Хүүхэд насны дурсамжтай, адал явдалт он жилүүд тэртээд алсарч “том хүн” байхын амьдралын буулгад улам бүр ижилсэж явна. Тэгэхийн хэрээр хүүхэд насны дурсамжтай сайхан цаг минь үлгэрийн юм шиг дурсгал үлдээж одоо ч сэтгэлийг минь хөдөлгөх юм. Хүний нутагт, алс суухад эх орноо санаглзахын хэрээр нуурандаа умбах жараахай, тэнгэртээ нисэх бялзуухай мэт бага насны минь хөгжөөнтэй бодлууд хөврөн өөрийн эрхгүй инээд алдуулж бас бодол сэргээх нь дотнохон. Энэ дотнохон мэдрэмжээс "Бага насны тэмдэглэл" нэртэй цуврал нийтлэл төрүүлж хамгийн эхний бичлэгийг өнөөдөр та бүхэнд хүргэж байна.
Наран ургах зүгт
Миний өвөө хархан залуу наснаасаа ан гөрөө хийж өссөн эртэй бол эртэй,бяртай бол бяртай, цөөн үгтэй төлөв даруу ажилсаг хүн. Яруу найрагч Дөнгөтийн Цоодол ах маань нэгэн цагт надад “Танай өвөө чинь залуудаа шүдлэн үхрийн дайтай хүч тэнхээтэй эр явлаа, сумын наадам дээр өндөр цагаан залуу гарч ирээд л элдэв мэхгүй хар тэнхээгээрээ бужигнуулдаг байлаа” гэж билээ. Өвөө маань өдгөө ч энх тунх, цөлх гүн санаатай сургааль айлдсаар нутагтаа суугаа. Хүн, алив хүнтэй нүүр тулж уулзаж учирч санаа бодлоо солилцохгүй л бол хэдэн жилээр ч хамт байсан бие биенээ “танихгүй” байх гэмтэй. Харин би өвөөтэйгээ хамт анд мордсон минь хамгийн сайхан дурсамж юм. Одоогоос арав гаруй жилийн өмнө тэр нэгэн жил манайнх (өвөөгийнх) “Шар ухаагийн хөтөл ус” гэдэг сайхан дэнж газар зусч байлаа. Өглөөний нар ургахаас урьтаж үүр цайхтай зэрэгцэн өвөө намайг дуудна. Өвсний шүүдэр бөнжийсөн тал нэлэнхүйдээ цавцайн хяруутаад шөнө уяж хоносон морь биеэ бөмбөлзтөл сэгсрэн чилээ гаргаж, хөлөө сэлгэн зогсоод шинэхэн хомоол хаялж ханатлаа суниах агаад эзнийгээ хаана хүрэхийг зорино тэнд нь аваачиж өгөх хүч бяраа гайхуулах мэт толой хаялан хааяа нэг шилгээнэ.
Би эмээлээ тэвэрч дөрөө ташуур харшуулсаар уяан дээр очиход угаас номхон бүдүүн морьд намайг танимхайрах нь сайхан. Өвөөгийн болон өөрийн морийг эмээллэчихээд эргэж гэртээ ороход эмээгийн хөөрүүлсэн сүү, өчигдөрийнх нь өрөмтэй гамбир угтана. Шалавхан цайлаад суран ганзага, ир сайтай тонгорго аваад сэв хийтэл мордоцгоох нь хийморьтой. Өвөө маань эсгий хайчилж, хөөгөөр сор оруулж цагаан даавуун дээр думбайлган оёсон туулайн чихтэй ангийн малгай, зузаан цагаан даавуугаар хийсэн цамц өмдөө өмсөөд нэмэлт тохойвч, даллуур бүсэндээ хийж авна. Гарын бугуйвч дайз (сум шивээлдэг уут), нэмэлт хайрцаг сум аваад буугаа шалган баруун мөр давуулан мөрлөөд мордоно. Ингээд өвөөтэйгээ хамт ургахын улаан нарнаар Монголчуудын зуу зуун жилийн турш хийж ирсэн, эртний цагт баатар эрсийн хобби, бас амьдралын эх үүсвэрийн нэгэн хэсэг байсан ан авд мордож байгаа нь энэ.
