2008 оныг Америкчууд нүсэр том түүхтэйгээр үдэх гэж байна. Олон сар үргэлжилсэн Ерөнхийлөгчийн сонгууль, санхүүгийн хямрал гээд сонирхолтой агаад мэдүүштэй олон арван үйл явдал энэ улсад өрнөлөө. Тэр бүхний дундаас Америкийн шинэ үеийн түүхийг эхлүүлэх онцгой үйл явдал бол энэ улсын түүхэн дэх анхны “Хар Ерөнхийлөгч” тодорлоо. Кени эцэг, Америк эхийн дундаас төрж цэвэр өөрийн хүчин зүтгэлээр Нэгдсэн Улсын хэмжээний нэр нөлөөтэй сенаточ болсон Обама энэ оны хамгийн гялалзсан амжилтуудын эзэн болоодхов. Ардчилсан Намын сунгааны үеэр Индианагийн Их Сургууль дээр зохиогддог “Little 500” нэртэй асар нүсэр том дугуйны уралдаан дээр Барак Обама ирсэн бөгөөд санамсаргүйгээр анх барааг нь харж билээ. Цамцны энгэр задгайлж ханцуйгаа шамласан түүний ажил хэрэгч төрхнийх нь цаанаас идэр залуугийн оч, цог золбоо гэрэлтэж байсан юм. Төдөлгүй түүний амьдралынхаа тухай эрээн бараан, тэгш үнэнийг өгүүлсэн хоёр номыг нь авч уншаад Америкийн сонгуулийн явцыг улам шимтэнгүй ажиглах боллоо. Баракийн өрсөлдөгч Маккайн ч бас гайхалтай улс төрч. Вьетнамын шоронд таван жил тарчилж, хорь гаран жил хууль тогтоох байгууллагад суусан Тэнгисийн цэргийн адмиралийн хүү, ясны эх оронч. Тэрээр Обамагаас 25 насаар ах. Бараг эцэг хүү хоёрын зайны хангалттай насны ялгаа л даа. Нэр цэвэр, Харвардыг дүүргэсэн өнгөт арьстан Ерөнхийлөгчтэй болох уу, эх оронч байхын өндөр шалгуур тогтоож түүнээ амьдралаараа баталсан жинхэнэ “цэрэг” Ерөнхийлөгчтэй байх уу гэдэг асуулт хэдэн сарын турш олныг догдлуулж байлаа. Эцсийн дүнд Иракийн дайны асуудал, түүнд нэр хүнд нь унасан Америкийн гадаад бодлого, дээр нь олон банкны дампуурал дагуулсан санхүүгийн өргөн хүрээтэй хямрал нь сонголтыг нэг тийш нь хөтлөхөд дорвитой үүрэг гүйцэтгэсэн юм. Индиана Муж улс 1964 оны Линден Жонсений сонгуулиас хойш нэг ч удаа Ардчилсан Намын дэвшигчийг мужаасаа гаргаж байгаагүй газар. 44 жилийн час улаан тогтсон нутгийг бүхэлд нь цэнхрээр “будаж” чадсан Обамад олон сая Америкчууд, бас дэлхий дахин итгэж найдаж байна. Түүний зэрэгцээ эргэлзэж бас чиг хардаж байгаа.
Обама түүхэндээ Нэгдсэн Улсын 26 дахь “Хуульч Ерөнхийлөгч” болж чадлаа. Түүний өмнө “Тусгаар Тогтнолын Тунхаглал” бичигч Томас Жеферсон, Үндсэн Хуулийг өлгийдөн авагч Жэймс Мэдисон, Адамс, Монро, домогт Линкольн, цаашлаад МакКенли, Тафт, Вүүдро Вильсон, дөрвөнтээ сонгогдсон Франклин Рузвельт, махруу зүтгэлтэй Никсон, энэ жил эхнэр нь дэвшсэн Клинтон гээд түүхэн цаг үеүүдэд Нэгдсэн Улсыг алдаа оноотой удирдаж байсан суутаас эхлээд дундаж “Хуульч Ерөнхийлөгчид” бий. Обама тэдний дайтай Ерөнхийлөгч байх эсэх, түүхийг хэрхэн бүтээлцэх нь бидний өмнө ирээдүй хөвөрч байна.
Үйл явдал хэрхэн өрнөхийг, түүний засаглалын жилүүдэд дэлхий дахин яаж замнахыг хамтдаа харцгаах л үлдлээ.
.
No comments:
Post a Comment