“Тас шавхуурдсан мэт базаж бичсэн, эсвэл цөлх ухаан зааж номчирхсон шүлэгтэй шүлэгчээс гадна, бялхаж цалгисан онгод авъяасаар ямагт үерлэж байдаг уянгын яруу чавхдас, хөг дуурсгалтай сэтгэлийн хоёр туйл дээр бичдэг тийм шүлэгч байдаг.
Тийм найрагч бол Очирбатын Дашбалбар юм” Ш.Сүрэнжав /1999.11.23/
“...Бороотой үдшээр тулганд ноцсон түлээний чимээ-эх хэл минь
Ороо салхинд тачигнах тугны чимээ-эх хэл минь
Оддын туяатай, галын амьсгалтай-эх хэл минь”
...Эгэлгүй тансаг энэ л мөрийг цаг хугацааны торгон мөчлөгийн тэртээ алсад шүлэглэж, зүрх сэтгэлээрээ, оюун бодлоороо, суу билиг, бүхий л хүсэл тэмүүллээрээ хөх Монголын төлөө шатаж, хүмүүний нандин амьдралд “хайрлан дагуулахуйн онгод” бадрааж явсан хөвүүн бол Очирбатын Дашбалбар билээ. Дорнод Монголын хөдөөх талд мэндэлж наран мандахад уясаж агтын төвөргөөнд торниж, эгэл бор амьдрал ханхалсан дов толгодоос эрийн цээнд хүрч монгол түүхийн нэгэн их овоо болсон эх оронч тэрбээр халуун сэтгэлтэн, цогтой тэмцэгч, шантрашгүй зоригтон, хайрлан дурлагч хийгээд хайрлан дурлуулагч, билэг танхай яруу найрагч, басхүү уран илтгэгч байжээ.
Энэ гэгээн их хүн 1957 оны 2-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран суманд төржээ. 1972 онд Дарьганга суманд наймдугаар ангиа төгсч 1974 онд ЗХУ-ын Омск хотод ХАА-н ТМС-д суралцаад 1975 онд Сүхбаатар аймгийн төвд 10-р анги дүүргэж 1984 онд Москва хотын Утга зохиолын дээд сургуульд суралцжээ. “Хойно” төгсч ирээд 1987 он хүртэл МЗЭ-ийн хорооны гадаад харилцааны хэлтэст орчуулагч-редактор, 1987-1990 онд “Утга зохиол, урлаг” сонины утга зохиолын ажилтан, 1990-1991онд ХААЯ-нд мэргэжлийн зохиолч, 1991-1996 онд Соёлын яамны харъяа Монголын Буддын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаад 1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.
Гэвч энэ бяцхан намтар бол билиг авъяаст эх оронч-найрагчийг тодорхойлж чадахгүй ээ. Тэрээр дөнгөж 23-хан насандаа 1980 онд өдгөө Монгол даяараа сонсон ухаажиж, уншиж саруусдаг хүний амьдралын утга учрыг гүн гүнзгий агаад эгэл сайхнаар тунхагласан “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” хэмээх алдарт шүлгээ бичиж байсан юм. Энэ шүлгийн тухай Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай өгүүлэхдээ “Энэ бол Дашбалбарын гүн ухаан юм. Энэ бол өнөөдрийн мэргэн тарни юм. Энэ бол шидэт үгсийн хураангуй юм” хэмээн бахархан бичсэн байдаг. Тэр шүлэг 23-хан настай Дашбалбарыг хойч үед нь алдаршуулаад өнгөрөх зөвхөн шүлэг төдий бус, сонссон хүн өөртөө шингээвэл аз жаргалын нууцад нэвтрэх “ид шид” бөлгөө. Ихэнх хүмүүс Дашбалбар хэмээх энэ түүхэн эрхмийг яруу найрагч, эх оронч, төр нийгмийн зүтгэлтэн байснаар нь сайн мэддэг. Харин шүлэг бичдэгээсээ дутахааргүйгээр чамгүй нямбай илтгэл бичдэг байсныг нь сайтар мэддэггүй болов уу. Тэрээр үг яриандаа шударга ёс, эрэмгий байдал, эх орны тусгаар тогтнол, бүсгүйчүүдийн ялдамхан инээмсэглэл, ерөөс ертөнцийн гоо үзэсгэлэн, гуниг баяр гээд олон зүйлийн өнгө аясыг шингээхийн зэрэгцээ буддын шашны үзэл санааг гэрэлтүүлэн түгээгч байжээ.
Монголын Зохиолчдын Хорооноос хэвлүүлсэн 108 ботийн 74-дүгээр дэвтрийн эхлэлд зохиолч Д. Цэнджав гуай 2000 оны 5 сарын 20-нд “Хувь заяаны дэнсэн дэх Очирбатын Дашбалбар” хэмээх дурсамжийн үгэндээ: “1979 оны хавар Ш.Сүрэнжав, Дашбалбар хэмээх гялалзсан нүдтэй, омголон шинжтэй, дультраадуу хэлтэй сэргэлэн хөвгүүнийг дагуулан ирж танилцуулан, - Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд явуулмаар байна... гэхчлэн тайлбарлах, ятгахыг зэрэгцүүлэн олныг өгүүлсэнсэн” хэмээн бичсэн байдаг. Тэр л дультраадуу хэлтэй сэргэлэн хөвгүүн нэг жилийн дараа амьд хүн амьддаа бие биенээ хайрлахуйн тухай домогт шүлгээ тунхагласан юм.