Өвөөгийнхөө нөмөр нөөлөгт наран ургах зүгт ид явдал зүгширсэн шандаст хүлгээ эмээллээд мордоно гэдэг бол эр хүний бахархал юм. Шар ухаагаас зүүн талруугаа сархиа жалга ихтэй. Тарваганы өглөөний гараа нар ургах алдад эхлээд нэгээс хоёр цаг үргэлжилнэ. Харин оройн гараа нь нар жаргах хэрээс бүрий шахтал үргэлжилнэ. Ер нь хашир бурхинууд бол өглөө оройн наранд сэтгэл догдлон яаран гардаггүй. Гарлаа гэхэд бүтэн биеэрээ ил гарахгүй бөгөөд бага үдээс их үдийн алдад ан ав сийрэг үед идээшилнэ.
Нэг гүвээнээс нөгөө гүвээг давахад тарвага элбэгтэй газар хошгирох нь хошгирч, ноцолдох нь ноцолдож харагдана. Өвөө бид хоёрыг “Цагаанаа” гэдэг цагаан шар нохой дагаж явна. Аль намайг ухаан орох цагт л байсан нохой. Нохойныхоо насаар бол хорь гарсан, үнэхээр анч нохой л доо. Өвөөгийн туулайн дүрстэй малгай, сарлагийн савгаар хийсэн мяндсан ширхэгт даллуурыг хараад тарвага үй олноороо өндөлзөнө. Сэтгэл нь хөөрдөг юм байлгүй хүрч чадах өндөртөө тултал зогсоод “шоолж” гарцгаана хөөрхийс. Хүнээр бол “Хөөе таминь ээ! Тэр цагаан юмыг хараачээ, ямар чигтэй сонин, алиа этгээд вэ, ха ха ха, хи хи хи”, “Алив юу байна, хүүе, хаая, харъя!” гэх мэтчилэн л хошгирдог байх.
Өвөө эгзэгт нь тааруулж тактикаа сонгоно. Мориноосоо буугаад шууд буудах ч үе байна. Эсвэл нааш цааш хэдэндээ гүйх хөдөлгөөн хийж өнөөх сагсуурга даллуураа нэг сүүл болгож, нэг дээрээ хөдөлгөж, бараг л Майкл Жэксоны арагшаа ухарч явдаг бүжгийн хөдөлгөөн хийх шахам бүжиглэх нь энүүхэнд. Их эвсэл сайтай хөдлөх тусам тарвага гозойж өгнө дөө. Тэгэхдээ зэрэг бууныхаа хөлийг газарт зоогоод, овоо хараагаа тохируулж эхлэнэ. Бэлэн болтлоо малгайныхаа чихийг сортолзуулж, даллуураа найгуулж харагдана. Өвөөг бэлэн болохын алдад өнөөх Цагаанаа өвөөгийн өмнөхөн хөшөө шиг зогсоно. Баруун хөлөө бохирч (нугалан) өргөөд гурван хөл дээрээ өрөөлдөн зогсох буюу хамаг л анхаарлаа объектруу (тарвагаруу) хандуулна. Түүнийг нь харахаар амьтны авъяасыг гайхамаар. Амьтан хүртэл ан хийх хоббитой, тэрэндээ ингэж мэргэших гэж дээ гэх бодол төрнө. Өвөөгийн буу тас хийхтэй зэрэг Цагаанаа тарвагаруу хар эрчээрээ сумтай уралдан харваж очино. Цагаанаа өвөөгийн байгаа оносон эсэхийг амархан ялгана. Бай яг оногдсон бол "пад хийх" даацтай битүү чимээ гарна. Хүч муутай сум бол "чат хийх" ч чимээ гарна. Хэрвээ сум дээгүүр буюу хажуугаар зөрсөн бол шунгинаад алга болно. Тэрийг Цагаанаа ялгадаг юм шиг байгаа юм, хааяа нэг бай алдахад яг хэтсэн хэвэндээ хөдлөх ч үгүй зогсоод хоёр дахь буудалтыг хүлээнэ. Цагаанаагийн үүрэг бол их энгийн, бас чухал л даа. Тарвагыг голдуу "хулхинд нь барьж” буудна. Хэрвээ хол ойроос болон бууны ончоос хамаарч амин газарт нь онохгүй бол ан хүнд шарх авч нүхэндээ зугтан орох тохиолдол байна. Амьтныг