Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны гүн таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү
Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму
Ариутгагч бас аврагч эцэг минь алтаэ мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь хүн чанар л болог ээ
Эх орны минь мөн чанар гоо сайханыг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх Би таны гэгээн гэрэлд аж төрмү
.................................................................................................................
"РИТОРИКА буюу БАЙЛДАН ДАГУУЛАХУЙН УРЛАГ-2006" номоос
“Тас шавхуурдсан мэт базаж бичсэн, эсвэл цөлх ухаан зааж номчирхсон шүлэгтэй шүлэгчээс гадна, бялхаж цалгисан онгод авъяасаар ямагт үерлэж байдаг уянгын яруу чавхдас, хөг дуурсгалтай сэтгэлийн хоёр туйл дээр бичдэг тийм шүлэгч байдаг. Тийм найрагч бол Очирбатын Дашбалбар юм”
Ш.Сүрэнжав /1999.11.23/
“...Бороотой үдшээр тулганд ноцсон түлээний чимээ-эх хэл минь
Ороо салхинд тачигнах тугны чимээ-эх хэл минь
Оддын туяатай, галын амьсгалтай-эх хэл минь” ...
Эгэлгүй тансаг энэ л мөрийг цаг хугацааны торгон мөчлөгийн тэртээ алсад шүлэглэж, зүрх сэтгэлээрээ, оюун бодлоороо, суу билиг, бүхий л хүсэл тэмүүллээрээ хөх Монголын төлөө шатаж, хүмүүний нандин амьдралд “хайрлан дагуулахуйн онгод” бадрааж явсан хөвүүн бол Очирбатын Дашбалбар билээ. Дорнод Монголын хөдөөх талд мэндэлж наран мандахад уясаж агтын төвөргөөнд торниж, эгэл бор амьдрал ханхалсан дов толгодоос эрийн цээнд хүрч монгол түүхийн нэгэн их овоо болсон эх оронч тэрбээр халуун сэтгэлтэн, цогтой тэмцэгч, шантрашгүй зоригтон, хайрлан дурлагч хийгээд хайрлан дурлуулагч, билэг танхай яруу найрагч, басхүү уран илтгэгч байжээ.
Энэ гэгээн их хүн 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1972 онд Дарьганга суманд наймдугаар ангиа төгсч 1974 онд ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцаад 1975 онд Сүхбаатар аймгийн төвд 10-р анги дүүргэж 1984 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд суралцжээ. “Хойно” төгсч ирээд 1987 он хүртэл МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактор, 1987-1990 онд “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1990-1991онд ХААЯ-нд мэргэжлийн зохиолч, 1991-1996 онд Соёлын яамны харъяа Монголын Буддын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаад 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.
Гэвч энэ бяцхан намтар бол билиг авъяаст эх оронч-найрагчийг тодорхойлж чадахгүй ээ. Тэрээр дөнгөж 23-хан насандаа 1980 онд өдгөө Монгол даяараа сонсон ухаажиж, уншиж саруусдаг хүний амьдралын утга учрыг гүн гүнзгий агаад эгэл сайхнаар тунхагласан “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” хэмээх алдарт шүлгээ бичиж байсан юм. Энэ шүлгийн тухай Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай өгүүлэхдээ “Энэ бол Дашбалбарын гүн ухаан юм. Энэ бол өнөөдрийн мэргэн тарни юм. Энэ бол шидэт үгсийн хураангуй юм” хэмээн бахархан бичсэн байдаг. Тэр шүлэг 23-хан настай Дашбалбарыг хойч үед нь алдаршуулаад өнгөрөх зөвхөн шүлэг төдий бус, сонссон хүн өөртөө шингээвэл аз жаргалын нууцад нэвтрэх “ид шид” бөлгөө. Ихэнх хүмүүс Дашбалбар хэмээх энэ түүхэн эрхмийг яруу найрагч, эх оронч, төр нийгмийн зүтгэлтэн байснаар нь сайн мэддэг. Харин шүлэг бичдэгээсээ дутахааргүйгээр чамгүй нямбай илтгэл бичдэг байсныг нь сайтар мэддэггүй болов уу. Тэрээр үг яриандаа шударга ёс, эрэмгий байдал, эх орны тусгаар тогтнол, бүсгүйчүүдийн ялдамхан инээмсэглэл, ерөөс ертөнцийн гоо үзэсгэлэн, гуниг баяр гээд олон зүйлийн өнгө аясыг шингээхийн зэрэгцээ буддын шашны үзэл санааг гэрэлтүүлэн түгээгч байжээ.
Монголын Зохиолчдын Хорооноос хэвлүүлсэн 108 ботийн 74-дүгээр дэвтрийн эхлэлд зохиолч Д. Цэнджав гуай 2000 оны 5 сарын 20-нд “Хувь заяаны дэнсэн дэх Очирбатын Дашбалбар” хэмээх дурсамжийн үгэндээ: “1979 оны хавар Ш.Сүрэнжав, Дашбалбар хэмээх гялалзсан нүдтэй, омголон шинжтэй, дультраадуу хэлтэй сэргэлэн хөвгүүнийг дагуулан ирж танилцуулан, - Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явуулмаар байна... гэхчлэн тайлбарлах, ятгахыг зэрэгцүүлэн олныг өгүүлсэнсэн” хэмээн бичсэн байдаг. Тэр л дультраадуу хэлтэй сэргэлэн хөвгүүн нэг жилийн дараа амьд хүн амьддаа бие биенээ хайрлахуйн тухай домогт шүлгээ тунхагласан юм.
Илтгэх урлаг бол бусдыг байлдан дагуулж чадахуйн нэг л шижим юм. Тэгвэл хайр бол түүнээс хязгааргүй дахин хүчтэй нь билээ. Илтгэх урлагт суралцах боловсролын хойморт ямагт хайрлан дагуулахуйн сэнтий залаастай байж шударга ёсны олбог дэвсээтэй бол тийм урлаг цаг хугацааны ирт сэлэм, худал хуурмагийн зэвт суманд шархдан бөхийхгүй бөлгөө. Ингээд Очирбатын Дашбалбарт зориулах бодлын нэгэн цонх тань нээлттэй байхыг билэгдэж түүний хэлсэн онч мэргэн үгсийг сийрүүлэв
No comments:
Post a Comment