Илтгэх урлаг бол бусдыг байлдан дагуулж чадахуйн нэг л шижим юм. Тэгвэл хайр бол түүнээс хязгааргүй дахин хүчтэй нь билээ. Илтгэх урлагт суралцах боловсролын хойморт ямагт хайрлан дагуулахуйн сэнтий залаастай байж шударга ёсны олбог дэвсээтэй бол тийм урлаг цаг хугацааны ирт сэлэм, худал хуурмагийн зэвт суманд шархдан бөхийхгүй бөлгөө. Ингээд Очирбатын Дашбалбарт зориулах бодлын нэгэн цонх тань нээлттэй байхыг билэгдэж түүний хэлсэн онч мэргэн үгсийг сийрүүлэв. “...Би ялагдаж болохгүй гэдгээ сэтгэлийнхээ гүнд мэдэрч байлаа”
***
“Олон жижиг тулалдаанд би ялагдах бүр сүүлчийн том тулалдаанд ялах хүчээ авч байгаагаа мэдэрнэм” /Жич: Энэ уриа бол миний насан туршийн зарчим бөгөөд хорь хүрээгүй байхдаа хэлсэн энэ үг маань тохиолдсон бэрхшээл болгоныг давахад тус болсон юм/
Биеэ “би” гэж хайрлахаас Биш хүмүүсийн зовлонг үл хайхарна“Би зөв, та нар буруу” гэж...Билгүүний гэрэл унтарсан мунхагууд бодно.Өнөө цагийн араншин энэӨөрийн “би”-г бурхан шиг дээдэлнэ.Өрөөлийн “би”-г чөтгөр шиг гутаана.Ертөнц “би”-гээр дүүрэн байхадЕрдөө ганц л өөрийн “би”-дээ тэр итгэнэ.
“Анд минь чи цаг хугацааны гадна амьдрах ёстой. Чамд өнгөрсөн, одоо, ирээдүй цаг үгүй. Цаг хугацааг мөнх гэвч тэр нь бидний ойлголт юм. Чамайг алга болоход цаг хугацаа үгүй болно. Тодорхой хугацаанд оршигч биетүүдэд тасралтгүй үргэлжлэгч цаг мөнх мэт санагдана. Гэвч цаг хугацаа харьцангуй. Харин мөнхрөл бас цагаас гадуур юм. Хүн цагт бус харин мөнхрөлийн эцэс төгсгөлгүйд хөвөх ёстой.”
“Амьдрал учрал тохиолдлын сүлжээс бус, хувь заяагаар яг тохируулсан цагийн хэм юм. Тэгээд хүмүүс уулзах л цагтаа уулзаж, хагацах л өдрөө хагацаж, ер нь болж буй үйл явдал бүхэн тохиолдлоор бус, цаанаа нарийн учир холбоосоор нийлмэл байдаг.”
Амьдралыг бид маш өндөр үнээр худалдаж авдаг. Хүн төрөлхтөн үе үеэрээ үхэж байж, дараа үеэ төрүүлдэг. Бид газар дээгүүр алхаж явна. Өвөг дээдсийнхээ дээгүүр алхаж явна.Өвөг дээдэс минь газар болсон!
Урьд чи олон хүний өмнө хашгирах дуртайсан Одоо ганцаараа нам гүмд бодлогошрох болжээ!Маргааш жинхэнэ хүн болох зам чинь эхэлнэ!
Хэзээ чи жинхэнэ хайр сэтгэлд итгэхгүй,Түүнийг үлгэр гэж үздэг болно,Жинхэнэ нөхөрлөлд итгэхгүй, түүний тухай инээдэг болно, тэр цагт чи өөрөөсөө урваж, хүнээс амьтны зэрэгт хүртэл уналаа... гэж санагтун.
Бид эцэг эхээс зөвхөн нүцгэн бие төрдөг. Бид оюун санааны хувьд хоёр дахиа төрдөг. Олон хүмүүс хоёр дахь удаагаа төрж чадахгүй байна. Тийм хүмүүс бол морь, хулгана, хоньтой адил юм. Оюун санааны төрөлт бол хүнийг амьтнаас ялгаж өгдөг. Үүнээс үүдэж: Эгэл биеийг эцэг эх төрүүлнэ. Эрдэнэт оюуныг хүн өөрөө төрүүлнэ гэж бичиг сударт өгүүлжээ.
Амьддаа бие биенээ хайрла
Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийг харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл,
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно.
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадах чинь дуулна
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар бидэнд гэрлээ, ав адилхан түгээдэг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэг гэж ойлгоном
“Rhetorica буюу байлдан дагуулахуйн урлаг 2006”-номоос С.Эрдэнэболд, Б.Энхболд
No comments:
Post a Comment