шархдуулах нь маш ноцтой алдаа юм. Нэгдүгээрт амьтан амьдаараа тарчилна. Хоёрдугаарт шархны халуунд янз бүрийн өвчин үүсгэж бусаддаа халдаах гэмтэй. Харин хашир туршлагатай анчид бол ерөөсөө байгаль хамгаалагчид л гэсэн үг. Бас газар нутгийн өвсний өнгө, гарц шинжээчид бөгөөд нутгаа гэсэн сэтгэлтэй, байгаль эхээ шүтсэн улсууд байдаг юм билээ. Цагаанаагийн үүргийг хэлэхэд буудсан тарвагыг арьсыг нь гэмтээлгүй эвтэйхэн сэгсэрч дошноос нь зайлуулж шидэх. Манай цагаан нохой үүнд мэргэшсэн байлаа. Мэргэшээгүй нохойнууд бол том том алдаа гаргана. Жишээ нь тарвагандаа сэнжлүүлэх, арьсыг нь цоолж гэмтээх гээд. Цагаанаагийн нэг давуу тал нь өөрөө цайвар өнгөтэй учир ан гөрөө түүнээс үргэдэггүй байв. Өвөө найвдартай онох байнд Цагаанааг хүргэхгүй. “Цагаанаа боль” гэж тушаахад өнөөх нохой миний дэргэд буцаж ирээд хэлээ унжулан цомцойн сууна. Цагаанаагийн бас нэгэн чухал үүрэг бол өвөөд замчилна. Шинээр хөтөл давахад цагаан нохой түрүүлж хэтэх маягаар даваад, хаана хаана объектууд байгааг эзэндээ мэдээлнэ. Жишээ нь хөтөл, давааны цаана тарвага ихтэй бол хэтэж мяраагаад сүүлээ буулган нэгэн түвшинд тогтоогоод эргэн харж ямар нэг мэдээлэл өгнө. Мэдээж хуцаж дуу чимээ гаргахгүй. Түүнээс нь тохио авч өвөө морьтойгоо хөтөл давах уу эсвэл буугаа бэлдэн явганаар давах уу гэдгээ шийднэ. Энэ маягаар Өвөө, Цагаанаа бид гурав нэгэн баг болж анг амжилттай авлана.
Багийн нэг гишүүний хувьд миний үүрэг бол тарваганы морь хөтлөх. Ажил үүргийн нэрийг “Хөтөч” гэж нэрлэнэ. Өвөө Цагаанааг дагуулан даваа гүвээ давж, хамар ороон явганаар хэдэн бээр газрыг гүйгээр туулна. Өвөө сайн бууддаг учир нэг суултаар хоёр гурвыг унагах ч үе байна. Нэг байрнаас хэдэн зүгт буудсан төдий тооны газар нь очиж анг түүх ажил бол миний үндсэн үүрэг юм. Юун түрүүнд анг “бүрэн болсон эсэхийг нягтлан шалгах” буюу гэдсий нь авч эрүүг сэнжлээд сураар татаж ганзгална. Орой нь тусгай зоог болох "боодогны тарвага"-ыг сонгохдоо хамгийн өнгөтэй, тарганыг нь шилж аваад тусгайлан (гэдсий нь авалгүй) ганзгална. Заримдаа өвөөгийн хурдыг гүйцэхгүй энд тэнд ганц нэгээр тарвага гээгдүүлэх үе ч байна. Өвөө харин ч нэг сайхан “гуулин боодог” хийж өгнө. Намайг намар сургуульд явахын алдад Америкчууд талархлын баяраар Цацагт хяруулаа чанадаг шиг өвөөг ач хүүдээ зориулж алдарт "Гуулийн боодог", эмээг “шар махны боодог”-оо хийж өгнө. "Гуулин" гэдэг нь арьсанд нь шарж хийсэн боодог алтан шаргал өнгөтэй болсныг хэлнэ. "Шар махны" гэдэг нь арьсы нь авч шар маханд нь боож шарсан боодгийг хэлнэ. Соц үед тарвагыг арьсанд боох хориотой байж. Эмээ маань тасархай сайн "шар махны боодог" хийдэг тул Нэгдлийн дарга нар зориуд ирж, төвөөс ирсэн төлөөлөгчдийн авчран эмээгийн гарын зоогоор дайлдаг байв.
