэг, хөөрхий хэдэн малчид бор зүрхээрээ шахам зүтгэж байж улс орноо тэжээж байгаа одоогийн төрх нэг зүйлийг үгүйлээд байна. Төр сайн менежмент хийж байгалийн бэрхшээлд хэт автаад байхааргүй фермерийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийж, тэр чиглэлийн бодлогыг дэмжиж цаг агаар, бэлчээрээс шууд хараат бус "Шинэ хөдөө"-г бүтээн байгуулах ажлыг хиймээр байна. Аав маань надад хэлж байсан юм. "Монгол улс энэ хэдэн малчдын буянаар 1990-ээд оны хүнд үеийг даван туулсан юм шүү" гэж. Яг үнэн. үйлдвэрлэл нуран унасан, мах гурил хоёроор голоо зогоож, дэлгүүртээ сайндаа давс гоймон өрсөн тэр он жилүүдийг бид мартах ёсгүй. Монголын мал сүрэг өмнө нь ард түмнээ тэжээн тэтгэж ирсний адил тэр хүнд жилүүдэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн билээ. Харин өнөөдөр шинэ, эрч хүчтэй бодлого, хариуцлагатай алхмуудыг шаардаж байна.
Бид хилийн чинадад "Их том газар дээрх цөөхөн буурай хүмүүс" гэсэн шорвог доромж үгээр түрий барих үзэл санааны эсрэг "Шинэ, ардчилсан, эрх чөлөөт, чинээлэг Монгол" улсын имижийг бүтээн байгуулах ёстой.
Сүхбаатарын Эрдэнэболд
Блүүмингтон хот
2009.01.27
гэрэл зургийг: Д.Ариунболд
No comments:
Post a Comment