...Өглөө эртээ гараад ан хийхэд өвөө, цагаан нохой бид гурав олз омог овоог олчихно. Мориныхоо даах хэрээр агнаад буцна. Нэг бүдүүн морь дунджаар зургаагаас арван тарвага, хоёр моринд бол хорь шахам тарвага ганзгална. Хөтөчийн хувиар би өвөөг ан хийх зуур өвөөгийн морийг хөтлөх буюу дөрөө хазаар харшуулахгүй байх үүрэгтэй. Нэг үгээр бол дуу чимээ гаргалгүй нягт нямбай ажиллах хэрэгтэй болно.
Зуны халуун нар хөөрч, үүрийн нөөлөг сэрүүн дуусахтай зэрэгцэн ард ганзагласан тарваганд шунасан ялаа батгана хааяа нэг дүнгэнэх агаад нам гүмд алсын бараа харуулдан, заримдаа юуг ч юм удаан гэгч нь бодож өвсний үндэс, тэртээд бэлчээ малын бараа харж бодолд умбана. Өвөө аваа өндөрлөж бид хоёр гэрлүүгээ буцах замдаа элдвийг хүүрнэнэ. Өвөө ан сайтай үедээ дуу шуу сайтай. Тухайн өдрийн ан хийхэд тохиолдсон сониноо өгүүлж, байгаль эхдээ залбиран явна. Өвөө ан хийхдээ тогтсон ёс горим баримталдаг байв. Жишээ нь мөндөл буюу тарваганы төл буудахгүй. Туранхай залуу агаад өсвөр насны наагайнуудыг амь өршөөнө. Болж өгвөл зөвхөн нас бие гүйцсэн бурхийг шилж авлана.
Өвөө маань бадриун бор мориныхоо хотгор зоог ташин суугаад товор товор алхаан дунд нь явсан газрын сонин, орон нутгийнхаа үүх түүхийг хүүрнэж, дээр үеийн мундаг анчдын тухай сэтгэл хөдлөн ярьж, ерөөс амьдралын ухаан, эр хүний биеэ авч явах гүндүүгүй агаад алсын хараатай чанарын тухай оройд шингэтэл эглээр өгүүлнэ.
“Давхиж байгаа чоныг буудахдаа онох газраасаа хоёр хуруу урдуур буудвал яг чамархайд нь ононо” гэх зэрэг элдвийг хүүрнэсээр өвөөтэйгээ ганзага сугсалзуулан хотондоо ирэх сайхан. Айл саахалтын хүмүүс саравчлан харах нь шагширч байгаа мэт. Би ч өвөөгөө дуурайн өнөөх муу намхан бүүрэгт янгиа дээрээ хөндлөн суугаад давлиухан төрхийг харуулна. Тэр л мөчид дэлхийг байлдан эзэлсэн аугаа их өвөг дээдэс минь ан ав хийгээд гэртээ ирэхдээ, эсвэл дайн тулаанд мордоод ялалт авчран буцахдаа тийм их кайф авдаг байсан болов уу гэмээр баатарлаг төрхийг цогцлооно. Хүүхэд насны л бодол шүү дээ.
Өвөө биднийг ангаас ирсний дараа өнөөх хулгаруудыг эмээ гялалзтал өвчөөд чанахыг нь чанаад айл саахалтад түгээж, боодогны бурхийг туламлаж орхино. Өвөө Социалимын үед Нэгдлийн гэрээт анчин байсан бөгөөд нэгэнт эр нөхөр нь гэрээт анчин тул, гэрийн эзэгтэйн хувьд эмээ маань тэр их ажлыг нь нугалалцаж байх нөр их ажилтай байж. дээхнэ үед том том анчид зундаа хэдэн мянган тарваганы гэрээ хийдэг байсан гээд бодхоор гайхмаар.
Эмээ маань Соц үеийн сүүлийн жилүүдэд 40 гарсан хойноо “Аймгийн тарвага өвчилтийн уралдаан”-д орсон юм билээ. Тэгээд 18 минутанд гурван тарвага өвчиж улсын рекорд тогтоосон гэдэг. Нэг өдөрт нийт дүнгээрээ 55 тарвага шуурхай өвчсөн гээд бод доо. Магадгүй манайхаас өөр улсад тийм уралдаан байгаагүй л байх. Тэгээд бодохоор дэлхийн рекорд ч байх магадлалтай. Марзан сонсогдож байгаа ч энэ бүгд бол өвөө эмээ хоёрын маань ажилч хөдөлмөрч чанарын илрэл юм. Өвөө маань дан ан хийгээд байсан юм биш ээ. Өвөөгийн жинхэнэ насаараа хийж ирсэн үндсэн ажил бол “малч” эрдмийг шингээсэн "хоньчины мэргэжил" юм. Мал маллах гэдэг нь мянга мянган жилийн нүүдэлчний удамтай Монголчуудын хувьд Сонгодог мэргэжил юм. Малыг хэрхэн тарга хүч, тэвээрэг авхуулах вэ гээд эхлэвэл ярих юм зөндөө юм бий. Жишээ нь хурдан морины угшил дундаас хурд гаргаж байгаа нь нэгэн ёсны эрдэм билээ. Бид л бүдүүн тоймоор хандаж буй болохоос биш хэдэн зууны турш боловсруулсан ардын ухаанд өнөөгийн физик биологийн шинжлэх ухааны үүднээс хандвал их юм хэлж өгнө. 1990 онд эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн хүнд жилүүдэд үндэсний хэмжээний үйлдвэрлэлгүй болсон, эдийн засаг юу ч үгүй унасан тэр хүнд үед Монголчууд буянт малынхаа хүчинд өндийн босч, өдий зэрэгтэй яваа юм. Сүүлийн үед, хөдөөнийхнийгөө ихээр гоочлох болсон "хотын" тодотголтой жулдрай бацаануудыг хөлд ороход нь хөхүүлж байсан хонины сүүл бол тэдний өвөө эмээгийнх нь хөдөлмөр, Монгол түмний үе үеийн жудаг, зүтгэлийн үр шим гэдгийг мартаж болохгүй. Хүн хотжихын хэрээр унаган зангаа гээж, хөдөөг жийх бус боловсрохын хэрээр эх соёл, үндэсний ахуйгаа дээдэлж, цаашид хөгжин дэвжихэд нь юу хэрэгтэйг бодол оюундаа тунгааж явууштай.
Өвөө маань Социализмын жилүүдэд “Улсын чанарын аварга малчин” болж Москва, Ленинградад уригдаж явсан хүн. Үүнд эмээгийн минь зүтгэл их бий. Тэдний маань хөдөлмөрч зан чанар, тэдний үеийнхий бүтээн туурвисан бүхэн өнөөдрийн бидний амьдрах үндэс, ирээдүйг сүндэрлүүлэх эхлэл болж байдаг юм.
Удахгүй Монголдоо очихоороо өвөөтэйгөө хамт ургахын улаан нарнаар Бүрэнгийнхээ хөх дэнжид дахин нэг мордноо.
С.Эрдэнэболд
(Блүүмингтон 2008.12.03)
Wednesday, December 3, 2008
"Наран ургах зүгт"
Labels:
Уран зохиол
No comments:
Post a Comment